Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Увсын Засаг дарга Э.Цасчихэр таван тэрбум төгрөг завшжээ

АТГ-ынхан Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг шалгаж дууссан учир прокурор хянаад эхэлжээ. Хан-Уул дүүргийн шүүх одоогоос таван сарын өмнө тэдэнд холбогдох албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэргийг хэлэлцээд Засаг дарга Э.Цасчихэрт гурав, ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, тус бүрийнх нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан юм. Тэд эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд давж заалдсанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Төсвийн хөрөнгийг их хэмжээгээр дур мэдэн захиран зарцуулж, үрэн таран хийсэн тэдний албан тушаалыг түр түдгэлзүүлээд байгаа юм.    
Давж заалдах шатны шүүхийн магадлалд Э.Цасчихэр, Д.Батсайхан нарт холбогдох хэргүүдийг нарийвчлан шалгах шаардлагатай гэжээ. Тухайлбал, 2009 онд болсон зуднаар олон малчин малгүй болсон. Тиймээс төрөөс тэднийг малжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт гэхэд л улсын төсвөөс 280 гаруй сая төгрөгийг малгүй болсон айл өрхийг малжуулах зорилгоор олгожээ. Гэтэл аймгийн удирдлагууд нь энэ мөнгийг өөр зориулалтаар ашиглаж, завшсан гэнэ. Энэ хэрэгт дээрх хоёр албан тушаалтнаас гадна УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч н.Чимиддорж холбогдсон байна. Түүнийг  иргэдийг малжуулах нэрээр 23 сая төгрөг завшсан гэж шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, малгүй иргэдийг малжуулсан хэмээн хуурамч баримт бүрдүүлжээ.
Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг буруутгаж буй хоёр дахь үндэслэл бол Увс аймгийн Улаангом суманд баригдах ёстой 24 айлын орон сууцны барилга. Энэ барилгыг барих сонгон шалгаруулах тендерт Э.Цасчихэрийн төрсөн дүү Э.Батсүхийн “Мөнхжим өргөө” компани, “Ундрах констракшн”, “Арвижих хүнс” зэрэг гурван компани хамтарсан консерциум байгуулан оролцжээ. Тэд 476 сая төгрөгийн өртөгтэй 24 айлын орон сууцыг 2008 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар гэрээ хийж, төсвөөс санхүүжилтээ бүрэн авчээ. Гэвч дээрх хамтарсан консерциум гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Ингээд 2009 онд Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр албаны эрх мэдлээ хэтрүүлэн захирамж гаргаж, “Ундрах констракшн” компанид 125 сая төгрөг олгосон байна. Гэсэн ч өнөөдрийг болтол дээрх барилга ашиглалтад ороогүй л байгаа гэнэ.
Увс аймагт тавигдах ёстой байсан Нарийны болон Тээлийн гүүрний бүтээн байгуулалтад зарцуулах байсан мөнгийг Засаг дарга нь, ИТХ-ын даргатайгаа нийлээд завшсан хэрэгт унаад буй. Нарийны голын гүүр нь 325 метр урт, 2,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Тээлийн гүүр нь 75 метр урт, 388,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ хоёр гүүрийн нийт өртөг гурван тэрбум төгрөг.  “Мөнхжим өргөө” компани барилгын ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч, ажлаа эхэлжээ. Гэвч мөн л өнөөг хүртэл энэ хоёр гүүр ашиглалтад ороогүй. Гүүрний бүтээн байгуулалтад зориулах ёстой мөнгийг юунд зарцуулсан нь ч тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн Увс аймгийн төв Улаангом хотод баригдаж байгаа “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн”-гийн барилгын санхүүжилтийг ч зориулалтын бусаар зарцуулсан гэж тэднийг шалгажээ. Тодруулбал, барилгын гүйцэтгэлийг хянахгүйгээр 1,3 тэрбум төгрөгийг тус цэцэрлэгт хүрээлэнд зарцуулсан гэнэ. Тиймээс үүнийг ч нарийвчлан шалгасан байна.
Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг буруутгаж буй дээрх үндэслэлүүдээс үзвэл, орон нутаг дахь бүтээн байгуулалт, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтаар зарцуулдаггүй нь тодорхой байна. Прокурор хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд төсвийн мөнгийг сая саяар нь, тэрбум тэрбумаар нь үрэн таран хийсэн Э.Цасчихэр, Д.Батсайхан нарт холбогдох дээрх хэргүүдийг дахин эхнээс нь хэлэлцэж таарах нь.

Б.Алтан

1 Сэтгэгдэл
Цэндсүрэнгийн бичсэн матаас тэр чигтээ бичлэг болоод явжиин
10-15Жилийн ял,хөрөнгийг нь хураах хүртэл Хятадууд шиг баймаар байна!!!
3 тэрбум идээд 3 хан жил суудаг яасан хууль вэ
Aimgiin AN darga mataas Tsendsyrengiin tulburtei niitlel l bna
Хамгийн их уншсан