Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

66 СУВИЛАЛ ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ

Сүүлийн  үед хувийн кли­ник сувилал олноор бай­гуулагдаж  болсон, болоогүй эм­нэлгийн үйлчилгээ үзүү­лээд байгаа. Иймд Эрүүл мэн­дийн сайд эдгээр сувил­алд шалгалт хийх тушаал гаргасан. Үүний дагуу Эрүүл мэн­дийн газар яамтайгаа хамт­ран  нийслэлд үйл ажил­лагаа явуулж буй килиник суви­лалд шалгалт хийж  хариуг  нь өчигдөр олон ний­тэд мэдээлэв.  Шалгалтад  Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сон­гинохайрхан, Баян­зүрх, На­лайх дүүрэгт үйл ажил­­­лагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сувилалууд  хамрагдсан байна.  Нийт 152 сувиллаас  66 нь зөрчил гаргаж шалгалтад бүдэрчээ.  Тухайлбал,  тус­гай зөвшөөрөлд нь  үйл ажиллагааны чиглэлийг заагаагүй, зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйл­чилгээ  эрхлэлт зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй  гэх мэт зөрчил илэрчээ.  Мөн сувилах зөвшөөрөл ав­сан ч  тухайн хаяг дээрээ  байхгүй, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасан нөхцлүүдийг хангаагүй байж.  Иймээс зөрчил гаргасан бүх  сувилалын эрхийг  түр түт­гэл­зүүлээд байна.  Тэднийг   сайдын зөвлөлийн хуралд хэ­лэлцүүлээд  арванхоёрдугаар са­рын 1 хүртэл  хугацаа өгч, гаргасан алдаа дутагдлаа засахыг шаарджээ. Хэрэв энэ хугацаанд  яам болон Эрүүл мэндийн газраас  тавьсан шаардлагыг  биелүүлэхгүй бол  тусгай зөвшөөрлийг нь шууд хүчингүй болгох юм байна. Харин  цаашдаа сувилалуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн яам анхааран ажиллана гэд­гийг  тус  яамны Бодлогын хэрэг­жилтийн газрын эм, эмнэл­гийн хэрэгслийн тусламжийн хэлтсийн дарга Я. Амаржаргал хэллээ. Удахгүй  эмийн сан, үйлдвэрүүдийг шалгах ажээ.

“Эрүүл чийрэг монгол хүн” аян  эхэллээ

Засгийн газар эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл хийхээр  мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа. Тухайлбал, монгол хүн  эх орондоо эмнэлгийн чанартай үйлчилгээ  авдаг болох, эм болон хүнсний аюулгүй байд­лыг хангах түүнчлэн өчнөөн жил эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ нэг ч удаа эмнэлгийн үйлчилгээ аваагүй  гэсэн гомдол иргэдэд байдаг.
Иймд  эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх,  хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах,  бага дунд орло­готой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална  гэсэн зорилтууд тавиад бай­гаа. Ингээд  энэ ажлын эхлэл болгож  “Эрүүл чийрэг монгол хүн” аяныг  эхлүүлж байна.
Аянд эхний удаад Сонгинохайрхан, Баянзүрх дүүр­гийн  нийгмийн халамж, тусламж зайлшгүй хэрэгтэй эмзэг бүлгийн 10 мянган иргэнийг хамруулах аж.  Үүний дараагаар Налайх, Багануур, Дархан-Уул  аймгийн иргэдийг хамруулах юм. Дархан-Уул аймгийг хам­руулдаг учир нь тус аймгийн Хонгор сумын иргэд нарийн мэргэжлийн  эмч нараар төрөлжсөн үзлэг хийлгэх ту­хай хүсэлт  Эрүүл мэндийн яаманд удаа дараа тавьсан гэнэ. Аяны хүрээнд улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн эмзэг бүлгийн иргэдийг өрхийн эмнэлэгт нь очиж үзлэг оношлогоо хий­нэ.  Харин эмчилгээний эмийг Азийн хөгжлийн банкны сан­хүүжилтээр  үнэгүй олгох аж.  Аяны нээлт өнөөдөр Баянгол дүүргийн өрхийн эмнэлэгт болно.

Н.Удвал: Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндэд анхаарна

Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас цөөн асуултад хариу авлаа.

-Өнөөдөр эмнэлгийн үйл­чилгээ чанаргүй, эмч ажилчдын харилцаа тэр бүр үйлч­лүүлэгчдийн сэтгэлд хү­рэхгүй байгаа. Энэ талаар яам­ны зүгээс юу хийж байна вэ?
-Манайд энэ талаар иргэдээс олон гомдол ирдэг. Иймээс эмнэлгийн тусламж чанар, аюулгүй байдлыг гурван чиглэлээр судлахаар судал­гааны аргачлалаа боловсруулж байна. Үүнд, Эмнэлгийн тус­ламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалт  ямар байгаад  үнэлгээ өгнө. Хоёр­дугаарт эрүүл мэнд болоод  эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг судална. Ингэхдээ мэс заслын тусламжид  хамгийн эрсдэлтэй ямар үйлчилгээ байна, осол гэмтэл, хавдар, эх барихад аюулгүй байдлын үнэлгээ гаргана. Дараа нь эмч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал нь ямар байна гэдэг  талаар үндэсний хэмжээний судалгаа хийх юм.  
-Тэгвэл эмч, ажилчдын ёс зүйн тухайд?
-Эрүүл мэндийн яам энэ салбарын байгууллагуудын соёл,  үйлчлүүлэгчдэд хандах  харилцаа, зан чанарыг  өөрчилж  иргэд төвтэй тэдэнд итгэл даах байгууллага болгон өөрчлөх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ийм болгож чадах байгууллагуудын дунд өнөөдрөөс эхлэн төс­лийн уралдаан зарлалаа. Энэ уралдаанд шалгарсан  төсөл манай эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчдээ ээлтэй, тэдний  итгэл даах бүрэн чадвартай өндөр соёлтой болгох юм. Төслийг  арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүлээн авна.
-Эрүүл мэндийн салбарт цаашид ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн дэргэд Иргэний эрүүл мэндийн хяналтын зөвлөл байгуулж байна. Иргэ­ний хяналтын зөвлөл  нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сайдын зөвлөлөөс  гарсан шийдвэрт хяналт тавих үүрэгтэй байх юм.
Зөвлөлийг иргэдийн  өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр бүрдүүлнэ. Түүнчлэн Монгол улсад телемедицин хөгжөөд байна. Эхний удаа  орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй телемедицинээр холбогдсон.  Ирэх долоо хоногоос эхлэн орон нутгийн иргэд, эмч ажилчидтай уулзаж санал бодлоо солилцоно.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан