Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ГАНЦЭЦЭГ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДААТГУУЛАГЧ ЖИЛД САЯ 328 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ЭРХТЭЙ

Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг ч даатгалын үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө даатгуулагчийн эрхийг хамгаалсан заалтууд оруулсан.  Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын хяналт санхүүжилтын газрын дарга Ц. Ганцэцэгтэй   ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа гэсэн. Энд даатгуулагчийн эрхийг  хамгаалсан ямар заалтууд нэмэгдэн орсон вэ?
-Одоогоор иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгад даатгуулагч болон холбогдох байгууллагуудаас санал авч байна. Энэ хуулийг хараахан батлаагүй байгаа.
-Тэгвэл хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхөөр хэд хэдэн заалт оруулсан. Тухайлбал, даатгалынхаа шимтгэлийг төлөөд явж байгаа даатгуулагч гурван жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орно. Мөн  тухайн хүн өөрөө  өвдөөгүй ч гэсэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж нь нээгдэх юм. Харин одоо мөрдөгдөж байгаа хуулиар дараалсан гурван жилийн хугацаанд даатгуулагч шимтгэлээ тогтмол төлөөд ямар нэгэн зардал гаргаагүй бол нэг удаа бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрх бий.
-Иргэн ”Х”  Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Харин “У“ хамрагдаагүй. Энэ хоёр хүн эмнэлэгийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Даатгуулсан иргэний хувьд ямар давуу эрх эдлэх бол?
-Энд маш том ялгаа бий. Хэрэв би эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй бол эмнэлгийн бүх үйлчилгээг төлбөртэй авна. Харин даатгалтай иргэн  төлбөрөөс нэлээд хөнгөлөлт эдэлнэ. Жилдээ хамгийн дээд тал нь сая 328 мянган төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авна. Тухайлбал,  даатгуулагч “Х” Килиникийн гуравдугаар эмнэлэгт цөсний мэс засал хийлгэн хэвтэн эмчлүүлэхээр болсон тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээний зардалд 424 мянга 368 мянган төгрөг.  Даатгуулагч үүний 15 хувь буюу 63 мянга 650 төгрөгийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдэх 360 мянга 718 /424 мянга 368 - 63 мянга 650/  төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлнө.
-Өвчтөн даатгалтай байсан ч хувийн эмнэлгүүд ямар  нэгэн  хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа шүү дээ. Үүнийг шинэ хуулиар зохицуулна гэж байсан. Энэ тухайд?
-Сонгон шалгаруулалтад орж магадлан итгэмжлэгдсэн 137 хувийн эмнэлэг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийсэн. Үйлчилгээ авч байгаа хүмүүсийн даатгалын төлбөрийг даатгалын сангаас төлөөд явж байгаа.Орон нутагт аймгийн төв болгон дээр хоёроос таван эмнэлэг нийслэлийн хэмжээнд 100 орчим эмнэлэг үүнд багтаж байдаг.
-Эмийн үнийн хөнгөлөлтийг хэрхэн авахаа иргэд тэр болгон ойлгохгүй байгаа. Үүнийг  тодорхой жишээн дээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Эмийг хөнгөлөлттэй үнээр олгохдоо  өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор  олгодог. Үүнд, 132 нэр төрлийн 339 эмээр үйлчүүлбэл эмийн төрлөөс шалтгаалан 120-18 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, даатгуулагч “Д” өрхийн эмчийн бичсэн жороор 6000 төгрө­гийн үнэтэй “Энап” эмийг нэр заасан эмийн сангаас 33 хувь хүртэл хямдруулж авах эрхтэй.  Ингээд бодохоор 6000 мянган төгрөгийн 33 хувь гэдэг 2000 төгрөг гэсэн үг. Иймээс “Энап” эмийг 4000 төгрөгөөр авна.  Хөнгөлөлттэй үнээр эм олгож буй эмийн сангуудад очихдоо даатгалын дэвтэр,  сум өрхийнхөө эмчийн бичсэн эмийн жорыг авч очих шаардлагатай.
-Хөнгөлөлт эдлэхэд заавал өрх, сум, багийн эмчийн эмийн бичиг шаардлагатай юу?
-Тийм ээ. Гэхдээ өвчтөний картан дээрээ амбульторынхоо эмчээр эмийнхээ нэрийг бичүүлээд түүнийгээ өрх, сумынхаа эмчид үзүүлээд бичүүлэх боломжтой.  Харин хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд оношийн бүлгээсээ  хамаараад 110-640 мянган төгрөгийг даатгуулагчийн мөнгөнөөс тухайн эмнэлэгт олгодог.
-Даатгал төлж байгаагүй иргэд одоо даатгалд хамрагдах бол хаана хандах вэ. Хэдэн төгрөгөөр нээх бол?
-2006 оноос төлнө гэж тооцоод үзэхээр 60 гаруй мянган төгрөгөөр авна гэсэн үг.
-Ер нь нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдын мөнгийг үр ашигтай зарцуулж чадаж байгаа юу?
-Эрүүл мэндийн яам энэ салбарынхаа бодлогыг барьдаг гэдэг утгаараа эрүүл мэндийн даатгалын бодлогыг барьдаг.  Даатгалын үйлчилгээ үзүүлэх   байгууллагуудыг ч  тэд сонгодог. Даатгалын байгууллагад үүнд ямар ч оролцоо байхгүй. Тиймээс энэ нь нэг талдаа чирэгдэл үүсгэж байгаа. Манайх бол Хүн амын хөгжил , нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага. Гэтэл  даатгалын мөнгийг зарцуулах эрх мэдэл дутмаг байдаг. Аль эмнэлэгтэй яаж харилцах, тусламж үйлчилгээний багц, өртөг нь ямар байх гэдэгт оролцох эрхгүй. Иймээс энд өөрчлөлт оруулах шаардлага бий.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан