Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд цаг нь иртэл чадвараа нуун ихийг амжуулна


Хятадын коммунист намын төв сонин “Жэньмин жибао”-д “Их гүрэн болох замд Хятад улс бэрхшээлээс айхгүй” нэртэй нийтлэл гарчээ. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт удааширсан, зэргэлдээх улсуудтай газар нутгийн маргаан хийх болсон гээд БНХАУ дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Иймд нанхиад иргэд өнөөдөр явуулж байгаа гадаад бодлогодоо ямар дүгнэлт өгдгийг харах сонин. Ямар ч байсан нэг уншихад илүүдэхгүй.

“Өмнөд Хятадын ба Дор­нод Хятадын тэнгист өөрийн ашиг сонирхол, га­зар нутгийнхаа халдашгүй байдлыг хамгаалснаар Хятад улс өөрийн байр суурийг дэлхий нийтэд хүргэх итгэлтэй бөгөөд оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авсаар ирсэн. Филиппин улс Хуанъяньдао арлын асуудлыг ахин хөндөхөд Хятад санаачлагыг булаан авч эцсийн дүнд арлуудын хяналтаа нэмэгдүүлснээр өөрийн байр сууриа бүр бат­тай болгов. Вьетнамчууд Өм­нөд Хятадын тэнгист будлиан үүсгэж эхлэхэд Хятад улс итгэлтэй бөгөөд хүчирхэг сөрөг цохилт өгч Саньша хотыг байгуулж, Наньша арлуудын хүрээнд газрын тос, шатдаг хийн орд газар хайх тендер дотооддоо зарласан. Японы Зас­гийн газрын зүгээс явуулсан өдөөн хатгалгатай тулсан Хя­тадын Засгийн газар байр суу­риа тууштай батжуулж, шат дараалсан арга хэмжээ авч, Дяоюйдао арлуудын газар нутгийн тусгаар байдлыг хамгаалан үлдсэнээр бүс нутаг дахь нөхцөл байдалд Японоос үзүүлэх нөлөө боломжийг хязгаарлалаа. 

Манай улсын далайн нутагт болж байгаа энэ бүх асуудал бол биднийг өсөн дэгжихэд үүсч байгаа саад. Давж гарах ёстой бэрхшээл юм. Өсөлтийн шатанд орсон бид бусад гүрнүүдэд дээрэлхүүлдэг сул дорой улсын байдлаас гарч чадсан ч бусад их гүрэн шиг хүч хэрэглэх замд ороогүй. Бид энх тайвнаар хөгжих гэсэн өөрийн замаа сонгосон. Энх тайвнаар хөгжих нь хамгийн зохистой зам ч гэлээ багагүй саад тулгарч байна. Хятад улс өндийж байгаа ч арай босч чадаагүй, хүч орж байгаа ч бүр хүчтэй болоогүй энэ цагт эдгээр саад бэрхшээл их хүчтэй мэдрэгдэж байна. Тулгарч байгаа саадыг давах бидний боломж  тэлж байгаа ч олон улсын тавцанд биднийг ороох гэсэн хүч ч хүрээгээ тэлсээр.
Хятад их гүрэн болохын тулд “Цаг нь болтол чад­ва­раа нуун сүүдэрт үлдэж ихийг амжуулах” гэсэн урт хугацааны бодлого явуулж байна. Энэ стратегийн гол зангидагч нь бүх хүчээ хөгжилд зарцуулах явдал юм. Хятадын нөөц боломж өсөхийн хэрээр бид олон улсын тавцанд том гүрэн гэдгээ мэдэрч, илүү их хариуцлага хүлээхийн зэрэгцээ өөрийн ашиг сонирхлоо илүү идэвхтэй хамгаалах замаар “Хүчээ тасралтгүй хуримтлуулж ихийг бүтээх” стратегийн санааг улам хөгжүүлж байна.

Улсын нийт хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдсэн ч хөгжингүй орнуудын түвшинээс тодорхой хоцрогдолтой бай­гаа. Манай улс дэлхий да­хинаа илүү нөлөөтэй болсон ч хүчний харьцаанд шийд­вэр­лэх өөрчлөлт ороогүй. Ийм  нөх­цөл байдалд бид хэнээс ч айж, бэргэлгүйгээр хүчээ хуримтлуулан өөрийн нөөц боломжоо тэлэх ёстой. Ингэж чадвал ямар ч саад бэрхшээл биднийг айлгаж чадахгүй болно. Гэсэн хэдий ч орчин үед Хятад улс өөрийн цэрэг зэвсгийн нөлөө ба хамтын ажиллагааны боломж хоё­рыг адил тэнцүүгээр эрс шийдэмгий ашиглаж байх хэрэгтэй. Бид эдийн засгийн болон цэрэг зэвсгийн бодит хүчин чадал дээрээ тулгуурлаж, зохистой, ашигтай ба хууль ёст байдлын зарч­­муудаар удирдлага хийж дэлхий дахинд гадаад бодлогынхоо чиг хандлага, зо­рилгыг мэдрүүлэн ухам­сарлуулах ёстой.

БНХАУ заавал хөгжил цэцэглэлд хүрнэ, энэ замд биднийг юу ч зогсоож чадахгүй гэсэн энгийн санааг дэлхий дахин ойлгомжтой бөгөөд тодорхой хүргэх ёстой. Бид энх тайвны замаар хөгжиж яваа ч өөрсдөө хэнд ч заналхийлэхгүй бас аль нэг улсын заналхийлэхийг тэвчихгүй. Хамтын ажиллагаа, соёлын солилцооны саналуудыг уухай­лан хүлээж авах ч өөрийн амин чухал ашиг сонирхлыг тууштай хамгаалж байгаа явдалд гайхах зүйл огт байхгүй.

Хөгжлийн энэ шатанд бид олон улсын ямар нэгэн маргаантай таарахдаа “нөхцөл байдал” ба “арга хэмжээ” гэсэн хоёр үгийг ямагт бат санаж байх ёстой. Тухайн нэг тохиолдолд юу нь бидний үйл хэрэгт ашигтай вэ гэдгийг сайтар ухамсарлан зөвхөн энэ чиглэлд ажиллах хэрэгтэй.  Хэрэв арга хэмжээ авах шаардлагатай бол алгуурлах ёсгүй. Ер нь, хохирол үл амсах нь хамгийн төгс хувилбар ч гэлээ бодит байдал дээр бараг боломжгүй. Ямар нэг зүйлийг алдахаас айсандаа хөдлөхгүй байх нь хэмжээ хязгаараа мэдрэх бус харин эр зоригийн асуудал юм. Мөнхүү түр зуурын бэрхшээлээс айх хэрэггүй. Харин хаанаа ямар газар чармайлт гаргавал хөгжин дээшлэх замаасаа гарахгүй байх вэ гэдгийг ойлгож ухамсарлах хэрэгтэй.

Өнөөдөр бид манай тэнги­сийн уудамд үүссэн олон асуудалтай тулгараад байгаа. Тэднийг яаж шийдэх, ямар хариу ба­рих ёстой вэ? Энэ бол манай улс заавал суралцаж авах ёстой зүйл. Өмнөд Хятад ба Зүүн Хятадын тэн­гис­тэй холбоотой маргаануудын тухайд гэвэл тэнд цогц арга хэмжээ авах бодлогыг баримтлах хэрэгтэй. Яг үүгээр Хятадын хил явж байгаа болохоор нэг сөөмийг ч өгөхгүй тэмцэнэ гээд тэнгисээр тод хил татах ёстой. Хэрэв маргалдаж байгаа тал ухрахгүй байвал урьдын адил маргааныг хойш тавин асуудлыг хэлэлцээрээр шийдэх бодлогоо дагасан нь дээр. Хэрэв аль нэгэн улс өдөөн хатгалга явуулж, үзэл бодлоо бидэнд тулгах гэж оролдвол нэн даруй шийдэмгий сөрөг довтолгоо хийгээд дайснаа ахиж өдөөн хатгалга хийхэд ашиг­­гүй байдалд оруулах хэрэгтэй. Ингээд тэр улсыг эхлээд бэрхшээлийн өмнө зогсоож дараа нь буулт хийх байдалд оруулах юм.  Харин үүний дараа аль нэг улс Хятадтай тогтоосон харилцаа, бүс нутаг дахь хамтын ажиллагааг үл тоон ямар нэг маргаан дахин сөхвөл бид түүнтэй дурын төвшин, дурын салбарт хүчээ үзэлцэх бяртай, хүсэлтэй, хөрөнгөтэй байх болно. Улс төрийн бодлого, дипломат харилцаа, эдийн засаг, нөөц боломж, цэргийн хүч гээд ялалт ямар ч тохиолдолд БНХАУ-ын талд байна. Бэрхшээлээс айж балмагдаагүй цагт л их амжилтанд хүрч болно. Энэ бол 2012 онд бидний авсан сургамж юм.”

Нэг иймэрхүү. Ирээдүйд ч эвгүйтэх бололтой. Та юу гэж бодож байна?

0 Сэтгэгдэл
Mongol gej baihgui blohiin tsondon l haragdaj bna!
Хамгийн их уншсан