Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадад зорчихын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Хүйтэн дайнаас хойш анх удаа Кубын ард иргэд хилийн чанадыг зорихын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо. Одоо кубачууд зөвхөн пасспорт, визтэй байхад л хил давж, гадаад оронд зорчих эрхтэй болж байна.
Үүнээс өмнө тус улсын эрх баригчид гадагшаа гарах гэсэн хүмүүс заавал Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байсан бөгөөд энэ хаалт саадаар олон зуун мянган иргэнээ батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд халгаатай хэмээн хил давахыг хориглож, зөвшөөрөл өгдөггүй байсан юм.
Ийнхүү гадагш зорчих журмыг өөрчилсөн нь Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн таван жилийн шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй ажил юм. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид иргэдийнхээ хувийн жижиг бизнес эрхлэх, гар утас эзэмших, зочид буудалд байрлах, хувьдаа орон сууц, машин худалдан авах эрхийг нь чөлөөтэй болгосон билээ.
Харин энэ удаагийн өөрчлөлт бол хүний эрхийн хувьд маш чухал алхам боллоо гэж ажиглагчид үзэж байна. Шинэ журам ирэх оны нэгдүгээр сарын 14-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд олон хүн тэр цаг мөчийг хүлээж байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар бол 11 сараас дээш хугацаагаар гадаадад байсан иргэн Кубад оршин суух, өмч хөрөнгө эзэмших, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үнэгүй авах эрхээ бүрмөсөн алддаг байсан юм. Харин одо бол гадаадад оршин суух хугацааг 24 сар хүртэл тогтоож өгдөг болсны зэрэгцээ энэ хугацаагаа сунгуулж болохоор өөрчилсөн байна.
Цагаачлах, улс орноосоо гарах гэдэг Кубын хувьд өдийг хүртэл маш эмзэг асуудал байсан юм. Тус улсаас дүрвэн гарч, АНУ-ын нутаг дэвсгэр дээр ирсэн хэнийг ч боловч хүлээн авах бодлогыг эрх чөлөөний орон баримталдаг, харин Америк руу дүрвэх замдаа баригдсан хүмүүсийг эх оронд нь буцаадаг хуультай. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн гурван тамирчин АНУ-руу дүрвэсэн юм. Одоо АНУ-д Куба гаралтай нэг сая гаруй иргэн амьдарч байгаа гэсэн тоо бий.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан