Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН 80 ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханаас хөрөнгө, орлого болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй төрийн албан тушаалтнуудтай холбоотой цөөн зүйлийг тодрууллаа.

-Төрийн албан тушаалтнууд хөрөнгө, орлого болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ шинэчилж гаргасан. Нэгдсэн дүн гаргахад 96 хүн мэдүүлгээ өгөөгүй байсан. Тэдэнд хариуцлага тооцуулах шийдвэрээ холбогдох байгууллагад хүргүүлсэн үү?
-Хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй 96 албан тушаалтны 80 нь аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгч. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Тийм болохоор төлөөлөгчдийн зарим нь ийш тийшээ нүүж шилжсэн, гадаад дотоодод явсан шалтгаантай байсан. Тэдний дунд мэдүүлгээ өгөхөөс татгалзсан нь ч бий. Иргэдийн төлөөлөгч гэдэг нь нийтийн албан тушаал. Төлөөлөгчөөр дамжиж нийтийн эрх ашгийн төлөө зарим шийдвэр гарч байгаа. Тиймээс тэд хуулиа сахих ёстой. Бид хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй хүмүүст хариуцлага тооцуулах шийдвэрээ тухайн аймаг, сумын ИТХ-д хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл, 96 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар 27 нь байгууллагад хандсан. Авлигын эсрэг хуульд АТГ-ын гаргасан шийдвэрийг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлж, хугацаанд нь хариу өгнө гэж заасан байгаа. 

-Тэднээс хариу өгсөн нь бий юү?
-Одоогоор нэг ч байгууллагаас хариу ирээгүй байна. Хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусна. Тэгэхээр ирэх долоо хоногт ямар хариуцлага тооцсон нь тодорхой болно. 

-Ямар хариуцлага тооцох ёстой билээ?
-Албан тушаалыг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцох хуулийн заалттай.

-Зарим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ гаргахаас татгалзсан гэлээ. Шалтгаан нь...?
-Янз бүрийн шалтгаан байна. Би ИТХ-д дахин сонгогдох сонирхолгүй байна. Эсвэл өөр аймагт шилжиж байна гэх мэт шалтгаан тооцсон нь бий. Хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаагүй бусад албан тушаалтны хувьд Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой.

-Хөрөнгө, орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй хүмүүсийг нэрлэж болох уу?
-Хариуцлага тооцуулах гэж буй хүмүүсийн нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлачихаар нэр хүндээрээ дахин нэг шийтгэл хүлээх асуудал гарах учраас бид үүнд болгоомжтой хандаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан