Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ТҮҮХ БАГТАХ ГАЗАРГҮЙ БОЛОО ЮУ...

Монголын байгалийн түүхийг хадгалж байгаа ганц газар нь өнөөдөртөө Байгалийн түүхийн музей. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагийг л тодотгож өнөөдөртөө гэж байгаа хэрэг. Гэтэл ховор нандин 7000-аад үзмэрийг агуулдаг. Байгалийн түүхийн музейн барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон гэдгийг МХЕГ-аас тогтоосон. Ашиглалтад ороод 60 жил болж байгаа барилгыг нурах аюултай болсон тул цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Тиймээс шинээр Байгалийн түүхийн музей барих талаар музейн удирдлагууд, МХЕГ болон ССАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлэлцсэн юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг яамдуудаар хэлэлцүүлж гаргах аж. Хэрэв барилгыг нураан шинэчлэхээр болвол музейд хадгалагдаж байгаа хосгүй үнэтэй үзмэрүүдийг хаана байрлуулах талаар ч мөн хэлэлцээд авсан. Энэ талаар ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал “Байгалийн түүхийн музейн барилгад шинэчлэл хийж эхлэхээр үзмэрүүдийг нь хоёр хувааж Үндэсний музей, Лениний музейд байрлуулахаар ярьж байна. Одоогоор Лениний музей МАН-ын мэдэлд байдаг. Бид зөвшөөрөл хүссэн захидал илгээнэ. Олон жил төр барьсан хариуцлагатай намын хувьд ажлыг маань дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

МАН ГЭДИЙХ БОЛОЛТОЙ
Дэд сайдын дээрх мэдэгдлээс хойш МАН-ын­хан Лениний музейн барилгыг зарах гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Одоогоор тус байраа байгууллагуудад түрээслүүлдэг. ССАЖЯ-ны саналын талаар МАН-ын генсек Г.Занданшатараас тодруулахад “Бидэнд тийм санал  ирээгүй. Энэ талаар ярих зүйлгүй” хэмээн асуултаас бултсан. Санасан хариултаа сонсч чадаагүй болохоор Лениний музейг зорилоо.
Лениний музейн барилгыг хуучин ЗХУ-ын буцалтгүй тусламжаар барьж, 1981 онд ашиглалтад оруулж байжээ. Харин үзмэрүүдийг нь тухайн үеийн ЗХУ-ын коммунист намаас бэлэглэж байсныг хууччуул андахгүй биз. Барилгынх нь хувьд тухайн үедээ Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогддог музейн зориулалттай барилга. Сан хөмрөгүүдийг хадгалах нөхцөл, чийгшил, дулаан зэрэг нь ч стандартад нийцсэн, зориулалтын тоног төхөөрөмжүүдтэй байсан аж.
1990 он гарснаас хойш байрны өмчийн асуудал хөндөгдөж, нэлээн будлиантсан байна. Тухайн үеийн төр засгийн түшээд музейг харьяа яам руу шилжүүлэх талаар ярьж байх үед МАН өөрийн болгоод амжжээ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Соёлын яамныхан зориулалтынхаа ганц байшинг  авч үлдэх гээд бараагүй байна.  
Нэгэн цагт В.И.Лениний баримлыг хүндэтгэлтэйгээр залж, түүнтэй холбоотой ховор нандин үзмэрүүдийг олонд дэлгэж байсан уг музейн байр өдгөө хувийн хэвшлийнхний худалдаа наймаа, баар, цэнгээний газар ажиллуулдаг мөнгө олох талбар болсон байна. МАН-ын мэдэлд шилжсэнээр ийнхүү бизнес эрхлэгчдийн ажлын байр болж хувирсан гэдэг. Нэгэнт зорьсных хуучны тэр түүх соёл болсон үзмэрүүд өнөөдөр хаана байгаа талаар ч сонирхож үзье гэж бодлоо. 

ЛЕНИНИЙ МУЗЕЙН ҮЗМЭРҮҮД ХААЧИВ

Хуучин Лениний музей буюу одоо “Окта” төвийн байранд арав орчим байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нэгдүгээр давхарт үүрэн телефоны оператор болох “Юнител” компанийн үйлчилгээний салбар, “Ард” даатгалын компани байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Түрээсийнх нь мөнгийг халаасалдаг нууц ноёнтонг илрүүлэх гэсэн болов ч “Хариуцсан хүн нь алга” гээд л ам таглачихав. Хоёр давхарт нь байсан гар утасны лангуунуудыг татан буулгажээ.
Тэндээс гараад баруун хаалгаар нь орлоо. Нэг давхарт нь эмийн сан, ломбард, үсчин ажиллах юм. Бас л тодорхой зүйл хэлээд өгчих хүнтэй таарсангүй. Тэгээд “Окта” төвийн зүүн талын хаалган дээр нь очтол уг төвийн хоёр давхарт ажиллаж байсан гар утасны наймаачдын лангууг овоолжээ.
Тэр дунд Лениний музейн үзмэрүүдтэй холбоотой бо­лол­той зүйлсийг газар хөг­лө­рүүлээд хаячихаж. Музей ажил­лаж байх үед зургийн хүрээ байсан байх гэмээр хү­рэн хамбан гадаргуутай модон жаазнуудыг хэсэг хэсэг болгоод тэнд овоолчихож. Коридорт яв­сан цэнхэр хувцастай цэвэр­лэгч байрын эгчээс “энд музейн үзмэрүүд бий юү” гэхэд “Энэ байранд ямар ч үзмэр байхгүй. Агуулахад байсан хогнуудыг хаяхаар гаргаж тавьсан нь энэ” гээд нөгөө жаазнууд руу заалаа.
Улаанбаатар зочид буудлын өмнө байрлах В.И.Лениний хөшөөг буулгахад МАН-ын зүгээс “Манай намын түүхтэй холбоотой зүйлийг устгаж байгаа нь намын маань хүчийг сулруулах гэсэн оролдлого” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл эзэн суугаад байгаа, намын чинь түүхтэй салшгүй холбоотой үзмэрүүд хааччихсан бэ, ардын намынхаан.
Ингээд ССАЖЯ-ыг зорилоо.

Ц.ЦЭНДСҮРЭН: ЛЕНИНИЙ МУЗЕЙН БАРИЛГЫГ  ТӨР Л ТҮРЭЭСЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ

/ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга/

-Лениний музейг хэн хариуцаж, байгууллагуудад түрээсэлдэг юм бол?

-Байрны дарга Гангаамаа гэх эмэг­тэй бий. Ажилтай гээд бидэнтэй уулзах саналаас татгалзаад байгаа. Харин МАН-ын гишүүн Бадамжунай, Тамир гэдэг хоёр хүнтэй уулзахыг зөвлөсөн. Тамир гэдэг нь МАН-ын сан хөрөнгийн дарга гэсэн. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард МАН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад “MGL” гэдэг компанид 100 хувь түрээслүүлчихсэн гэдгийг нь олж мэдсэн.
-МАН-д Лениний музейн барилгыг Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтад ортол түр хугацаагаар л ашиглах санал тавих юм уу?
-Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих зураг төслийг гарах, хөрөнгө мөнгийг нь шийдэх гэсээр байтал наад зах нь гурван жил болно. Энэ хугацаанд музейн үзмэрүүдийг олонд дэлгэж байвал аялал жуулчлалд ч хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс МАН нэгэнт Лениний музейн байрыг бусдад түрээсэлж байгаа юм чинь эх оронч санаачилга гаргаад төрдөө түрээслээч гэсэн  асуудлыг тавьж байгаа юм. Энэ саналаа Засгийн газарт ч хүргүүлсэн.
-Лениний музейн үзмэрүүд хаана байдаг юм бол. Очиход ажилчид нь тийм зүйл байхгүй гэж байна билээ?
-Манай улсын тусгаар тогтнолын батал­гаа болсон тэр түүхийн баримтаа бид хад­га­лах ёстой л доо. Гэвч одоо хаана байгаа нь то­дорхойгүй.
-Үзмэрүүдийг нь тоолж байсан биз дээ?
-Мэргэжлийн байгууллагаас соёлын яам­ны харьяа музейн үзмэрүүдийг тоолдог. Лениний музейн үзмэрүүдийн бүрэн бүтэн байдлыг МАН л мэдэж байгаа.
-Хэрэв энэ байранд байгалийн түү­хийн  музейн үзмэрүүдийг нүүлгэн шил­жүү­лэхээр болвол Лениний үзмэрүүдийг дэлгэх үү?
-Зөвхөн Байгалийн түүхийн музейгээ дэлгэнэ. Монголын брэнд болсон  динозаврын араг яс жуулчдыг их татдаг. Монголын нэрийн хуудас болчихсон шүү дээ. Лениний үзмэрүүдийг дэлгэе гэсэн ч байхгүй.

БАЙГАЛИЙН МУЗЕЙН БАРИЛГА Ч НУРАХ ДЭЭРЭЭ Ч ТУЛААГҮЙ

Лениний музейн ба­рилга ийм л байдалтай  байна. Харин дэд сайд М.Тү­мэн­жаргалын “Байгалийн музейн ба­рилга нурах аюулд орсон. Хүмүүсийг 10, 10-аар оруулж үзүүлж байгаа” гэснийг санаад замаараа Байгалийн түүхийн музейгээр ч ороод гарлаа.
Намайг ороход үйл ажил­лагаа нь хэвийн л байгаа ха­рагд­сан. 10 хүн ороод, дараа­гийн 10 хүн нь хүлээж байгаа зүйл огт­хон ч анзаарагдсангүй. Му­зейн хоёр давхарт гараад нө­гөө айхтар том 15 метр өн­дөр, гурван тонн жинтэй аврага том Тарбозаврыг хар­т­ал байд­гаараа л байна билээ. 11 хүн явахад л шал нь цөмрөхөөр болчихсон гэ­сэн болохоор нь хамгийн хүнд жинтэй үзмэр доошоо цөм­рөөд явчихаагүй байгаа гэж онцолж харсан маань энэ л дээ.
Музейн сан хөмрөгийн тасгийн эрхлэгч Н.Жавзмаатай ярилцаад явж байтал “Манай байрнаас  ч илүү муудсан олон л газар байна. Тэрийгээ янзлахгүй байж музейн барилгыг буулгана л гэх юм. Тэгээд ер нь сүүлийн үед юм л бол амтай болгон байшин нураах тухай ярьдаг болж. Насаараа л энд ажиллалаа. Энэ янзаараа үйл ажиллагаагаа явуулаад ир­сэн. Явуулсаар ч байгаа. Үүнийхээ оронд ажилчдынх нь саналыг сонсоосой. Байшин нураахаас өөр зүйл мэддэггүй мэргэжлийн бус хүнээр му­зейг даргалуулж байгаа нь хангалттай биш юм байх даа” хэмээн нэлээд бухимдангуй ярьж, гомдлоо хэлэх.
Энэ жил Байгалийн түүхийн музейн барилгыг засварлахаар хөрөн­гө мөнгө төсөвлөсөн ч цаашид ашиглах боломжгүй гэсэн  дүгнэлт гарсан болохоор төсөвлөсөн хөрөнгийг нь шинээр барих музейн барилгын зураг төслийн ажилд зарцуулахаар болсон аж. Хэрэв музейн барил­гыг шинэчлээд орчин үеийн хэв загвар, стандартад нийцсэн барилга барьчихвал сайн л хэрэг. Гэсэн ч байшин барилгын нэр барьж орлого олдог хүмүүсийн тоо нэмэгдсэн шүү дээ. Мэргэжлийн бус байж болно. Гэхдээ мэргэжлийн хүний үгийг сонсох нь зүйтэй юм шиг ээ...
Гэтэл цаана нь баруун Сэлбийн урсац дээр бараг 100 жилийн өмнө барьсан, зориулалтын бус байшинд  Занабазарын музей байж л  байна. Дороос нь ус нэвчиж, өвөлдөө уур цанд автан байр сав нь хүрэлцэхгүйгээс үзмэрийнхээ тун өчүүхэн хэсгийг дэлгээд бусдыг нь хөгцрүүлчихгүй гэж ёстой л ардаа тавих уу, өмнөө дэлгэх үү гээд амь аргацаан суугаа музей ч байна.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
МАН-аас тэр Лениний музейг аваач дээ. Тэр чинь жинхэнэ музейн зориулалттай байшин шүү дээ. МАН одооЭх орон ард түмний төлөө гээд байдаг биш үү. Тэр сайхан браилгыг баар цэнгээний газар болгож байхаар улсдаа өгчих хэрэгтэй шүү дээ.
Хамгийн их уншсан