Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКААС ТҮҮСЭН “ЧУЛУУ” аян замын тэмдэглэл-3

Зугаа цэнгэл, гэрлээр дүүрэн Таймс-Сквер

Нью-Йоркийн Манхэттен дүүрэг.  Дүүргийн төвд орших долдугаар авеню 42-47 дугаар гудамжийг Таймс-Сквер гэнэ. Хөл хөдөлгөөн тасардаггүй энэ гудамжинд дэлхийн томоохон брэндийн дэлгүүр, худалдаа, үзвэр үйлчилгээний газрууд бий. Нью-Йоркт ирснийх алдарт Таймс-Сквер гудамжаар орохгүй явна гэж үгүй. Хэдий орой болсон ч энэ гудамжинд амьдрал буцална. Хүүхэлдэйн баатрын хувцас өмссөн хэн нэгэн хажуунаас чангааж хамт зураг авахуулахыг санал болгоно. Түргэн хоолны газрууд нь уртаас урт дараалалтай. Энд тэнд зураг зуруулж, зургаа авахуулсан хүмүүс дүүрэн. Юу юугүй давхиад ирэх машин үгүй тул тааваараа гэрлэн чимэглэл,сурталчилгааны самбар, Броудвейн театруудад тавигдаж байгаа дуулалт жүжгийн зарлалыг харсаар нэг үзүүрээс нөгөөг нь хүртэл тун хөгжилтэй алхчихна.


ЗУГАА ЦЭНГЭЛ, ГЭРЛЭЭР ДҮҮРЭН ТАЙМС-СКВЕР

Багадаа 150 ам.доллар байдаг Броудвейн театрын билетийг эртхэн захиалахгүй л бол ганц хоёр хоногийн явуулын бидэнд олдоод байхгүй юм билээ.  
Энд “Нью-Йорк Таймс” сонины төв офисс анх байгуулагдсан учраас Таймс-Сквер гэж нэрлэжээ. 19 дүгээр зуунд Морен Скот гэгчийн эдлэн байсан энэ газарт 1904 онд Адольф Очс өөрийн сонины редакцыг байгуулахаар болж, тухайн үеийн Нью-Йоркийн захирагчийг метроны станц байгуулах, гудамжаа Таймс-Сквер гэж нэрлэхийг ятгаснаар энэ гудамж үүссэн гэдэг. Тун удалгүй Нью-Йоркийн соёл урлагийн төв болж, өндөр зэрэглэлийн зочид буудал, театрууд байгуулагдсан аж.
Энэ гудамжинд зар сурталчилгааны самбар байрлуулна гэдэг манайхны хэлдгээр тэнгэрийн умдаг атгана гэсэн үг. 2000 оны нэгдүгээр сард НАСДАК 43 дугаар гудамжинд нь самбар байрлуулах эрхийг 37 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд одоо жил бүр хоёр сая ам.доллар төлдөг гэнэ. 2002 онд Нью-Йоркийн мэрээр Блумберг томилогдоход энд 500 мянган хүн цугласан байна. Тэгэхээр Таймс-Сквер бол Нью-Йоркийн хамгийн том өнгө төрх. Оройхон болохоор том том хар ууттай хогоо үүдэндээ гаргаж тавьдаг америк зуршил энд ч ялгаагүй үйлчилнэ. Дээрээс нь бидний кинонд л гардаг байх гэж итгэдэг гуйлгачин цөөнгүй харагдана. Тойруулаад хогийн уут тавьчихсан хоёрдогч түүхий эдийг хогийн машин ирэхээс өмнө амжин ялгаж байгаа бололтой.

 Бидний сайн мэдэх  Уилл Смитийн тоглосон “ Би домог”, хүүхэлдэйн “Мадагаскар” зэрэг киноноос энэ гудамжийг ерөнхийд нь хардаг. Броудвейн театрууд гудамжны үзүүрт оршдог болоод ч тэр үү энд дуулж, бүжиглэж, жүжиглэх эрх чөлөөг хэн дуртай нь эдэлж байгаа харагдана.
Дэлгүүрүүд нь үндсэндээ Нью-Йоркийн бэлгэ тэмдэг болсон зүйлсээр дүүрэн.
Нью-Йоркийн зугаа цэнгэлийн дүүрэг гэж нэрлэж болох Таймс-Скверт цэнгээний газарт нь голдуу орос, бразиль бүсгүйчүүд ажилладаг аж. Орос бүсгүйчүүдтэй цөөнгүй удаа тааралдах юм билээ.


ҮНДЭСНИЙ ГАЗАР ЗҮЙН НИЙГЭМЛЭГ МОНГОЛД,
МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ГАЗАР ЗҮЙН НИЙГЭМЛЭГТ


Нью-Йоркоос хоёр цаг гаруй галт тэргээр явж АНУ-ын нийслэл Вашингтонд ирлээ. Шахуу хөтөлбөртэй байсан учраас бидний анхны зочилсон газар бол Үндэсний газар зүйн хүрээлэн буюу National Geographic Society.
Тус сэтгүүлийн ерөн­хий редактор Крис Жонс Монгол Улсын Ерөн­­хийлөгчийг угтан сэтгүүлийнхээ та­лаар товчхон та­нил­­цуулаад тус сэт­­­­гүүлээс алдарт Жеймс Каме­рон­тай хамтран бүтээ­сэн усан доогуурхи амьд­ралд нэв­тэрсэн тухай 3D киног үзүүлэв. “Би яг л сансарт нэг хоног нис­сэн мэт хүн тө­рөлхтөнөөс бүрэн тусгаарлагдсан. Үнэхээр зүүд шиг л байсан шүү” энэ бол Марианы цүнхлийн гүнээс эргэж ирээд Жеймс Камероны хэлсэн анхны үг. Жеймс Камерон өөрөө төсөв хөрөнгийг нь гаргаж 70 сая ам.доллараар бүтээсэн усан доогуур шумбагчийнхаа тус­ламж­тайгаар гурав­дугаар сарын сүүлээр дэлхий дээрх далайн хамгийн гүн цэг Марианы цүнхэл рүү шумбасан. Тэрээр дэлхийн урлагийн түүхэнд хамгийн их ашиг олсон хүн нь учраас би улсаас гуйхгүй шүү гэдгээ л баталсан нь энэ байж. Тэрээр “Deep Sea Challenger” нэртэй батискафаар анх удаа шумбасан хүн нь.

Үүний өмнө Ж.Камерон нь асар гүнд шумбах чадвартай Оросын “Мир” нэртэй онгоц буюу батискафуудыг ашиглаж байсан билээ. Тэрээр эдгээр батискафын тусламжтайгаар далайн гүнд орж сөнөсөн “Титаник”-ийн зургийг авч байсан юм. Мөн дараа нь “Мир” батискафаар Байгаль нуурын гүнд шумбаж үзсэн. Монголын Ерөнхийлөгч ч энэ батискафаар Байгаль нуурын гүнд шумбаж байсан юм. Тэгэхэд Камерон тусгайлан баяр хүргэсэн билээ.
Бид Үндэсний газар зүйн хүрээлэнгийн лаборатороор орохдоо түүний киноны зурганд ашигласан зарим тоног төхөөрөмжийг үзэж сонирхон мөн кинонд нь хамт явсан хүнтэй ч уулзлаа. Жеймс Камерон ч Монголд “нүд унагаж” байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрээр ирэх жилээс Монголд ирж, бөөгийн шашны талаар мэдээлэл цуглуулахыг хүсч буйгаа албан ёсоор илэрхийлсэн учраас түүнтэй Монголд уулзах өдрийг хүлээе.

Үндэсний газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд байгаль дэлхий дээр оршин буй бүхний цаад учрын ард аль хэдийнэ гарчээ. Одоо тэдэнд эх дэлхий, далай тэнгисийн гүн рүү судалгаа хийх болоод хүн төрөлхтөний цаад мөн чанарын ард гарах л үлдэж.
8.9 сая гишүүнтэй тус байгууллагын суурийг 1888 онд 33 судлаач тавьж, боловсрол шинжлэх ухааны томоохон ашгийн бус байгууллага болгон өргөжүүлсээр иржээ. Нийтлэлч А.Цэрэнжавын бичсэнээр манай улс тус сэтгүүлийн хавтасыг 1962, 1996 онд хоёр удаа “чимсэн” байх юм.

Монгол Улс тус сэтгүүлийн  нэг сэдэв байсаар ирсэн шүү гэдгийг батлах мэт 11 сая мэдээллийн сан бүхий архивын үйл ажиллагаатай танилцахад бидэнд зориулан Монголын өнгөрсөн зууны түүхийн ховор нандин гэрэл зургуудыг дэлгэсэн байлаа. Тус нийгэмлэгийн архивч Билл Боннер 1920-1930-аад оны эдгээр гэрэл зургийн цөөхөн нь л сэтгүүлд хэвлэгдсэн талаар яриад  өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол орны тухай нийтэлж байсан тухай өгүүлэв. Биднийг “National Geographic”-т зочилсон тэр өдөр Монголд тус сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэн гарч буйгаа албан ёсоор зарлаж байлаа. Дэлхийн 33 хэлээр уншдаг байсан сэтгүүлийг монгол хэл дээрээ хэвлэн гаргах эрхийг “Ирмүүн” агентлаг авчээ.

Жил бүр шалгаруулдаг шилдэг гэрэл зургуудаа ханандаа залсан “National Geographic”-т сонсох үзэх зүйл их юм. Тус нийгэмлэгээс гараад Смитсонионы хүрээлэнг зорив. 142 сая үзмэр, 16 цогцолбор музейтэй энэхүү хүрээлэнгийн эрдэмтэд Монголд цөөнгүй судалгаа шинжилгээний ажил хийсэн бас хийж байгаа юм билээ. Дийлэнх нь  археологид чиглэсэн судалгаа шинжилгээ учраас энэ талаараа эрдэмтэд тун чамбай танилцуулга бэлтгэжээ. Тус хүрээлэнгийн урд талбайд жил бүр дэлхийн улс орнууд өөрийн нэрийн фестиваль зохион байгуулдаг. 2015 онд “Smithsonian Folklife festival”-ыг Монголыг сурталчлахад зориулах аж. Монголын соёлын өв, уламжлалт зан заншлыг сурталчлах  өдрүүдийг Вашингтон хотноо зохион байгуулснаар “ Бяцхан Монгол улс” энэ өдрүүдэд Вашингтонд өөрийн гэсэн орон зайг буй болгох юм.


0 Сэтгэгдэл
ТИЙМ ГЭЖ ҮҮ?
Хамгийн их уншсан