Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ТУВААН: ХЯТАДАД 100 МЯНГАН ТОНН БУУДАЙ ЭКСПОРТОЛНО

Энэ жил арвин их ургац хураана, хур бороотой зун болсноос болц нь жаахан оройтож, ургац хураах ажил хойшилж байна гээд байсан. Гэтэл нийт нутгаар хүйтэрч, шөнөдөө хасах градустай хонох боллоо. Тариаланчид маань ургацаа хурааж амжиж байна уу, тариа, буудайг минь цас дарчих вий дээ хэмээн хэн хүнгүй сэтгэл зовниж эхэллээ. Энэ талаар ҮХАА-н  дэд сайд Ц.Туваантай ярилцлаа.

-Нийт нутгаар хүйтэрч эхэллээ. Ургац хураах ажил ямар ахицтай байна даа?

-Би өнгөрсөн долоо хоног тариалангийн бүс нутгаар явж ургац хураах ажилтай танилцаад ирлээ. Үр тарианы  72.2, төмсний  95.6, хүнсний ногооны  96.1, тосны ургамлын 52.5 хувийг хурааж, хадлан тэжээлийн  77.1 хувийг бэлтгээд байгаа дүнтэй байна.  Цаг агаараас шалтгаалаад тооцоолсон хугацаанаас 15-20 хоног хоцорч яваа. Тарианы болц ногооноороо байхад хураалтай нь биш. Хэрвээ цаашид цаг агаар тогтвортой байвал ирэх сарын 1 гэхэд ургацаа хураагаад дуусчихна.
-Улсын хэмжээнд нэг га-гаас хэдий  центнер буудай авч байна вэ?
-Дунджаар нэг га-гаас 15 орчим центнер авахаар төлөвлөсөн. Энэ балансаа одоохондоо бариад явж байна. Цаг агаар болон буудайны болцоос шалтгаалаад жаахан буурч магадгүй. Гэхдээ нэг их сүйдтэй хэмжээнд буурахгүй.  
-Тариалангийн бүс нутгаар яваад ирлээ гэж байна. Өнгөрсөн долоо хоног төвийн бүс нутгаар цас орчихлоо шүү дээ. Цасанд даруулчихсан талбай хэр их байна вэ?
-Сүүлийн хоёр өдрийн цасанд Хэнтий аймгийн хойд талын сумд, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын нутагт тариан талбай цасанд дарагдсан. Аз болоход хурааж авах боломжгүй хэмжээнд хүргэхээр зузаан цас орсонгүй. Ойрын хэд хоног дулаарах төлөвтэй байгаа болохоор  ямар нэгэн зохицуулалт хийж болох байх.
-Үтрэм дээр байгаа тариа буудайны хувьд гайгүй юу. Тариаланчдаас буудайгаа авч эхэлсэн үү?
- Буудайн урамшууллын мөнгө болон гурилын үйлдвэрүүдийн жишиг үнийг хүлээж үтрэм дээр буудай нэлээд хуримтлагдаад байна.  Мөнгө төгрөгний асуудал шийдэгдчихсэн учраас тариаланчдаас буудайгаа аваад эхэлчихлээ. Юун түрүүнд Тариалан эрхлэлтийг дэмжих сан үр болон тоног төхөөрөмжийн өрөнд авах буудайгаа авч байна.
-ТЭДС-д тариаланчид маань хэдий хэмжээний өртэй вэ?
-Нийт 90 гаруй мянган тонн буудайны авлага бий. Гэхдээ энэ жилийн хувьд 70 гаруй мянган тонн улаан буудай авна. Үрийн нөөцөд хэчнээн тонн буудай авахаа энэ долоо хоногт шийднэ.
-Улсын нөөцөд?
-Энэ асуудлыг улсын нөөц болон Онцгой байдлын газрынхан мэддэг. Улсын нөөцөд авах буудайн хувьд манай асуудал биш болчихдог юм. Бодлого нь салчихсан зөрүүтэй юм их байна л даа. Хадлан тэжээл, үр тариа гээд манай яамны бодлогын хүрээнд байх ёстой зүйлийг Онцгой байдал  хариуцдаг байх жишээтэй. Иймээс бидний зүгээс улсын нөөцөд яаж чанартай сайн буудай авах талаар хяналт тавих боломжгүй болчихож байгаа юм л даа.  
-Бороо их орохоор тарианы цавуулаг чанарыг муутгадаг. Энэ жилийн хувьд буудайн чанар гурил үйлдвэрлэгчдийн стандартад нийцэж чадах болов уу?
-Цавуулгийн хэмжээний стандарт 23 байдаг. Өнгөрсөн жил 23-аас дээш 24 хүрсэн цавуулагтай буудай хурааж авсан. Энэ жилийн хувьд бороо орсноос болоод 17, 18 хувийн цавуулагтай байгаа.

-Магадгүй үүнээс шалтгаалаанд гурил үйлдвэрлэгчид маань ОХУ-аас чанартай буудай авна гээд санаагаа өөрчилчих юм биш биз дээ. Ингэхгүй гэх баталгаа бий юу?
-Өнгөрсөн жил хуримтлуулсан цавуулаг сайтай буудайны нөөц бидэнд бий. Тэгэхээр энэ жилийнхтэй холиод гурил хийхээр ямар ч асуудал гарахгүй.
-Өнгөрсөн оны хэчнээн тонн буудай үлдсэн байгаа вэ?
-115 мянган тонн улаан буудай бэлэн байгаа. Гурилын үйлдвэрүүдэд энэ жилийн үнээр зарж эхэлсэн.  
-Орон нутаг руу тариаланчидтай холбог­доход “Алтан тариа” ХХК 270 мянган төгрөгөөр буудай авч байна гэсэн. Гурил үйлдвэрлэгчид нэг тонныг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ. Жишиг үнэ тогтоосон уу?
-Нэг тонныг 280 мянган төгрөгөөс доош оруулахгүй.  Энэ бол яамнаас тогтоож буй жишиг үнэ. Улаан буудайн тээврийн зардал, хог хаягдал, хорогдлоос шалтгаалаад гурилын үйлдвэр, тариаланчид хоорондоо тохироод үнэ багасдаг тал бий. Энэ жилийн хувьд урамшууллын мөнгийг түүхэнд байгаагүйгээр өндөр тогтоож өгсөн. Тариаланчдад техник, төхөөрөмжөө сайжруулахад дэм болох биз ээ.   
-Энэ жилийн хувьд хэчнээн тонн буудай хураан авах төлөвтэй байгаа вэ?
-460 мянган тонн улаан буудай хураан авах төлөвтэй байгаа. Мэдээж цас борооноос шалтгаалаад тодорхой хэмжээний ургац алдана. Гэхдээ өнгөрсөн жилийн нөөц ч бас бий. Засгийн газраас 100 мянган тонн улаан буудай экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийж байна.
-Өмнөд хөрш рүү гаргахаар ярьж  байгаа гэсэн байх аа?
-Тийм ээ. Энэ жилийн хувьд БНХАУ-тай худалдах, худалдан авах гэрээгээ урьдчилсан байдлаар хийлээ. Боомт болон хоёр талын стандартаа  тохиролцсон. Анх удаа экспортлох гэж байгаа болохоор  бэрхшээл саад байна. Хорио цээр, мэргэжлийн хяналт гээд асуудлууд гарч байна. Юутай ч энэ онд экспортод гаргана гэсэн  бодлого яамны зүгээс барьж байгаа.  
-Урьдчилсан байдлаар нэг тонныг нь хэдэн төгрөгөөр тооцож байгаа бол?
-Үнийн хувьд эцэслэн шийдээгүй, одоогоор ярьж л  байна. Буудайны чанар, стандарт зэргээс шалтгаалж үнэ хэлбэлзэх хандлагатай. Гэхдээ мэдээж монголд тогтоосон бодит үнээс дээгүүр зарах нь ойлгомжтой. Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа шүү дээ.
-Тосны ургамал буюу рапс тариалахыг манайхан их эсэргүүцдэг. Тэгсэн атлаа жилээс жилд тариалах хэмжээ нэмэгдээд байх юм. Яамны шинэ удирдлага энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Монголчуудын дунд тосны ургамал ургасан талбай дахиж ашиглагддаггүй, хөрсийг үржил шимгүй болгодог гэсэн  буруу ойлголт байдаг. Тосны ургамлыг  талбайд сэлгэж тарьж болдог. Гэхдээ тосны ургамал нэрийн дор гичний ургамал тарьж байгаа нь ингэж сөргөөр бодоход нө­лөөлж байгаа  байх. Цааш­даа рапс тарьдгаараа тарина. Айгаад байх зүйлгүй. Харин ч тарих технологийг ший­дэж, эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах, өөрөөр хэлбэл тос үйлдвэрлэх  үйлд­вэр байгуулах хэрэгтэй. Өөрс­дөө тарьж ургуулчихаад л га­даа­дад түүхий эд чигээр нь гар­­гаад байвал ашиггүй шүү дээ.
-Тосны үйлдвэртэй болс­ноор дотоодын хэрэгцээ хан­гах боломжтой юу. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компани бий байх аа?
-Одоогоор төслийн шатандаа яваа. “Алтан тос” гэж компани үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ монголд ургаж буй түүхий эдээрээ тос хийдэггүй. Концентраци өндөртэй тос авчраад шин­гэлээд хэрэглээнд гаргаж бай­гаа. Тосны хэрэгцээг до­тооддоо хангахын тулд тосны үйлдвэртэй болох хэрэгтэй. Манайд тариалж буй рапс өнөөдөр бол шууд л Хятад руу  гарч байгаа шүү дээ. 

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан