Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар хөдлөлтийн талаар урьдчилан сануулаагүй эрдэмтдийг зургаан жилээр яллав

Одоогоос хоёр жилийн өмнө Италийн Лакуила хотод 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 300 гаруй хүн амь насаа алдаж, мянга гаруй хүн бэртэж гэмтсэн томоохон гамшиг тохиолдож байсан. Энэ газар хөдлөлтийн талаар урьдчилан сануулж анхааруулаагүй хэмээн зургаан эрдэмтэн, Засгийн газрын нэг албан тушаалтныг шүүхээс зургаан жилээр яллав. Тэд бол Италийн “Гамшиг осол, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэн үндэсний зөвлөл”-ийн гишүүд юм.  Тийм ч учраас Лакуила хотын иргэдэд гамшгийн талаар урьдчилан анхааруулж, аюулаас сэргийлж чадаагүй гэдэг үндэслэлээр тэднийг ийн шийтгэжээ. Уг газар хөдлөлт болохоос өмнө Италид газар чичирхийлэх, бага зэрэг хөдлөх үзэгдэл нэлээд хэдэн удаа ажиглагдаж байсан боловч эдгээр эрдэмтэн “Энэ бол хэвийн үзэгдэл” хэмээн мэдээлж, хүмүүсийн санаа сэтгэлийг тайвшруулж байжээ. Энэ нь болзошгүй гамшгийн хор уршгийг дутуу үнэлж, олон нийтийг гамшиг ослын өмнө бэлтгэлгүй байхад хүргэсэн гэж шүүх үзэж байгаа аж.
Гэвч Италийн энэ шүүхийн шийдвэр шинжлэх ухааны байгууллагуудын шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байна. Тухайлбал Америкийн Геофизикийн хүрээлэн, Оксфордын их сургуулийн эх дэлхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн зүгээс энэ явдлыг буруушааж “Шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр тогтоож гаргасан мэдээллээ хуваалцсан эрдэмтэн судлаачдыг шоронд хийх нь цаашид энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, нийгэмдээ тус хүргэх үйлсийн зоригийг нь мохоож байгаа хэрэг” гэж мэдэгджээ. Эрдэмтдийн өмгөөлөгчид “Газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж чадахгүй. Чадах байлаа ч урьдчилан сэргийлж чадахгүй. Гамшгийн учруулж болох эрсдэл юу болохыг ч тооцоолох боломжгүй” гэж тайлбарласан боловч шүүгчид тэдэнд эргэлзэх зүйлгүй ял оноожээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан