Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио Тинто компани Оюу толгойн гэрээг эргэн харахаас татгалзав

Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай хэдэн сар яригдсаны эцэст Монголын Засгийн газар, Уул уурхайн яамнаас тус төслийг хэрэгжүүлэгч  “Turquoise Hill” буюу хуучнаар “Айвенхоу Майнз” болон Рио Тинто компанид энэ тухай хүсэлтээ албан ёсоор илгээсэн байна. Гэвч хөрөнгө оруулагч тал энэ саналд татгалзсан хариу өгчээ. Өөрөөр хэлбэл, Рио Тинто Оюу толгойн гэрээг эргэн харах асуудлаар Монголын талтай ярилцахаас татгалзсан байна.
“Reuters”, “Bloomberg” зэрэг гадаадын агентлаг, сонин хэвлэлүүдээр тарсан мэдээллээр бол Уул уурхайн сайд хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлт илгээхэд “Turquoise Hill” татгалзсан хариу өгсөн бөгөөд тус компанийн 51 хувийг эзэмшдэг Рио Тинто ч энэ байр суурьтай санал нэг байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгджээ.
Энэ талаар “Turquoise Hill”-ийн гүйцэтгэх захирал Кэй Пристли мэдэгдэл хийхдээ “Бид өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ үндэслэж Монголд ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, олон хүнийг ажлын байраар хангасан. Энэ гэрээ гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах, найдвартай түнш хэмээн олон улсын тавцанд нэр хүндийг нь өсгөх суурь болж өгсөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.  
Одоо Монголд ид яригдаж буй Оюу толгойн гэрээ монголчуудад үнэхээр ашигтай гэрээ байж чадах уу, үгүй юу гэдэг асуултыг гадаадын хэвлэлүүд ч сонирхож, салбарын мэргэжилтэн шинжээчдээс тодруулж эхэлсэн байна. Энэ тухай “Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх тухай асуудал Монголд муугаар нөлөөлж, гадаадын хөрөнгийн урсгалыг зогсоож мэднэ” хэмээн АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн албаны дарга Дэвид Више ярьсныг “The New York Times” мэдээлсэн бол “Bloomberg”-т гарсан нийтлэлд UBS банкны Сидней дэх шинжээч Глин Лоукокийн “Энэ бол яг л хөгжиж буй орнуудад хийгддэг стандарт гэрээ” хэмээн хэлснийг иш татжээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна ирэх оны төсвийг батлах гэж байгаатай холбогдуулан Оюу толгойн төлөх татварын хэмжээ нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Өнөө маргаашгүй парламентаар хэлэлцэх гэж буй төсвийн тухай хуулийн саналаар зэсийн үнэ ямар байхаас хамааран Оюу толгойн төлөх татварын хэмжээ 20 хувь хүртэл буюу 300 сая ам.доллараар нэмэгдэж магадгүй гэсэн тооцоо гараад байгаа юм. “Оюу толгойг тойрсон энэ бүх асуудал Рио Тинтогийн хувьд хүндээр тусч байгаа. Хэрэв тэд энэ асуудлыг олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэхдээ хүрвэл Оюу толгойн үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшлоход хүрнэ. Уг нь, тус төслийн барилга байгууламж бараг бэлэн болж, үйлдвэрлэл нь 2013 оноос эхлэнэ хэмээ төлөвлөж байгаа билээ” хэмээн “The New York Times” сонинд бичжээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан