Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гомдлоо л нэг хэлж авъя гэсэн шиг л .....

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулсан Шинэчлэлийн засгийн газар МАН-ын бойкот, олон яамтай болж өргөжлөө гэсэн шүүмж, эсэргүүцлийг туулан туулан байж арайхийн байгуулагдаад ажлдаа орон жигдэрч эхэлж байна.
Мөрийн хөтөлбөрөө парламентаар батлуулаад одоо эхний жилийнхээ төсөв хөрөнгийг батлуулах нь.

Уралдаанаар юм бол гараан дээр дөнгөж гараад ирсэн чинь болж бүтэхгүй түмэн зүйл тохиолдож, ард иргэдийн гомдол барагдахгүй болон дарагдах нь тэр. Угаасаа ч урьд нь эрх мэдэлтнүүд аль нэг  томоохон соёлын төв, клуб зааланд бөөнөөр нь цуглуулаад “Монгол улс дэлхийд байхгүй хурдаар хөгжиж байгаа”-г сэнхрүүлэн ярьж, нижигнэсэн алга ташилтаар өндөрлөдөг, гачигдал зовлон бэрхшээлийг тэгэсхийгээд өнгөрөөдөг байснаас тэр биз. Тийм ч болохоор өнөөдөр монголын ард түмэн эзгүй байгаад ирсэн эцгийгээ харсан хүүхдүүд  шиг болж зовлон брэхшээлээ дуулгаж эхэллээ. Тэнд ч зөвшөөрөлгүй барилга барьж байна, энд ч зам талбайг эвдээд барилга барилаа, тийм ч төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байна, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид хандив тусламж гээд мөнгө татаж байна......ус дулаан хүрэлцэхгүй......гээд. Тэдний үг гомдол ерөнхийдөө “Энэ засаг төр анхаараач.....Хотын удирдлага үүнийг шийдээд өгөөч......” гэж төгсөнө.
Чухамдаа эзэнгүй байсан энэ улс оронд одоо л эзэд нь эргэж ирж байгаа нь энэ юм болов уу даа. Харин айлын эзнийг эзгүй байх хооронд олон юм өөр голдрилоор явчихаж ээ. Гэрийнх нь бүрээс муудаж гандаад салбарчихсан байхад өнөөх түр эзэд анзаарсангүй. Хашааных нь газраас өөр хүмүүст өгчихөж. Хүүхдийн нь тоо нэмэгдээд өсч өндийсөн байхад нэг ч сургууль эмнэлэг цэцэрлэг нэмж барьсангүй. Сум орон, худаг ус руугаа явдаг замыг нь засч байгаа нь энэ гээд там болгочихож. Хэдэн хүүхдийг нь зүгээр суулгасаар байгаад ажил хийхийг нь бүр мартуулж орхиж. Тэгсэн атлаа тэр бүхнийг хийнэ гээд мөнгө татвар аваад л байсан, хаашаа орсон юм бүү мэд.

Шинэ Засгийн газрын тэргүүн, Нийслэлийн Засаг дарга нар ганц хоёрхон газраар яваад л олон түмэнтэй уулзаадахсан чинь ёстой л түмэн жил хуримтлагдсан мянган санал гомдлыг ийм байдлаар сонсоод шийдвэрлэнэ гэвэл зүгээр л шуудан хүргэгч шиг айлаас айл, сум багийг тойрч  явсаар  байгаад дөрвөн жилийг үдэхээр болсон нь харагдаж. Аргаа барахдаа Төрийн ордны хойно 11+11 гэсэн санал хүсэлт хүлээж авч байх нээлттэй танхим нээв. Нийслэл хот ч бас ийм газар нээлгүй болохгүй болж.

Үнэндээ өнгөрсөн 20 жилд эзэнгүй байсан энэ улс орон нийслэл хот, зүйрлэвэл хаа нэгтэйгээс нүүлгэн шилжүүлж авчраад харж асрах хүнгүй газарт буулгачихсан дүрвэгсдийн хуаран шиг л байна. Тэнд бол нэг өглөө сэртэл машинтай хэдэн дарга хүрээд ирсэн байвал эргэн тойрноос нь бүчиж аваад ёстой нэг хэлэх гэснээ ам уралдуулан хэлж зовлонгоо тоочино доо. Өнөөдөр Монгол улс, нийслэл хот яг л ийм. Эзэнгүй байж байж,  сая л нэг албаны байрын хүн ирсэн юм шиг.
Хийх ажил ч их байна даа. Өргөс авсан юм шиг, нэг хоёрхон өдөр л зүв зүгээр болчихноо ч гэж байхгүй дээ, тэр бүү хэл нэг хоёр жилдээ.
Яахав харин хүмүүс өмнө нь хаданд хашгирсан юм шиг чив чимээгүй, хааяа нэг дарга ирвэл умард солонгос шиг магтаалын үг цувуулж байгаад, алга ташуулсаар алга болдог байсан. Одоо харин нэг сонсдог хүмүүс шиг байна гээд, гомдлоо хэлж л байг, юуг яаж хийхийг нь харж л байг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан