Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.НЯМДОРЖ: ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГАА Н.АЛТАНХУЯГИЙГ ӨРӨВДӨЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос дараахь асуултад хариу авлаа.

-Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гаргасан. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан өмнө нь болохоор ямар байр суурьтай байна вэ?
-2010, 2011, 2012 оны төсвийн хуулиар батлагдчихсан зүйлийг Засгийн газар өөрчилж чадахгүй л дээ. Энэ эмнэлгийн байрыг УИХ-ын шинэ байр болгоно ч гэсэн яриа гарсан байна. Намайг УИХ-ын дарга байхад байрны өргөтгөлд 13 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Яагаад 20 жилийн хугацаанд төр ганц олигтой эмнэлэг барьж болдоггүй юм бэ. Эмнэлэг барих гэхээр УИХ, Засгийн газар яагаад хутгалдаад байгаа юм. Яаманд эмнэлэг хэрэггүй юм бол төрөх эмнэлэг болгочих. Дарга нарын оффис багадаагүй ээ. Хууль зүйн яамны байрыг би сайд байхдаа хангалттай зассан.
Намайг 1981 онд төгсөөд ирэхэд Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх одоогийн Ерөнхий прокурорын байранд  багтаад ажилладаг л байсан. Түүнээс хойш прокурор, шүүгчдийн тоо нэмэгдээгүй. Гэтэл тэр эмнэлэг 100 мянган хүнд үйлчилгээ үзүүлнэ шүү дээ. Дээрээс нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон. Иргэд гадаадад явж эмчилгээ хийлгэх бус эх орондоо, Улаанбаатар хотод яагаад эмчлүүлж болдоггүй юм бэ. Би сайд байхдаа хүмүүс явуулж Японы гурван эмнэлгээр оруулж танилцуулсан. Мөн Засгийн газраас хөрөнгийг нь шийдээд MRI аппарат авч өгсөн. Тэр бүхнийг суурилуулчихсан шүү дээ. Эхлүүлсэн болохоор дуусгах санаатай байдаг юм.
-Сүүлийн үед МАН, МАХН хоёр нэгдэх нь гэсэн “бор шувуу” нисэх боллоо?
-Надад энэ талаар мэдээлэл алга.
-Хэрэв нэгдвэл яах вэ. Та хэрхэн хүлээж авах бол?
-Угтаа энэ хоёр чинь нэг л нам шүү дээ. МАН байхгүй юу даа. Хуулийн хэлээр яривал МАХН гэдэг товчлолыг Н.Энхбаяр хулгайлж авсан байхгүй юу.
-МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан байсан. Ямар асуудлаар уулзсан тухай мэдээлэл байна уу?
-Энэ тухай мэдээгүй. Намайг байхгүй хойгуур л уулзсан гэсэн.  Ер нь, яагаад уулзаж болохгүй гэж. Уулзаж болно. Улс төр ойлголцож байж л явдаг юм. Миний хувьд Н.Энхбаяртай аль эрт харилцаагаа тасалсан. УИХ дарга байхдаа “Та бид хоёрын хамтын ажиллагаа дуусч байгаа юм байна “Баяртай” гэсэн. Гэхдээ М.Энхсайхан явдалтай шүү. Болгоомжтой байгаарай” гэж хэлсэн юм шүү. Гэтэл өнөөдөр яаж байна. Миний хэлснээр болж байгаа биз дээ.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын харилцаанаас үүдээд “Шударга ёс” эвсэл задрах нь гэсэн мэдээлэл гарах боллоо. Хэрэв эвсэл задарвал энэ Засгийн хувь заяа эвгүйтэх байх. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Эвсэл задрах үгүйг би мэдэхгүй. Надад Засгийн газрын бүх томилгоо шантаажаар явж байгаа нь л харагдаж байна. АН доторхи фракцууд бие биеэ шантаажилж байна. Нэгдүгээр шантааж нь энэ. Хоёрдугаар шантааж нь АН, “Шударга ёс” эвслийн хоорондох. Гурав дахь нь“Шударга ёс” эвсэл доторхи шантааж. “Шударга ёс” эвсэлд сайдын дөрвөн суудал ногдож, хоёр хоёроор нь авахаар төлөвлөчихсөн байсан. Гэтэл байдал өөрчлөгдөхөөр МАХН нь М.Энхсайханаа шантаажилж УИХ-ын дэд даргаа голж Ч.Улааныг Сангийн сайд болгосон. Төрийн бүх ажил иймэрхүү шантаажаар явж байгаад харамсч байна. Энэ бол барьцаалагдсан төр засаг.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүнийх нь хувьд өрөвдөж байна. Миний тэрийг сайд болгоод өгөөч, Төрийн нарийн бичгийн дарга болгож өгөөч гэсэн шантааж баруун, солгойгүй, өдөр, шөнөгүй ирж байгаа. Хамгийн гол нь, төрийн боловсон хүчний бодлого алдагдаж байгаад харамсч байна. Төрийн албан хаагчийн ширээний ард сууж үзээгүй хүмүүс яамны удирдлагын багт орж байна шүү дээ. Бодоод үз дээ. Нэг ч өдөр төрийн албанд зүтгэж үзээгүй, Төрийн ордонд орж ирээд хүн олохооргүй хүмүүс дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болчихлоо. Яамандаа арван жил мэргэжлээрээ ажиллаж газрын дарга болсон Төрийн нарий бичгийн дарга, дэд сайдын төвшинд хүрсэн хүнийг томилсон бол би алга таших байсан. Өөр намынх байсан ч хамаагүй. Ингэж томилгоо хийж болохгүй ээ.
Энэ байдлаас болж төрийн албан хаагчид айдастай байна шүү дээ. Хэзээ, хаанаас, ямар компанийн захирал ирээд биднийг ажилгүй болгочих бол гэсэн айдастай болчихож. Харин нэг л томилгоог таатайгаар хүлээж авлаа. Улаанбаатар төмөр замын даргаар салбартаа 20 жил инженер хийсэн Сэрээнэндоржийг томилсонд баярлаж байна. Ашгүй дээ гэж хүлээж авснаа нуугаад яахав.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан