Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэв

Дусал цусны шид. Таны бэлэглэсэн 300-400 гр цус хэдэн хүнд амьдрал бэлэглэдгийг та мэдэх үү. 300-400 гр цусаар 3-4 хүнийг авардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэгвэл энэ ариун үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдэж цусаа бэлэглэсэн юм. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд “Үндэсний өгөх өдөр”-ийг тэмдэглэдэг. Үүний хүрээнд сайн дураараа цусаа бэлэглэдэг. Өнгөрсөн жил энэ өдрийг “Том болоорой Удвалаа” уриан дор бяцхан охин Удвалд тусалж байсан. Харин энэ жилийн тухайд “Амьдрал бэлэглэх аян”-ны хүрээнд тэмдэглэж байгаа юм. Энэ аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамрагдаж хоёр дахь жилдээ цусаа бэлэглэв. Мөн тэрээр өөрөө цусаа өгөхөөсөө гадна, ард иргэдээ цусаа өгөхийг уриалсан юм. Ерөнхийлөгчийг цусаа өгөхөөр хүрэлцэн ирэхэд Эрүүл мэндийн яамны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр угтан авч мэндчиллээ.  Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүст амьдрал бэлэглэх ариун үйлсэд хувь нэмрээ оруулахаар ирсэнд талархан “Ерөнхийлөгч таныг өнгөрсөн жил цусаа өгснөөс хойш манайд улам олон хүн хандаж, шинэ шинэ доноруудтай болсон. Бид  орчин үеийн тоног төхөөрөмжийг нэмж суурилуулаад байгаа. Шинэ  цахим сүлжээтэй болж, доноруудынхаа талаарх мэдээллийг өндөр нууцлалтай болголоо. Цусаар дамждаг халдваруудыг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар оношилж байгаа. Та өнөөдөр хоёр дахь удаагаа цусаа бэлэглэн, Донорын хуулийн дагуу манай байнгын донор болж байна. Ялангуяа та ийнхүү цусаа өгч манай доноруудын дотор харьцангуй бага хувьтай байдаг төрийн албан хаагчдыг  энэ үйлсэд манлайлан уриалж буйд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.
Албаныхны хэлж байгаагаар тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүлээд байгаа аж. Зарим цусан бүтээгдэхүүн нь жилийн нөөцтэй болсон байгаа гэнэ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хувьд цус цусан 13 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эдгээрийн заримынх нь хугацаа тав хоногт дуусдаг учраас тухай бүрт нь шинэчилдэг аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан онцгой нөхцөл байдалд зориулсан цусны төв байгуулахаар ажиллаж байгаа. Клиникийн нэгдсэн II эмнэлгийн хажууд газар авч, барилгын зураг төслийг нь боловсруулаад байгаа аж. Энэхүү цусны төвийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөж, энэ жил улсын төсөвт тусгахаар саналаа өгөөд байгаа гэнэ. Байгалийн гамшиг, газар хөдлөлт, онцгой байдлын үед тэсвэртэй төв байгуулахаар зорьж. УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү төвийг ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар тооцон ажиллаж байгаа юм байна.
Цусаа бэлэглэснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд хандаж дараахь зүйлийг хэлсэн юм. Тэрээр, “УИХ, Засгийн газар энэ чухал ажлыг анхаарна гэж найдаж байна. Энэ бол цусны нөөцийн чухал төв юм. Аливаа улс оронд байгалийн гамшиг, онцгой байдлын үед цусны нөөц зайлшгүй шаардлагатай байдаг. Өнөөгийн цусны төв дөнгөж хүрэлцэх төдий байгаа учир нэмэлт төв барих шаардлагатай байгаа юм.
Цусаа бэлэглэж дууссаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Миний цус IVбүлгийнх учир ихэд эрэлттэй байдаг. Өмнө нь өгсөн цус хүний амь аварсан гэж сайхан мэдээ дуулсан. Сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, цэргийн ангийнхан, оюутнууд, албан байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд нийтээрээ цусны төвд цусаа бэлэглэх ажлыг зохион байгуулж, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд туслахыг уриалж байна.
 
Би жил гаруйн өмнө цусаа өгсөн. Үүний дараахан ард иргэдийн дунд цусаа бэлэглэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж, Цусны төв маань хангалттай нөөцтэй болсон гэж сонссон. Хүн нэг удаа цусаа өгөхдөө дунджаар 350 граммыг өгдөг тул эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй. Түүнчлэн тус байгууллага нь цусаа өгсөн иргэдийн мэдээллийг чандлан хадгалдаг. Цусаа өгөх иргэдээс тодорхой шинжилгээ авдаг тул Цусны төвийн аюулгүй байдал эрс сайжирсан. Иймээс бүгдээрээ нэг нэгэндээ амьдрал бэлэглэе. Цусны төв, “Шийдлийн гарц” ТББ хамтран зохион байгуулж буй, хагас жил үргэлжлэх “Амьдрал бэлэглэе” аянд оролцохыг нийт иргэддээ уриалж байна. Миний өгсөн цус олон хүний амийг аварсан гэж бодоход, сонсоход үнэхээр гайхамшигтай сэтгэл төрдөг юм шүү” гэв.
 

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан