Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

150 айлд халаалтын систем үнэгүй тавьж өгнө

Монгол гэрт тохирсон шалнаас халдаг системийг өчигдөр БНСУ-ын “Richcreate” компани танилцууллаа. Уг системийн гол технологи нь шалан доогуур ус гүйж халаадаг бөгөөд цахилгаанаар  ажилладаг байна.  Харин шалнаас халдаг төхөөрөмжүүд  хэрэглэхэд хялбар байдаг ч цахилгаан их зарцуулдаг. Иймээс тус компанийн үйлдвэрлэсэн шалны халаалт эрчим хүч  хэр зарцуулдаг  талаар  компанийн захирал Ли-гээс тодруулахад “Манай шалны халаалтыг  тавьсан  гэр сард дунджаар 60 мянган төгрөг цахилгаандаа зарцуулах тооцоо гарсан.  Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн.  Шалнаас халдаг энгийн цахилгаан халаагуураас эрчим хүчийг 50 хувь хэмнэдэг.  2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтраад судалгаа хийсэн. Энэ судалгааны үндсэнд уг төхөөрөмжийг бүтээсэн. Даацын хувьд гурван тонныг даана” хэмээн ярьсан юм. Шалны халаалтыг  Сүхбаатарын талбайд танилцуулсан бөгөөд ихэвчлэн ахмадууд сонирхож  байлаа. Өөрийгөө С.Цэдэв хэмээн танилцуулсан Баянзүрх дүүргийн оршин суугч “Хөнгөлөлттэй үнээр төрөл бүрийн халаагуур, зуух өгч байна гэх юм. Яг сайныг нь  мэдэхгүй болохоор алийг нь сонгох талаар мэдэх юм алга. Уг нь,  манай талаас холбогдох мэргэжилтнүүд нь туршиж, судалж үзээд энэ халаалтын төхөөрөмж, тэр зуух нь сайн гээд хэлдэг болмоор байна. Энэ олон халаалтын төхөөрөмжүүдийг хараад бүр толгой эргэчихлээ” хэмээн ярьсан юм. Дээрх шалны  халаалтын системийг  ам.метрийг нь 90 мянган төгрөгөөр тооцож байгаа бөгөөд таван ханатай гэрийг  22 ам.метр гэж үзвэл нэг гэрт гурван сая төгрөгөөр энэ  систем тавигдах аж. Харин цаашид татаас олгож хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд олгох тухай  нийслэлийнхэнтэй уг компанийнхан ярилцаж байгаа аж. Эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавих гэнэ.
Тэгвэл  150 айлыг хэрхэн сонгож авч байгаа талаар Нийслэлийн агаарын чанарын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч. Батсайханаас тодрууллаа.

-Шалны халаалтын системийг эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавьж өгнө гэсэн. Эдгээр өрхийг хаанаас, хэрхэн сонгож авах вэ?

-Дүүрэг бүрээс гуч, дөчин айл сонгоно. Одоогоор 60 гаруй айлыг сонгоод байна. Энэ 150 айлыг сонгохдоо олон шалгуураар сонгохгүй бол хахир өвлийн хүйтэнд даарч бээрсэн  ахмадууд олон байна. Тэд бүгд манайд өргөдлөө бариад ирдэг. Нэн ядуу айлуудыг судалсан. Гэхдээ шалны халаалт цахилгаан хангамжтай холбоотой учир найдвартай цахилгаан байхгүй дэд станцууд нь хүрэхгүй  газар  халахгүй. Иймд хамгийн гол нь цахилгаан гайгүй газрыг сонгож авна.
-Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ системийг туршиж үзсэн үү. Манай нөхцөлд хэр зохицож байна вэ?
-Энэ өвөл туршина. Цахилгаан  хэр зарцуулдаг зэргийг судална. Хэрэв ингэх юм бол бид үүнийг ирэх жилээс улсын төсөвт уг системийг тавьсан айлын цахилгааны үнээс тэдэн хувийг нь хөнгөлье гэсэн юм хийнэ. Тухайлбал, ам.метрийг нь 49 мянга гэж байгаа бол 35 мянга болгъё гэх ч юм уу. Иргэдийн хувьд олон сонголт байгаа. Бид цаашдаа  аль улсынх нь сайн технологи байна гэдгийг судална.  Өнгөрсөн жил 393 айлд шалны, хананы халаалтыг олгосон.  

Б.Мишээл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан