Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТУНХАГ БИШ ТОДОРХОЙ АЖИЛ БОЛОХ САНАЛ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Ард иргэдээ нээлттэй сонсч, тэдний саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэх зорилготой “Шинэчилж шийдье-222” анхны нээлттэй уулзалтаас гарсан түгээмэл ач холбогдолтой саналуудын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг дэмжих тухай байсан юм. Иймд Шинэчлэлийн Засгийн газраас энэ чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнээр ахлуулсан энэ ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг шинэ шатанд гаргахад чиглэсэн тодорхой ажлуудын санал боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар ажиллаж байна. Холбогдох бүх яам, газрын төлөөлөл багтсан тус ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, салбар бүрт хэрэгжүүлж болох ажлуудын саналаа нэгтгэн Ерөнхий сайдад өчигдөр танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим иргэн байгаа бөгөөд тэдэнд төрийн халамж үйлчилгээнээс гадна нийгмийн бүх төрлийн харилцаанд ялгаваргүй оролцох боломж бүрдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн олон талт асуудлыг цогцоор нь шийдвэрлэх Үндэсний хөтөлбөр боловсруулах, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн төрийн оновчтой бодлого явуулахын тулд нарийвчилсан судалгаа хийх гэх мэт бодлогын чанартай саналыг ажлын хэсгээс дэвшүүлэн гаргасан байна.

Ажлын хэсгийн саналтай танилцаад Ерөнхий сайд “Бидний гол зорилго тунхагийн чанартай цаас гаргах биш богино хугацаанд үр бүтээлтэй ажил зохион байгуулах. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа гол гол бэрхшээлийг шийдвэрлэх арга хэмжээний саналыг та бүхнээс хүсч байна. Иргэдийн хамгийн түгээмэл үйлчлүүлдэг албан байгууллага, үйлчилгээний газруудад яг ямар өөрчлөлт хийх шаардлагатай байна, нийтийн тээврийн аль чиглэлд хэдэн автобусанд тусгай тоноглол хийх хэрэгтэй байна, тусгай сургалттай сургуулиудыг хэрхэн зохион байгуулах нь зүйтэй байна, төрийн үйлчилгээг ялгаваргүй хүргэхийн тулд аль шатанд ямар шинэчлэл хийх нь чухал байна гээд амьдрал дээр шууд хэрэгжих ажлуудыг зохион байгуулахад салбар дундын зохицуулалт хийж, Засгийн газраас шуурхай шийдвэрлэхийг зорьж байна. Энэ чиглэлийн асуудлуудыг нэгдсэн бодлогоор зангидах үүднээс ХАХНХЯ-ны бүтцэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс байгуулан ажиллуулж байгаа. Энэ хэлтсийн үндсэн чиг үүрэгт та бүхний дэвшүүлж буй ерөнхий бодлого төвлөрөн хэрэгжинэ” гэлээ.

Ийнхүү Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүд боловсруулсан саналаа дахин нягтлан нэгтгэхээр боллоо. Одоогийн нөхцөлдөө тохируулан авч хэрэгжүүлж болох тодорхой ажлууд, түүнчлэн зайлшгүй шинэчилж өөрчлөх шаардлагатай бодлого, зохицуулалтын хувилбаруудыг тусгахыг Ерөнхий сайд ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан