Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ЗОВЛОНГОО ТООЧИВ


УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, МҮХАҮТ-тай хамтран “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын тэргүүн С.Дэмбэрэл болон бизнес эрхлэгч 20 гаруй эмэгтэй оролцлоо. Тэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг гол бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцов.


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн захиас

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг төрд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэх, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчинг таатай болгох талд анхаарч ажиллах юм байна. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн эгнээнээс улс төрд орж ирсэн учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар энэ ажилд голлон оролцохоо илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэг бизнес эрхлэгч эмэгтэй­чүүдэд хандан “Өнгөрсөн 22 жилийн хугацаанд бизнесийн салбар төрийн оролцоогүйгээр хөгжиж ирсэн. Төр бизнес эрхлэгчдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн оронд гай болдог байсан гэхэд буруудахгүй. Монголд бизнесээ томруулж, олигтой хөгжүүлэх орчин байхгүй. Тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэх орчин бүрдээгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд жижиг бизнесийг дунд, дунд бизнесийг томоохон болгох орчин хөрс бүрдүүлэхийн төлөө ажиллана байх. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань зоригтой байгаарай. Зөвхөн хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэлд хүчээ үзэхээс гадна барилга, уул уурхайн салбарт ч оролцох хэрэгтэй гэдгийг захимаар байна” гэлээ.


Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг бэрхшээл

МҮХАҮТ-д 3000 гаруй ком­пани, аж ахуйн нэгж гишүүнчлэлтэй. Үүний 250-ийнх нь захирал эмэгтэй юм байна. Тэд ихэвчлэн жижиг, дунд, бичил бизнес эрхэлдэг. Тус танхимаас Монголд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлүүлэхийн тулд хэд хэдэн хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар зэхэж буй гэнэ. Томоохон бизнес эрхлэг­чийн цаана гадаадын хөрөнгө оруулалт байдаг бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд тийм биш. Тэд бүх асуудлаа бор зүрхээрээ шийдвэрлэж явдаг улс. Татвар, ажилчдын нийгмийн даатгал, цахилгаан, дулааны мөнгө төлөхөөс эхлээд л бэрхшээл тулгардаг гэнэ. Аргаа барахдаа энэ бүхнээс бултаж, орон сууц, гэр орондоо үйлдвэрлэлээ явуулах нь энүүхэнд. Тэдэнд тулгардаг бас нэг гол асуудал бол хүний нөөц гэдгийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр хэлж байв. Нэг хүн ажилд авлаа гэхэд нөгөөдөх нь тогтвор суурьшилтай ажилладаггүй. Цалин мөнгийг нь голдог. Төрийн албан хаагч­дын цалинг нэмэх тоолонд хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгддэг. Төрөөс ямар ч тусламж дэмжлэг олго­доггүй. Тухайлбал, төрийн албан хаагчдад олгож буй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд ажилчдаа хам­руу­лах гэхээр хувийн хэвш­­лийнхэн баталгаагүй, нийг­мийн даатгал төлдөггүй гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлдэг гэлээ.


Тэд ийм санал гаргав

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тулгарч буй бэрхшээлээ шийд­вэрлүүлэхийн тулд цөөнгүй санал гаргав. Тухайлбал, “Хатан сүлжээ” компанийн захи­рал Б.Бадамханд Хөдөл­мөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан юм. Ажил олгогч маш их эрсдэл үүрдэг. Үүнийг зүйл заалт болгон хуульд тусгуулах шаардлагатай гэнэ. Монголд ажилгүй хүн олон байгаа. Тэднийг ажилтай орлоготой болгохын тулд ажлын өдрийг зургаа болгох шаардлагатай байгааг ч тэрээр хэлсэн юм. Тогтвор суурьшилтай ажилладаггүй хүмүү­сийг цахим хэлбэрээр үнэмлэхжүүлэх шаардлагатай асуудлыг ч хөндөв. 18-38 насны залуусыг гадаад руу хар ажил хийлгэхээр явуулахыг болиулж, дотооддоо ажлын байраар хангах, орчин нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байв.
Жижиг, дунд үйлдвэр эрх­лэгчдийн олонхи нь ажилчдаа тогтвор суурьшилтай ажил­луулахын тулд тэдэнд дэмжлэг, урамшуулал үзүүлэхэд төрийн туслалцаа авмаар байна гэдгээ илэрхийлж байлаа. Ядаж л ажилтнаа орон сууцны зээлд хамруулах гэтэл биднийг ху­вийн хэвшлийнхэн гэж гадуурхдаг. Үүнд анхаарч өгөөч гэж УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан юм. Харин эмэгтэй гишүүдийн бүлэг тэдний саналыг бичгээр авч, шийдвэр гаргах төвшнийхөнд уламжилна, шийдвэрлүүлнэ гэдгээ ч амласан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан