Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захуудын цагийн хуваарийг хэвээр үлдээж, ШУТИС-ийнх өөрчлөгдөх нь

Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Н.Гантөмөр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй автомашиныг дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах журам болон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь зэрэг иргэдийн сонирхож буй асуултад хариулт өглөө.
-Захуудын цагийн хуваарийн өөрчлөлтийг хэвээр нь байлгах уу?
-Тийм ээ. Худалдааны төв болон захуудад өнгөрсөн хугацаанд 152 шалгалт хийсэн. 472 зөрчил илрүүлж есөн иргэнд 190 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Захуудад ажиллаж буй хүмүүс болон иргэдээс энэ хуваарийг цаашид мөрдөх санал тавьсан. Тиймээс  захуудын цагийн хуваарийг хэвээр нь байлгах талаар НИТХ-д санал оруулна.
-Их, дээд сургуулиудын хувьд?
-Зөвхөн ШУТИС-ийн хичээ­­лийн цагийн хуваарьт  өөрчлөлт оруулах санал ирсэн.  15000 гаруй оюутантай ШУТИС-ийн хичээл 07,40 минутад орж байгаа. Энэ нь сургууль, цэцэрлэг, төрийн албан хаагчдын ажлын цагтай давхцаж байгаа учраас  ачаалал үүсч байгаа юм билээ. Иймээс есөн цагаас оруулах санал оруулна.
-Сургууль, цэцэрлэгийн урд талбайд хурд сааруулагч хийж бүрэн дууссан уу. Цаашид энэ тоог нэмэх үү?
-Нэмнэ. Энэ жилийн хувьд 12 байршилд 29 газар хурд сааруулагч хийсэн. Ирэх жил захын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн урд талд мөн хурд сааруулагч нэмж хийхээр төлөвлөсөн. Үүнээс гадна сурагчдыг зам тээврийн ослоос хамгаалах үүднээс тод өнгөөр гэрэлтдэг тусгай материалттай даавуугаар цүнхэндээ уут хийх эсвэл тэмдэг тавих шаардлага сургуулиудад өгсөн. Үүнийг бүх сургууль 100 хувь биелүүлсэн байгаа.   
-Өдөрт 150-300 авто­машин нэмэгддэг гэсэн албан бус тоо бий. Автомашины энэхүү механик өсөлтийн талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Үүнийг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтарч шийдэхээс өөр аргагүй. Явах замыг нь хязгаарлаж тодорхой бүсэд хураамж авдаг, 10-аас дээш жилийн настай машины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.
-Нийтийн тээвэрт үйл­чилж буй автобусны тоо хэр хангалттай вэ?
- Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийнх нийлээд 980 автобус, троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Төрийн хоёр компани байгаа бол 21 нь хувийн хэвшлийнх.
Цаашид автобусны тоог 200-аар нэмэгдүүлбэл ямар нэгэн чирэгдэлгүй, хомсдол үүсэхгүй байх боломжтой. Цаашид нийтийн тээврийн хэрэгслийг тохилог ая тухтай байлгах тал дээр анхаарна. Тэгэх юм бол хүн бүр машин авах гээд байхгүй. Наад захын утаа, замын түгжрэл гэхгүй болно.
-Хүнс үйлдвэрлэгчид бор­луулалтын машины дугаарыг хязгаарлахгүй байх хүсэлт гаргаж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдэх бол?
-Монголын хүнсчдийн холбоо, Борлуулагчдын хол­боотой энэ асуудлаар уулзаж ярилцсан. Ялангуяа түргэн муудах бүтээгдэхүүний талаар анхаарах хэрэгтэй гэсэн юм. Томоохон худалдааны төвүүдээс энэ талаар тодруулахад одоохондоо ийм бэрхшээл алга гэсэн. Харин гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд хүргэхийн тулд цаг хугацаа их зарцуулдаг юм билээ. Гэхдээ өглөөний долоон цагаас өмнө, оройн 22 цагаас хойш дээрх дэлгүүрүүдэд бараагаа хүргэх боломж байгаа талаар ярилцсан. Үүнээс хойш дахиж энэ талаар санал гомдол ирээгүй. 

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан