Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮР АШИГГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОГСООНО

Иргэдийн татвараар бий болдог төсвийн хөрөнгөөр үрэлгэн төсөв боловсруулж, хийж буй хөрөнгө оруулалт нь ард түмэнд өгөөжөө өгөхгүй байгаа. Энэ асуудалтай шинэчлэлийн Засгийн газрынхан нийслэл болон хөдөө орон нутагт ажиллах үеэрээ танилцсан. Тиймээс ч сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт зохион бай­гуулдаг “Шинэчилж шийдье-222” уламжлалт уулзалтаараа энэхүү сэдвийг хөндөж, иргэдэд өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх арга замыг хайлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэ­дэх “Иргэний танхим”-д болсон уг хэлэл­цүүлэгт 60 гаруй иргэн оролц­соноос 20 нь үг хэлж, санал бодлоо илэр­хийлсэн юм. Мөн хэлэл­цүүлэг болохоос өмнө цахим хуудсаар дамжуулан 108 иргэн саналаа ирүүлжээ. Иргэдийнхээ саналыг сонссоны дараа Ерөнхий сайд зургаан асуудалд анхаарч ажиллан, ирэх сард болох хэлэлцүүлгийн үеэр тайлагнахаар боллоо. Төсвийн хөрөнгө авчихаад ажлын гүйцэтгэл муу, дутуу байгаа болон хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, мөнгө нэмж шаардсан компаниуд цөөнгүй. Ийм аж ахуйн нэг­жийн удирдлагуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал хэд хэдэн хүнээс гарсан юм. Үүнээс гадна “Архангайн тоосгоны үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлээч”, “Сүүний аж ахуйг дэм­жээч ээ” гэсэн саналыг Ерөн­хий сайд анхаарч ажил­лахаа илэрхийлэв. Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагаан­нуурын чиглэлд баригдаж буй 40 км автозамын ажлыг “Алтайн зам” ХК хоёр жилийн турш гүйцэтгэж байгаа. Санхүүжилтийнхээ 80 хувийг авчихсан атал гүйцэтгэл нь ердөө 60 хувьтай яваа төдийгүй энэ жилдээ багтан ашиглалтад оруулж амжихгүй гэж байгаа аж. Энэ мэтчилэн бүтээн байгуулалт, дэд бүтцэд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч ашиглалтад ороогүй 100 гаруй барилга байгуу­ламж, зам талбай байна. Тиймээс ч үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт хийгээд байгаад шинэчлэл хийхээс аргагүй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо.

Нийслэлийн Хан-Уул дүү­рэгт баригдаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдрийн байд­лаар 16 тэрбум төгрөг авчихсан. Гэтэл уг барилга бүрэн ашиглалтад ороогүй л байна. Баригдаад дууссан ч хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй. Учир нь, цэвэр ус, бохирын шугам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдээгүй юм байна. Энэ мэт жишээг Ерөнхий сайд дурдаад хүний төлөө хөрөнгө оруулалт хийдэг биш, өндөр үнэтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх байшин, сав зам талбай барихын төлөөх уралдааныг Засгийн газар таслан зогсооно гэж мэдэгдэв. Тиймээс өнөөдрөөс эхлэн улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхаар болж цэг тавьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан