Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулагчдыг үргээх үнийн уналт

"Монгол Улсын улирлын эдийн засгийн тойм” хэмээх судалгааг Дэлхийн Банкны мэргэжилтнүүд хийж улирал бүр танилцуулдаг. Энэ удаа наймдугаар сараас хойшхи үеийн байдлаар Монголбанк, Үндэсний статистикийн хороо болон төр засгийн эрх бүхий бусад байгууллагаас гаргасан эдийн засгийн тайлан мэдээнд үндэслэжээ. Уул уурхайг эрчимжүүлснээр дэлхийн улс орнуудын “нүдийг бүлтийлгэж чихийг нь дэлдийлгэм” амжилттай явсан манай улсын эдийн засгийн тогтолцоо өнгөрөгч саруудад ямар том сул талтай болохоо таниулсан. Экспортын гол бүтээгдэхүүн зэс, алт, нүүрсний экспорт огцом буурсан нь “сэрүүн зүүднээсээ сэр” хэмээн сануулав. Одоогоос гурав, дөрвөн жилийн тэртээ “Дэлхийн эдийн засагт хямрал тохиолоо, бид түүнийг бараг хохиролгүй даван тууллаа” гэж ярьж, бичиж байсан. Гэвч үнэн хэрэгтээ одоо ч дуусаагүй байна. Хямралын хоёр дахь “давалгаа”-нд өртсөн АНУ эдийн засгаа өмгөөлж “Энэ бол хямрал биш зүгээр л түр зогсолт” гэж тодорхойлсон бол Хятадынх ердөө л удааширч байна” гэв. Харин энэ удаашрал нь Монголын эдийн засгийг ингэтлээ “зовоогоод” байгаа юм.
Дэлхийн банк ийм нөхцөл байдал үүссэн шалтгааныг “Өнгөрсөн гурван жилд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага ихээхэн нэмэгдэж, төсвийн мөчлөг дагасан бодлого баримталсан явдлаас үүдэлтэй” хэмээн дүгнэж байна. “Төсөв тэлсэнээр инфляц хөөрөгдөхөд нөлөөлсөн. Хэрвээ “Оюу толгой” уурхайн олборлолт, борлуулалт хойшлогдвол эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж сануулсан юм. Хэдийгээр тогтворжуулалтын санг бий болгосон ч үүнд маш бага мөнгө хуримлагдсан учраас энэ мэт эрсдэлийг даван туулахад хүрэлцэхгүй гэнэ. Харин намрын чуулганаар хэлэлцэгдэж буй 2013 оны төсвийн төсөл нь зарлагыг хязгаарлаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэх замаар эрсдэлийг багасгана гэж үнэлж байна.
Засгийн газрын зардал, орлогын дүнг харахад зардал 24.2 хувиар бодитой өсч, орлого ямар ч өсөлтгүй гарчээ. Шалтгаан нь бензин болон дизель түлшнээс авах татварыг чөлөөлсөнтэй холбоотой аж. Иймээс төсвийн алдагдал 8.4 хувь хүрч, ДНБ-ий 14 хувьтай тэнцэх болжээ. Харин ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд буурч 11 хувь болсон ч он дуустал 10 хувиас буурахгүй байх төлөвтэй байгаа аж. Гадаад валютын нөөц буурч, 1,4 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлт болсон. Гэсэн хэдий ч Монголбанкнаас хийсэн интервенц үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Банкуудын зээлийн өсөлт өндөр хэвээр байгаа учир санхүүгийн зах зээл эмзэг гэдгийг тодотгосон юм.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверсин зөвлөхдөө “Эдийн засгийн өсөлт дан ганц уул уурхайгаас хамааралтай байгаа. Гэтэл хүмүүсийн ажиллах гол салбар хөдөө аж ахуй учир эдийн засгийг төрөлжүүлэх буюу ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжихэд бодлого боловсруулагчид анхаарах хэрэгтэй” гэсэн юм.  Засгийн газраас гаргасан таван тэрбум ам.долларын бондын тухайд тэрээр эргэн төлөх учир олсон мөнгөө нийгмийн салбарт бус эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулах нь чухал гэлээ. Сүүлийн үед тогтвортой өсөлтийг хадгалах нь чухал гэж их ярих болсон. Тогтвортой өсөлт нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үзүүлэлт болдог байна. Харин наймдугаар сард үүссэн “уул уурхайн хямрал” буюу түүхий эдийн үнийн уналт хөрөнгө оруулагчдад тийм ч таатай мэдээ байгаагүй нь ойлгомжтой.

Б.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан