Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.БАТБАЯР: “НИНЖА” НАРЫН ЧЕНЖҮҮДЭД ЗАРСАН АЛТ УРАГШАА Л ГАРДАГ БАЙХ

Төв аймгийн Заамар сумын иргэн Н.Батбаяр хувиараа алт олборлоод арав гаруй жил болж байгаа аж. Ингээд түүнтэй тус сумын нутагт байгаа “нинжа” болон тэдний өнөөгийн байдлын талаар ярилцлаа.  

-”Нинжа” нарыг нөхөрлөл, хоршоолол байгуулж ажил­ла гэж  байгаа. Та үүнд хам­рагд­сан уу?

-Би  “Энх мөнх эргэх хол­боо” гэдэг нөхөрлөлд орсон. Манай нөхөрлөл “Мон дулаан трейд”  компанитай хамтарч ажиллаж байгаа. Олборлолт хийгээд дууссан үед нь бид нар үлдэгдэл дээр нь орж ажилладаг. Энэ нь ч бас ховор л доо. Жишээлбэл, өнгөрсөн зун бид ажилгүй байсан. Учир нь “Мон дулаан трейд” компани “Алтан дорнод Монгол” компанийн талбайг гэрээгээр ашигласан юм. Гэтэл “Алтан дорнод Монгол” биднийг  үлдэгдэл дээр нь оруулахгүй гээд зөвшөөрөөгүй. Ингээд бид ажилгүй хоцорсон. Саяхан тэр компаниудын гэрээ дууссан. Одоо “Мон дулаан трейд” өөрийн талбайдаа ажиллаж байгаа. Иймд бид тус компанийн олборлолт хийсэн эхний талбайд нь ганц хоёр удаа орж ажиллаад байна.
-Олон улсын байгуул­ла­гын судалгаагаар нэг ченж өдөрт 0.5 гр алт олборлож бай­­на гэдэг. Өдөрт хэдий хэм­­­жээний алт олборлодог вэ?
-Хэцүү л дээ. Тийм зүйл байх­гүй. Өдөржин шороо ухаад олохгүй өдөр ч олон бий. Хоногийн хоолоо олохоос хэт­рэхгүй  нэг сар ч явдаг удаа байдаг. Бас гайгүй олдог үе ч тохионо. Ер нь янз бүр л байдаг юм.  
-Та бүхэн сард 50 мянган төгрөгийн татвар төлөх ёстой. Үүнийг дийлэнх нь төлдөггүй гэдэг. Жишээлбэл та төлдөг үү?
-Энэ бол дэндүү өндөр тат­вар л даа. Бид тэр татварыг тө­лөөд аж амьдралаа зохи­цуу­лаад явна гэдэг бол хүнд­рэлтэй.  Алт л олохгүй бол бидэнд ямар өөр цалин, орлого байх биш.
-Танай нөхөрлөл ол­бор­­ло­сон алтаа хаана бор­луулдаг вэ?
-Манайх бол үлдэгдэл дээ­рээ оруулсан компанидаа өг­дөг. Бид амьжиргаагаа зал­гуу­лахын тулд ажилгүй үедээ ху­виараа олт олбор­ло­хоор явна. Тэгээд тэр олбор­лосон алтаа ченжүүдэд өгнө. Тэр алт бол урагшаа л гардаг байх. Компанид өгсөн нөхцөлд Мон­голбанкинд ту­шаагд­даг юм.
-”Нинжа” нарын тоо буур­сан бас нэмэгдсэн гээд янз бүрийн тоо, судалгаа гар­даг. Заамарт одоо яг хэ­дэн “нинжа” байгаа бол. Та багцаагаар мэдэж байна уу?
-Ер нь олон доо. Багцаагаар гурав дөрвөн мянган хүн байгаа биз.  Тогтсон газар байхгүй болохоор энд тэнд газар ухаад л явж байгаа. Уурхайнуудын урьд нь ашиг­лаад хаясан талбай энд тэнд л бий. Заамарын ар тэр чигээрээ л уурхайн хаягдал болсон. Түүн дээр л “нинжа” нар хэсэг бүлгээрээ тарчихдаг юм.
-Тэгэхээр нөхөн сэргээлт хийсэн талбай байхгүй гэсэн үг үү?
-Ойрын хоёр гурван жилд “Мон дулаан трейд”, “Шижир алт” компаниуд нөхөн сэргээлт хийж л байна. Гэвч тэд яг байгалийн тогтоц шиг нь нөхөн сэргээж чадахгүй байгаа шүү дээ. Тухайлбал ухсан газрынхаа дунд нэг нуур үлдээх тохиолдол бий. Түүнд нь мал унаж үхэх, хүн осолдох явдал гардаг юм.  
-”Нинжа” нар алттай шороогоо  яаж  угааж байна. Мөнгөн ус, цианит зэрэг химийн бодис хэрэглэж байгаа юу?
-Заамар шороон орд­той  тул мөнгөн ус бараг хэрэглэ­дэг­гүй. Төмпөнд шороогоо хийж усаар угаадаг. Бас хуурай аргаар алт ялгадаг нэг хэрэгсэл байдаг юм.
-”Нинжа” нар металл хайгч их ашигладаг болсон гэ­дэг. Энэ нь ямар үнэтэй, хаа­наас оруулж ирдэг юм бол?
-Металл хайгч янз бүрийн үнэтэй л дээ.   Ер нь том жижгээсээ хамаарч 1-10 сая төгрөгийн хооронд л байдаг.
-Худалдаж авсан мөнгөө хэдий хугацаанд эргүүлж олдог вэ?
-Янз бүр байдаг байх. За­рим нь худалдаж авсан мөнгөө ололгүй нэг жил ч болдог л юм. Металл хайгч ашиглахад зовлон их бий. Наад зах нь түүнийгээ бариад явж байхад цагдаа таарвал хураагаад л авдаг. Тэгээд аргалж байгаад хэдэн төгрөгөөр торгуулаад авна шүү дээ.
-”Нинжа” нар компа­ниу­дын лицензын талбайд нэв­тэрч зодоон, хэрүүл мар­гаан нэлээд гаргадаг гэдэг. Заамарт  ийм явдал хэр гардаг юм бол?
-Тийм зүйл гарна л даа. Өнгөрсөн хавар “Алтан дорнод Монгол” компанийн хамгаалагч нэг малчин залууг зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Талийгаач бол “нинжа” хийж байгаагүй малчин хүн. Сумын  төв орж хэрэгцээний бараагаа аваад гэр өөдөө буцах замд нь ийм эмгэнэлт явдал болсон. Тухайн үед “нинжа” нар тэр компанийн лицензтэй талбай руу дайрч ороод гарсан юм билээ. Гэтэл хамгаалагч нар нь түүнтэй таарч дайрч орсон хүмүүсийн нэг байна гээд л тийм хэрэг гарсан. Ийм хэрэг ер нь  олон гардаг. Хууль зөрчих асуудал ч их бий. Одооноос арай гайгүй болж байна.
-Нө­хөр­лөлийн хэлбэрт шилжи­хээр ямар үр дүн гарч байна вэ?
-Уг нь боломжийн юм. Гэхдээ ажилгүй удаан хуга­цаанд сууна гэдэг л чанга.  Зөвхөн олборлолт хийсэн газрын хаягдал дээр л ажиллаж байгаа тул түүнийг хүлээхэд их хэцүү. Хоногийн хоолоо залгуулах хэрэгтэй биз дээ.  Нөгөө талаар компаниуд биднийг оруулсан тэр талбайгаа булах гээд яардаг. Бид нарт нэг хоёр цаг, өдөр гээд янз бүрийн хугацаа зааж оруулдаг юм. Энэ хооронд олох, олохгүй бас хэцүү л байдаг.   
-Нөхөрлөл болж нэгдсэн “нинжа” нарт тэр хаягдсан талбайд ажиллах лиценз олгодог болсон юм биш үү?
-Тийм зүйл манай Заа­март лав байхгүй. Талбай ч олддоггүй юм. Хууль журман­даа бол тиймэрхүү заалт байна лээ. Бид нар л компанитай гэрээ хийж ажиллаж байгаа болохоос биш бусад “нинжа“ бол хулгайн журмаар шахуу л алт олборлодог.
-Нэг гр алт ямар үнээр борлуулж байна вэ?
-Хувь хүнд борлуулахад нэг гр нь 50-60 мянган төгрөг байгаа. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан