Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргээс халагдсан залуусаа хүлээн авлаа

Өнгөрсөн жил хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус эр цэргийн албанаас халагдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб цэргээс халагдаж байгаа залуусаа өнөөдөр хүлээн авлаа.
Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Мягмаржав цэргүүдээ хүлээж авахдаа “Цэргийн нөхөрлөл гэдэг юугаарч солишгүй сайхан зүйл байдаг. Цэргийн хуаранд өнгөрүүлсэн нэг жилийг насан туршдаа дурсан санаж байдаг билээ. Та нар эх орны хүү болсон. Эцэг, эх, ах, дүү  нар чинь та бүхнийг хүлээж байгаа. Цэргийн амьдралаар амьдарсан нэг жилийн хугацаанд оюун санаа чинь тэлж, бие бялдар чинь хөгжиж жинхэнэ эр хүн шиг эр хүн болсон. Тэгэхээр залуучууд маань жирийн амьдралд гараад амьдралаа зөв зохиох хэрэгтэй. Ажил төрөл эрхэлж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй” гэсэн юм. Тус дүүргээс Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги салбаруудад залуус хуваарилагдаж цэргийн алба хаажээ. Өнөөдрийн тухайд Дотоодын цэрэг болон Зэвсэгт хүчний дугаар анги салбарт цэргийн алба хаасан цэргүүд ирж, цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан юм. Цэргээс халагдсан байлдагчдын дунд Онц буудагч, Онц харуулчин, Онц хилчин, салаан захирагчийн орлогч, Марш тактикийн медальт, урлаг, спортын медальн олон байсан юм.
Цэргийн штабынхан цэргийн албанаас халагдаж байгаа залуусаа зүгээр нэг явуулах бус тэднийг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах ажлыг давхар зохион байгуулж байв.
Тус дүүргийн цэргийн штабтай хамтарч долоон байгууллага хамтран ажиллаж байгаа аж. Мөн тендэрт шалгарсан мэргэжил сургалтын 100 төв 22 мэргэжлээр сургалт явуулж, мэргэжлийн үнэмлэх олох юм байна. Улмаар сайн сурсан төгсөгчдийг ажлын байр хүлээж байгаа гэнэ. Цэргээс халагдсан залуус ямар мэргэжилтэй болох, ямар ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна түүнийхээ дагуу сурах боломжтой гэдгийг Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Мягмаржав хэлж байлаа. Мөн цэргээс халагдсан залуус шууд ажилд бүртгүүлэх боломжийг бүрдүүлжээ. Төрийн тусгай хамгаалалт, Макс групп, ОУЛ хамгаалалтын алба гэх мэт байгууллагад ажилд орж болохоор байв.  

Цэргээс залуус маань их зүйл сурдаг юм

Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Мягмаржаваас цөөн асуултад хариу авлаа.

-Цэргийн албанд татагдсан залуусаа ажлын байранд зуучилж байгаа нь сонирхол татаж байна. Хэчнээн байгууллагад ажил зуучилж байна вэ?
-Одоогоор дөрвөн байгууллага ажлын байранд бүртгэж байна. Мөн мэргэжил олгох сургалтын төвүүдэд мэргэжил олгох сургалтад хамруулж байгаа. Энэ сургалт маань цэргийн алба хаасан залууст үнэ төлбөргүй явагдах юм.
-Гэрээт цэргийн албанд залуус маань бүртгүүлж байна уу?
-Хараахан бүртгүүлээгүй байна. Ер нь, залуус маань гэрээт цэргийн албанд шууд бүртгүүлдэггүй юм. Гэртээ харьж, жирийн амьдралаа жаахан амьдарсныхаа дараа л бүртгүүлдэг юм. Гэрээт цэргийн албанд 28 хүртлээ алба хааж болно.
-Халагдсан цэргүүдийг хараад байхад цэргийн албаа нэр төртэй хаажээ. Дээрээс нь чамгүй амжилт гаргасан байна?
-Тийм ээ. Цэрэгжилтийн тэмцээний гуравдугаар зэрэг, Онц хилчин, Онц байлдагч, Марштактикийн тэмцээний медаль гээд амжилт арвинтай иржээ. Түүнээс гадна залуус маань тодорхой хэмжээний мэдлэг, чадвар хурилтуулсан байна. Химийн ангид алба хаасан нь, химич ариутгагч болсон бол холбооны ангид алба хаасан холбооны анхан шатны мэдлэгтэй л болсон байх жишээтэй. Түүнээс гадна дансандаа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай ирсэн байна.
-Нэг үе залуус цэргийн албанаас бултдаг байсан бол одоо цэргийн алба хаах сонирхол нэмэгдсэн бололтой?
-Цэргийн алба хаах залуусын тоо нэмэгдэж байгаа. Энэ жилээс цэргийн албанд татагдсан залуусыг мэргэжилтэй болгох юм. Тухайн цэргийн анги нь мэргэжил сургалтын төвтэй хамтарч залуусыг сургалтад хамруулж мэргэжилтэй болгож, эх орны бүтээн байгуулалтад хамруулж, цалинтай болгон. Цаашлаад ажлын байртай болгох юм. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зүйл. Тэгэхээр залуусын цэрэгт явах хандлага улам л нэмэгдэх байх.

Сурах хүсэлтэй байна

Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хаагаад ирсэн байлдагч Э.Энхдэлгэртэй цөөн хором ярилцлаа.
-Цэргийн албаа хаагаад ирсэн баяр хүргэе. Гэртээ харихаар яарч байна уу?
-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэндээ баяртай байна. Мэдээж гэр рүүгээ яаралгүй яахав.
-Гэр бүлтэй юу?
-Үгүй.
-Цэрэгт явж байж жинхэнэ эр хүн болдог гэдэг. Нөгөөтэйгүүр цэрэгт л юм сурдаг гэдэг. Чиний хувьд юу сурав?
-Юм болгоныг сурсан гээд хэлчихэд буруудахгүй дээ. Тэвчээр, тэсвэр хатуужлыг сурлаа. Ахмад настан, найз нөхөд өө хэрхэн хүндлэх вэ гээд их зүйлийг сурсан.
-Цэрэгт явахаасаа өмнө ажил хийдэг байв уу?
-Гранд плазад ээлжин ахлагч хийдэг байсан. Тэр ажилдаа эргээд орно.
-Залуу хүний хувьд тодорхой зорилго бий байх. Сурах уу, энэ ажлаа хийх үү?
-Сурах хүсэл их байна. ШУТИС-ийн МИС-д Автын инженер мэргэжлээр сурах бодол бий.
-Цэргийн хуаранд өнгөрүүлсэн нэг жил сэтгэлд үүр үлдэнэ. Мэдээж найз нарыгаа санах байх даа?
-Тийм ээ. Цэрэгт байх хугацаанд олон сайхан найзтай болсон. Тэднийгээ санах байх. Байнга л холбоотой байна.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан