Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮЦ буюу гэр цэцэрлэг


Шинэ засгийн газар, БШУ-ны сайд Л.Гантөмөр сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгт анхаарал тавьж эхэллээ. Энэ нь цэцэрлэг хүрэлцээгүй байгаа өнөө үед бага насны хүүхэд гэртээ түгжигддэг, гудамжинд өдрийг өнгөрөөдөг, эсвэл аав ээж хоёрын нэг нь хөдөлмөр эрхлэх, улмаар амжиргаагаа дээшлүүлэх боломж олддоггүй байдлаас гарах нэг арга.
Сайн хэрэг. Үнэхээр өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж таньдаг хүн хайж, ар өврийн хаалга татаж явдаг, энэ цаашлаад өнөөх л авлига, хээл хахуулийг нууцаар цэцэглүүлдгийг ч хаах нэг шижим.
Харин.....харин хэр үр дүнтэй байх бол. Тулгарч болох бэрхшээлүүдийг тойрч гарч чадах уу.

Хамгийн эхлээд л нэгэн цагт монголчууд захаасаа аваад ТҮЦ байгуулж, дэлгүүр худалдааны наад захын стандартыг зөрчин халуун хүйтэн ямар ч нөхцөлд бүх бараагаа холин, стандарт бус байранд хадгалж, худалдаалж эхэлсэнтэй адил болох юм биш биз. Монголчууд зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жил өнгөрчихөөд байхад ТҮЦ-нүүд өнөөдөр ч энэ хэвээрээ байсаар, мэргэжлийн хяналт, стандарт хэмжилзүйн байгууллагууд цэгцэлж амжихгүй л байгаатай адил болохгүй гэх баталгаа байна уу.
Хүүхэд, ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхэд амьдрах стандарт гэж бий. Нэг хүүхдэд хэдий талбай, хэдийн хэмжээний агаар ногдох, байр орчин нь агааржуулах болон гэрэлтүүлгийн ямар орчин, тоноглолтой байх гээд.

Гэтэл нэг цагт албан тушаалтай хүн бүр их дээд сургууль байгуулсан шиг, энд тэндэхийн албан тушаалтны танил тал, ах дүү, найз нөхөд бүгд “ГЭР ЦЭЦЭРЛЭГ” байгуулаад эхэлдэг. Энэ бүхий л стандарт ёстой л цаасан дээр үлдэж хоцорч, зүгээр л нэг хүний хүүхдийг “гэр хорионд” оруулдаг юм болохыг хэн үгүйсгэх вэ. Чухамдаа өнөөдөр Засгийн газар, БШУЯ гээд хариуцах ёстой байгууллагууд тээр дээр тэнгэрт байдаг, асуудлыг газар дээр нь шийдэх улсууд бол хот дүүргийн боловсролын байгууллага, яг нарийндаа бол хороо хорин. Гэтэл өнөөдрийг болтол анхан шатны тэр нэгжид чинь аль нэгэн намын хүн шургалчихсан хэнд зээл тусламж өгөх вэ, хэнийхийг хаана хашаа хатгуулах вэ гэдгийг “улс төр”-ийн нүдээр хараад сууж байгаа.

Өөрийн танил тал, хамаатан садан, намынхаа үнэнч хүмүүст “Гэр цэцэрлэг”-ийн зөвшөөрөл олгодог бас нэг дархан эрх нэмэгдээд, өдөртөө харж хандах хүнгүй хүүхдээр амжиргаагаа дээшлүүлэх нэгэн төрлийн бизнес хийчихгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ. Зүй зохисоороо байгаа эсэхэд хяналт тавьж байх ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага ч  гэсэн өнөөх барилгын компаниуд,  гуанз зоогийн газрыг  шалгадаг шигээ оромдоод байн байн очиж “Хаана, эрхийг чинь хасна” гэж дарамталдаг, мөнгө саадаг болчихгүй л байгаасай.

Зөвшөөрөл, бичгийг нь яаж өгөх вэ. Тэр л гэр орны орчин нөхцөл, ажиллах хүний эрүүл ахуйн шинжилгээ гээд бүхнийг мэдээж хүн, нэгэн албан тушаалтан  л өгнө. Өмнөх өмнөх засаглалын үе шиг энэ бүхэн нь арын хаалгаар гүйж алгын чинээ цаас цуглуулдаг болчихгүй л байгаасай. Үүнийг нь цуглуулах, үнэхээр олонд хэрэгтэй ажил үйл хийе гээд явж байгаа нэгнээс тэр л стандарт, мэргэжлийн хяналт, эмнэлэг, цэрэг цагдаа гээд зөвшөөрөл өгөх ёстой байгууллага, албан тушаалтнууд нь гар хараад хүнд суртал гаргаад байхгүй гэдгийг юугаар нотлох юм бэ. Яг үнэндээ монголын төрд ажиллаж байгаа хүмүүс, албан тушаалтнууд бүгдээрээ биш юм гэхэд багагүй хэсэг нь монгол төрийн ажил алба, албан тушаалыг ийм байдлаар мөнгө олох хэрэгсэл болгочихсон гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Үүнийг яаж тойрох вэ.

Ингэж ингэж үнэхээр өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 60 орчим мянган хүүхдийг бүгдийг нь биш юм гэхэд дийлэнхийг нь цэвэр тохитой, эрүүл аюулгүй орчинд өдөр өнгөрөөдөг болгочихвол ёстой дэвшил л гэгч болно.
Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал. Өөрөөр хэлбэл хүүхэд гэртээ түгжүүлдэг, гудамжинд тоглодог, эсвэл өвөө эмээ дээрээ очих гэж өглөө хар эрт босон нүдээ нухалсаар хотын нэг захаас нөгөө зах руу хүргүүлдэг бэрхшээлээс л сална. Харин  сургуулийн өмнөх боловсрол гэдэг том асуудлыг ийм байдлаар хэзээ ч шийдэж чадахгүй. Боловсрол олгоно гэдэг өөрөө шинжлэх ухаан, тэр дундаа сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсрол бол хэн дуртай хүний хийчихдэг ажил огт биш.

Чин шударгаар яваад үнэхээр боловсролын байгууллагад ажиллаж байгаад насны тэтгэвэртээ гарсан багш, бүр цэцэрлэгийн багш нарыг эхний ээлжинд сонголоо ч гэсэн энэ тийм амар ажил биш. Ядаж л тухайн хүний авч байгаа зургаан хүүхэд байлаа гэхэд тэр нь бүгд нас чацуу байж таарахгүй. Тэгээд ч гэртээ хүүхэд харах гэж байгаа хүн маань хэдийн насны хүн байх билээ. Өнөөх орчин үетэйгээ хэр хөл нийлж байх бол. Эсвэл БШУЯ анхан шатны, хамгийн ерөнхий  сургалтын төлөвлөгөө материал бэлтгэж гаргах уу гээд асуудал олон байна.

Гэхдээ “санаачилгатай хүн арга хайдаг, санаачилгагүй хүн шалтаг хайдаг” гэдэг шиг болохгүй бүтэхгүйг улиглахаасаа, эхлээд  асуудлыг шийдье гэж байгаа шинэ засагт талархахаас яахав. Хамгийн гол нь энэ бүхий л бэрхшээлийг даван туулах, аятайхан боломжтой ажлыг дундаас нь хэн нэгэн завхруулчихгүй, улмаар нэр хүндийг нь унагачихгүй байж бодитой, олон түмэнд хэрэгтэй ажил болгох  талаас нь эртнээс бодолцож зөв зохион байгуулаасай л билээ.

0 Сэтгэгдэл
bitgi hudla shinjleh uhan yariad bai l daa. ehled dund surgulin suragchdinhaa surah bichgig nasand ni tohirulad hewluled uguch. ard tumnihe sanand hurtel ajillaj chadahgui bna chu erhem said aa
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан