Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИД УУЛ УУРХАЙН КОМПАНИД ”ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХ ЭРХТЭЙ

Уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн хэдэн жилд хариуцлагатай уурхай, уул уурхайн ил тод байдал гэж их ярих боллоо. Гэвч уул уурхайн ил тод байдал гэж юу юм,  энэ бизнесийг яаж ил тод байлгах юм гэдэг нь нэг л ойлгомжгүй. Нэг талаас уул уурхай бүхнийг сүйтгэж байна гэж хий л бачимдаж орилсон ард иргэд, нөгөө талаас энэ төсөл чинь та нарт ийм, тийм ашигтай шүү дээ гэхээс өөр мэдээлэл өгөхөөс цааргалах бизнесийн компани гэсэн хоёр ашиг сонирхол нэг л огтлолцож өгөхгүй зөрөлдсөөр, эцэстээ уул уурхайгаас бид ашиг хүртэж чадах юм уу гэж итгэл алдрах болж.
Гэвч энэ бол бид эдлэх ёстой эрхээ мэддэггүйн л гай юм. Уг нь уул уурхайг ил тод болгох боломж бидэнд бий. Үүний тулд бид эрхээ, тэд /уул уурхайн компани, төсөл хэрэгжүүлэгчид/ үүргээ мэддэг болмоор байна.  Хэн, ямар эрх үүрэгтэй гэдгээ мэдэж байж л хоёр талын харилцаа ойлгомжтой, жинхэнэ утгаараа ил тод болж, уул уурхайн компаниудтай асуудалгнүй харилцаж чадна шүү дээ.
Тэгвэл бид ямар эрхтэй вэ? Хамгийн товчоор хэлбэл бид чөлөөтэй мэдээлэл авах эрхтэй юм.  Өөрөөр хэлбэл уул уурхайн аливаа төслийн талаар бүр хэрэгжиж эхлэхээс нь өмнө үнэн зөв, тодорхой мэдээлэл, тоо баримт, байгаль орчны үнэлгээ судалгаа авах эрхтэй. Мэдээлэл аваад зогсохгүй тэр төсөл тэдний амьдралд эерэг, сөргөөр яаж нөлөөлөхийг тунгаан үзээд хэрэгжүүлж болох эсэхийг шийднэ гэж байгаа. Хэрэв зөвшөөрвөл төсөл цаашаа явна, үгүй гэвэл зогсооно. Тийм ээ, бидэнд уул уурхайн ямар ч том төслийг зогсоох эрх бий, уг нь. Үүнийг НҮБ-ын баталсан “Уугуул иргэдийн эрхийн тунхаглал”-аар баталгаажуулж өгсөн юм.  2007 онд баталсан энэхүү тунхаглалыг дэмжсэн 147 орны нэг нь Монгол.

FPIC гэж юу вэ

Энэ тунхаглалаар нутгийн уугуул иргэд өөрийн газар оронд нь хэрэгжих гэж байгаа  уул уурхайн төслийн талаар урьдчилан мэдээлэл авч, төсөл хэрэгжүүлэгч компанид нь зөвшөөрөл өгөх эсэхийг шийдэх эрхийг баталгаажуулж өгсөн юм. Үүнийг “Free Prior and Informed Consent” буюу “Чөлөөт мэдээлэл урьдчилан авч, зөвшөөрөл өгөх эрх” гэж нэрлэж байгаа юм.  Уул уурхайгаар улс орноо хөгжүүлнэ гэж байгаа бидэн шиг улсын хувьд энэ хэдэн үгсийг ягштал цээжлээд авах хэрэгтэй.
Ялангуяа уул уурхайн халуун цэг болоод байгаа Өмнөговийн Ханбогд, Цогтцэций, Гурвантэсийн мал­чид иргэд маань энэ тухай мэдэж байхад нөгөө байгаль орчныг нь сүйтгээд, амьдрах аргагүй болголоо гээд байгаа төслийн хувь заяаг өөрчлөх эрхээ эдэлж чадна гэсэн үг. Free Prior and Informed Consent гэдэг бол зүгээр нэг үгсийн цуглуулга биш юм. Үг бүр утга учиртай.
Free буюу Чөлөөт гэсэн үг нь нутгийн уугуул иргэд аливаа хүч, манипуляц, Засгийн газрын дарамт зэргээс ангид чөлөөтэй байхыг хэлж байгаа юм. Тэгвэл
Prior буюу Урьдчилан гэдэг үг нь орон нутгийн иргэд тухайн төсөл хэрэгжиж эхлэхээс бүр өмнө, засаг захиргаанаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхөөс ч өмнө энэ тухай мэдээллээр хангагдсан байхыг хэлж байна.
Informed буюу Мэдээлэл авах гэдэг нь орон нутгийн иргэд тухайн төслийн талаар бодит баримтад тулгуурласан бүрэн мэдээлэл авах эрхтэйг зааж байгаа юм. Тэр тусмаа хэрэв төсөл хэрэгжүүлэгч нь гадаадын компани бол нутгийн мэдээллээ иргэдийн эх хэлээр өгөх ёстой. Хэрэв иргэдийн хувьд ойлгомжгүй нэр томъёо, мэргэжлийн хэллэг, хуулийн нарийн зүйл заалт байвал энэ талаар мэргэжилтнээс асууж лавлан, зөвлөгөө авах эрхтэй юм. Харин
Consent буюу зөвшөөрөл өгөх гэдэг нь нутгийн иргэд авсан мэдээлэлдээ үндэслээд өөрсдийнх нь ахуй амьдрал, байгаль орчин, эдийн засагт яаж нөлөөлөхийг тунгааж үзээд зөвшөөрөл өгөх эсвэл татгалзах эрхийг нь тодотгож байгаа юм. Энэ эрх  зөвхөн уул уурхайн төсөл хэрэгжихээс өмнөх үед хамаарахгүй, аль ч үе шатанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг олон улсын тунхагт зааж өгчээ.
Уул уурхайн компанид зөвшөөрөл өгөх эрхээ яаж эдлэх вэ

Бид эрхээ мэддэг болчихлоо. Тэгвэл яаж эдлэх вэ?

Алхам 1: Юуны түрүүнд орон нутагт чинь хэрэгжүүлэх сураг гараад байгаа төслийг ямар компани санаачлан, гардан ажиллаж байгааг олж мэд. Учир нь, тэд бол та бүхнээс зөвшөөрөл авах ёстой хүмүүс. Төсөл хэрэгжүүлэгч нь Засгийн газар, төртэй хамтарсан хувийн хэвшлийн компани, эсвэл өөр улсын Засгийн газар, үндэстэн дамнасан томоохон корпорац ч байж болно.
Алхам 2: Төсөл хэрэг­жүүлэгчдээс мэдээлэл авахыг хүс. Жишээлбэл, яг ямар учиртай төсөл, аль газар нутаг, хэний өвөлжөө хаваржааг хамрах юм, эртнээс амьдарч ирсэн газар орноосоо нүүхэд хүрэх үү, хэрэв газар нутгийг нь хөндөөд эхэлбэл байгаль орчинд нь ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг асууж лавла. Хүний эрх, хүрээлэн буй орчин болоод нийгмийн үнэлгээ судалгаа хийсэн бол түүнийг нь үзэж, төсөл хэрэгжүүлснээр гол ус нь бохирдох уу, тоос шороо босох уу, эртнээс шүтэж тахиж ирсэн ариун дагшин шүтээн газрыг хөндөх юм биш биз гээд мэдэж авах ёстой зүйл их.    
Мэдээж, хамгийн гол нь төсөл орон нутгийн иргэдэд ямар ашигтай юм, тухайн компани орон нутгийн иргэдийн ахуй амьдралд ямар тус нэмэр хүргэж чадах вэ, зам тавих уу, сургууль барих уу гэдгийг төсөл хэрэгжүүлэгч тодорхой хэлж өгөх ёстой.
Алхам 3: Төсөл хэрэг­жүүлэгч компаниас авсан мэдээллээ орон нутгийн иргэдээрээ ярилцаж хэлэлцэх. Авсан мэдээлэлдээ үндэслээд уул уурхайн төсөл ахуй амьдралд нь ямар нөлөөтэй, газар нутаг, байгаль орчинд нь ямар ашигтай, ямар хор уршигтайг нийтээрээ ярилцах хэрэгтэй.
FPIC гэдэг бол хэн нэгний дангаар эдлэх эрх биш. Харин нутгийн иргэд нийтээрээ хамтаар эдлэх ёстой эрх. Тийм ч учраас шийдвэр гаргахын тулд нутгийн иргэд олонхиороо ярилцаж хэлэлцэх ёстой юм. Тэгснээрээ ч шийдвэр нь хүчирхэг байж, уул уурхайн компанид нөлөөлж чадна шүү дээ. Мэдээж, уул уурхайн үйл ажиллагаа айл өрх бүрт өөр өөрөөр нөлөөлөх учир нэгдсэн шийдвэр гаргах амаргүй. Бас уул уурхайн компанийн зүгээс нутгийн иргэдийг хооронд нь хагаралдуулж, заримыг нь хахуульдаж улмаар хүчийг нь тарамдуулах гэдэг явдал ч их бий. Тиймээс өөрсдийн ахуй амьдрал, нутаг орныхоо ирээдүйд чухам аль сонголт нь нийцэх вэ гэдгийг эх орончоор бодож, нутгийн иргэд өөрсдөдөө давхар үүрэг хүлээх ёстой юм. Олон улсын практикт бол уул уурхайгаас болж хэний өрх гэр, хэний нутагладаг газар илүү хохирох гээд байна, түүний дуу хоолойг түлхүү сонсдог байна.
Алхам 4: Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж ярилцах. Уул уурхайн компани нутгийн иргэдээс зөвшөөрөл авч, тэдэнтэй нүүр нүүрээ харан ярилцах ёстой. Хэрвээ компани өндөр ашиг олох атлаа нутгийн иргэдэд хүртээл багатай байгаа бол яаж ашиг шимийг нэмэгдүүлж болох талаар иргэд саналаа хэлэх бүрэн эрхтэй. Жишээлбэл, манай орон нутагт ажлын байр, сургалтын төв, сургууль, эмнэлэг хэрэгтэй байна гэдэг юм уу эсвэл манай нутгийн тэр ариун дагшин газрыг хөндөлгүй орхих ёстой гэдэг ч юм уу өөрсдийн саналаа тавина.
Алхам 5: Дээрх уулзалтын дараа гуравдагч талаас хөнд­лөнгийн мэдээлэл, дүгнэлт авах шаардлагатай гэвэл тусгай мэргэжилтэн, зөвлөхүүдтэй холбоо тогтоож, мэдээлэл аваарай. Жишээлбэл, уул уурхайн компани алт олборлохдоо мөнгөн ус ашиглана гэж хэлсэн бол энэ бодис байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй гэдгийг хөндлөнгийн судлаач мэргэжилтнүүдээс асууж тодруулахыг хэлж байгаа юм. Ганцхан компанийн өгсөн мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргавал өрөөсгөл хэрэг болно.
Алхам 6: Шийдвэр гаргах. Хамгийн чухал үе шат. FPIC бол хамтаар эдлэх эрх гэж дээр тэмдэглэсэн. Тиймээс тухайн орон нутгийн иргэд нийт олонхиороо цугларан, ярьж хэлэлцэж байж шийдвэр гаргах ёстой.
Хэрэв уул уурхайн төслийг дэмжье гэж шийдсэн бол төсөл хэрэгжүүлэгчтэй албан ёсоор гэрээ байгуулна. Гэрээндээ яг тэдэнд өгсөн мэдээллийн дагуу, тохирсон ёсоор ажлаа явуулна гэдгийг нь зааж, тохиролцож авах хэрэгтэй.  Харин уул уурхайн төслийг хор уршигтай юм байна гэж үзвэл мэдээж татгалзах бүрэн эрхтэй. Төсөл зөвхөн орон нутгийн иргэд зөвшөөрсөн цагт л хэрэгжиж эхлэх ёстой. Хэрэв орон нутагт чинь та бүхнээс зөвшөөрөл авалгүйгээр аль хэдийнэ ямар нэг төсөл хэрэгжээд эхэлсэн бол хэтэрхий оройтсон гэж битгий орхиорой. Энэ эрх төслийн аль ч үе шатанд хүчин төгөлдөр гэдгийг дахин сануулъя.
Алхам 7: Уул уурхайн компанитай байнгын холбоотой байх. Энэ бол төсөл хэрэгжээд, уурхай хаах хүртэл үргэлжлэх процесс. Уурхай хэдийнэ алтаа олборлоод, зэсээ баяжуулаад эхэлсэн ч хэрэв орон нутагт чинь байгаль орчин сүйдээд, амьдрал ахуйг тань төслийн зүгээс дэмжиж тэтгэж чадахгүй, амласандаа хүрэхгүй байвал шаардлага тавих эрх ч нээлттэй.
Тэгэхээр галт тэрэг нэгэнт хөдөлсөн гээд сууж байж таарахгүй нь. Ийм том эрх өмнө маань нээлттэй байхад нүдэн балай, чих нь дүлий суусаар байвал бизнесийн ашиг хөөсөн компаниуд хэзээ ч бид үүргээ биелүүлье гээд өөрсдөө гүйхгүй шүү дээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан