Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“SouthGobi Resources”-ын австрали зөвлөх авлигын хэрэг илчилснээс хил давах эрхгүй болжээ

Монголоос гарах эрхгүй болчихоод байгаа “SouthGobi Resources” компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийн талаар Австралийн хэвлэлүүд нэлээд шуугьж байна. Тус компанитай холбоотой авлигын хэргээр шалгуулах шаардлагатай хэмээн хил давахыг нь хориглоод буй Сара Армстронг Австралийн иргэн, нөгөө талаар манай улс нүүрсний зах зээл дэх Австралийн шинэ хүчтэй өрсөлдөгч нь учраас тус улсын Гадаад хэргийн яам энэ хэрэгт онцгойлон анхаарч буй бололтой. Гадаад хэргийн сайд Боб Карр хэвлэлд мэдэгдэхдээ “Сара Армстронгийг хориогүй, баривчлан саатуулаа ч үгүй. Түүнийг бичиг баримтыг ч хураан аваагүй” гээд түүнд туслахын тулд холбогдох албаныхан чадах бүхнээ хийж байгаа гэжээ. Саяхан манай улсад айлчлаад буцсан Боб Карр хэвлэлд ярихдаа “Монгол-Австралийн харилцаа маш сайн байгаа. Бид Монголын уул уурхай дахь хамгийн том хөрөнгө оруулагч. Тиймээс энэ хэрэг хурдан шийдэгдэх байх гэж найдаж байна” гэсэн байна.
Сара Армстронгийн эцэг эх ч охинтойгоо өдөр бүр утсаар ярьж холбогдож байгаагаа хэвлэлд ярьжээ. Тэд охиноо гэртээ авчрахыг хамгаас их хүсч байгаа ч зул сараас нааш асуудал шийдэгдэхгүй байх гэсэн мэдээлэл өгчээ.
 “SouthGobi Resources” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг өнгөрсөн баасан гаригт Хонконг руу нисэх гэж байхад нь цагдаагийнхан саатуулаад, түүнийг мөнгө угаасан бас авлигын хэрэгт холбогдуулан шалгах гэж байгаа учраас хил давах эрхгүй гэж анхааруулжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Сара Армстронг компанийнхаа татвараас зайлсхийсэн, бас орон нутгийн удирдлагуудад их хэмжээний авлига өгснийг мэдэж байгаа учраас шалгуулахад хүрсэн гэлцэж байна. Харин энэ мэдээлэл үндэслэлгүй гэж “SouthGobi Resources”-ийн эх сурвалж мэдэгдээд “Сара Армстронг хэдэн сарын өмнө Монголын албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилсэн учраас одоо ийм зүйлд орооцолдоод байгаа юм” гэж тайлбарлажээ.
Сара Армстронг одоогоор анхны байцаалтаа өгчихөөд дараагийнхыгаа хүлээж байгаа аж. Түүнийг хоёр дахь байцаалтаа өгөх үед нь Австралийн Монгол дахь Ерөнхий Консул Дэвид Лоусон түүнтэй хамт байлцахаар болжээ.
Сара Армстронгийн тухай цухас танилцуулахад тэрээр 32 настай, олон улсын хуульчаар ажилласан таван жилийн туршлагатай, “SouthGobi Resources” компанид хоёр жил хагас ажиллаж байгаа гэнэ. Дөрвөн хэлээр ярьдаг энэ бүсгүй маш чадварлаг, ирээдүйтэй хуульч гэж найзууд нь үнэлдэг аж. Тэрээр Монголын хууль, эрх зүйн орчин нөхцөл амаргүй учраас байнга бие хамгаалагчтай явдаг гэж найзууддаа ярьсныг “The West Australian” сонинд бичжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан