Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уран олборлох тухай саналаа эргүүлэн тат гэв

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат, С.Ганбаатар нар ураны асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Ураны нөөц бүхий гурван орд газрыг ашиглах, Монголд атомын цахилгаан станц байгуулах ажил төлөвлөж, 2013 оны улсын төсөвт тусгасан тухай тэд хөндсөн юм. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Хайрханы, Дорноговь аймгийн нутагт Чойрын хотгорт орших Хараатын, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордыг ашиглаж, олборолт явуулах тусгай зөвшөөрлийг нь өгсөн байгааг эсэргүүцэж байна гэв. Цөмийн энергийн тухай хуулиар ураны нөөцтэй бол стратегийн орд газар гэж үздэг. Тэгэхээр орд газрыг Монголын талын эзэмших хувь хэмжээг УИХ-аар хэлэлцэж тогтоох ёстой гэнэ. Мөн улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг, гадаадынхны хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хувийг Монголын тал эзэмших хуультайг сануулав.
Гэтэл Дундговийн Хайрханы ордыг 1996-1998 болон 2007 онд нарийвчилсан хайгуул хийж, “Гурвансайхан” ХХК-ийн  хөрөнгө оруулагч “Денисон Майнс” корпорац судалгааны ажилд нийт 26 орчим сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Энэ ордын нөөцийг 8000 тонн орчим гэж тогтоосон байна.   
Дорнод аймгийн Хараатын ордын хувьд мөн л “Гурвансайхан” ХХК эзэмшдэг юм байна. Уг ордыг 1994-1997 болон 2007 онд нарийвчилсан судалгаа хийж, нөөцийг 7000 тонн орчим гэж тогтоож. “Гурвансайхан” ХХК-ийн 70 хувийг “Денисон Майнз” корпорац, 15 хувийг ОХУ-ын “Геологоразведка”, 15 хувийг Монгол Улс эзэмшдэг аж.
Дорнод аймгийн Гурванбулагийн ураны ордын лицензийг “Эмээлт Майнз”, “Вестерн проспектор Монголия” компани эзэмшиж байгаа гэнэ. Гурванбулагийн орд орчмын геологийн судалгааны ажил 1944 оноос, төрөлжүүлсэн нь 1971 оноос эхэлжээ.  
Дорнод аймгийн Улаанбадрах сумын нутагт байх Дулаан-Уулын ордод Францын “Арева” групп олборлолт хийж, туршилтын хугацаа нь зургаан сар орчим үргэлжилсэн байна. “Арева” групп манай улсад охин компаниудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй, “Арева Монгол”, “Кожеговь” компани нь нийт 20 гаруй лиценз эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Эдгээрээс харахад уран олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай байна гэв.
Говийн бүсийн гүний усны нөөц байдаг газруудад ураны орд байгаа нь хамгийн том аюул гэж гишүүд анхааруулав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхий сайд ирэх оны төсвийн багцдаа 50 тэрбум төгрөг тавьсан байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй мөнгө байгаа нь эргээд уран олборлоход болон ТЭЗҮ боловсруулахад зарцуулах вий гэсэн хардлага төрүүлж байна. С.Ганбаатар гишүүн “Уран олборлох талаар эрдэмтэд, ард иргэдийн саналыг сонсох ёстой. Тэдний саналыг сонсохгүйгээр шийдэж болохгүй. Засгийн газар дангаараа шийдэх эрхгүй” гэлээ. Ж.Эрдэнэбат гишүүн ”Заавал уран олборлож мөнгө олох хэрэг бидэнд байна уу. Зарим улс орнууд цөмийн эрчим хүч, уранаас татгалзаж байхад эсрэгээр нь явж болохгүй. Ураны стратегийн орд гэж үзэж байгаа учир Монгол Улсын эзэмших хувь хэмжээ тодорхой байх учиртай” гэсэн юм.
Дорнод аймгийн Гурванбулгийн ордыг Хятадын Цөмийн энергийн агентлаг болох “CNNC” компанид очих тухай мэдээлэл бий гэдгийг тэд хэлж байлаа. Засгийн газар энэ шилжүүлэх гэрээг нууцаар хийсэн юм биш байгаа гэж хардаж буй аж. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайдаас асуухад тодорхой хариулт өгөөгүй гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн хавар дэгдээд байсан Монголын нутагт цөмийн хаягдал булшлах талаархи сенсаацын эзэн нь одоо тодорч байна гэж тэрээр хэлэсэн юм. Уран олборлосон бол эргээд хаягдлаа заавал авах тухай гэрээ хийдэг учир энэ байж боломгүй шийдвэр гэлээ. Төсвийн төслийг одоогоор парламентаар хэлэлцүүлж байгаа учир төслөөс татуулах боломж бий гэдгийг гишүүд хурлынхаа төгсгөлд хэлэв.   

Л.Номин
     

0 Сэтгэгдэл
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Ганбаатар, Ж.Эрдэнэбат нарыг дэмжиж байна.
Хамгийн их уншсан