Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын анхны найруулал буюу С.БУЯННЭМЭХ


Монголын уран зохиол, сэтгүүлзүйн яахын аргагүй анхдагчийн нэг “Улсын гавьяат алдарт уран зохиолч” Содномбалжирын Буяннэмэхийн төрсний 110 жилийн ой тохиож байна. Монгол Улс харийн түрэмгийлэгчдээс дөнгөж л салан тусгаарлаж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан энэ хүн улс төр нийгмийн том зүтгэлтэн, уран зохиол, сэтгүүлзүйн сод авьяастан байжээ.

Намтраас нь
 
Содномбалжирын Буян¬нэмэх хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 1902 онд төрсөн байна. Багадаа өнчирсөн түүнийг өвөрлөгч хошууны Жирмийн чуулганы Тогтох тайж үрчлэн авснаар зүгээр нэг малчин болчихоогүй, соёл гэгээрлийн замд хөтлөх сурвалж нь болж. Хожмоо монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт зүтгэж явсан Тогтох тайж хүүдээ хятад, манж, монгол бичиг зааж гэрийн боловсрол олгон, дараа нь өвөрлөгч хошууны сургуульд оруулжээ. Энд сурч ахуйдаа дорно дахины сонгодог уран зохиолтой танилцаж эхэлсэн байна.
 
Төр нийгмийн зүтгэлтэн
 
С.Буяннэмэх хувьсгалын хэрэгт залуугаасаа оролцож улс орондоо шинэ засаг тогтоохын төлөө зүтгэж явснаас гадна олон улсын хувьсгалт үйл ажиллагаанд ч оролцож явсан түүхэн хүн. Хятадын гамин цэрэг 1920 онд нийслэл Хүрээг эзлэхэд Хиагтад очиж хувьсгалчдын идэвхтэй гишүүний нэг Буурын харуулын Данзан ламынд сууж байхдаа хувьсгалчидтай танилцан Эрхүү хотноо “Монголын үнэн” сонинг гаргалцаж явжээ.  Хүрээг чөлөөлсний дараа  Цэрэг ардыг сурган боловсруулах газарт ажиллангаа МХЗЭ-ийг байгуулахад идэвхтэй оролцсон байна. Түүний “Интернациональ” шүлэг нь нэг хэсэгтээ л МАХН-ын сүлд дуу болж байж. Эвлэлийн анхны дууг ч С.Буяннэмэх зохиосон гэдэг. Ингээд  МХЗЭ-ийн Төв Хорооны дарга, Улаанбаатар хотын намын хорооны дарга, Буриад Монголд Шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгч, цэнгэлдэх хүрээлэнгийн  дарга зэрэг алба хашсан байна.

Мөн Өвөрмонголд хувьсгалын ажил өрнүүлэх даал¬гавраар 1924-1926 онд ажилласан байдаг. Зарим эх сурвалжид үүнийг нь Ком¬мунист интернационалийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж тэмдэглэсэн нь бий. Тэнд Өвөрмонголын Ардын хувьсгалт намыг байгуулалцаж, анхдугаар их хурлыг нь зохион байгуулалцаж, намын төв хорооных нь тэргүүлэгч гишүүн, сэтгүүлийн эрхлэгчийн ажил хийж байснаас үзэхэд энэ үнэн бололтой.
Улмаар 1921 онд Москвад болсон Дорно дахины ардын төлөөлөгчдйин анхдугаар их хуралд оролцож В.И.Ленинтэй уулзсан бол, 1922 онд Олон улсын коммунист залуучуудын хоёрдугаар их хуралд оролцож байжээ.

Улсын гавьяат алдарт уран зохиолч
 
Ёстой л зургаан хүний нэг нь дуганд олбогтой, зуугийн нэг нь бичиг үсэгтэй байсан Монгол оронд орос хятад, манж хэлтэй С.Буяннэмэх жинхэнэ гэгээрсэн хүн байлаа. Ийм ч болохоор тэрээр уран бүтээлийн ажлаа бүр 1920-иод оноос эхэлсэн байдаг. Тэрээр “Алсыг зорьсон алтан загас” шүлэглэл, “Малчин Товуудай”, “Их тэнгэрийн дүлий” тууж өгүүллэг, “Ойрхи цагийн товч түүх буюу Сандо амбан”, Харанхуй засаг”, “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжиг зэрэг олон арван бүтээл туурвисан. 1922 онд нийслэл хүрээнээ анхны соёлын том төв болох клуб нээхэд түүний “Ойрхи цагийн товч түүх буюу Сандо амбан” жүжгийг тавьж байжээ.  Түүний бичсэн “Харанхуй засаг” жүжгийг 1933 онд улсын төв театрын жүжигчид найруулан Москва хотноо болсон олон улсын ажилчны хувьсгалт театрын уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарч байжээ. Дээрхээс гадна өөрөө олон арван тууж өгүүллэг, жүжиг бичсэний зэрэгцээ уран үгийн нийтлэлч зохиолчдын байгууллага байгуулагдахад хүчин зүтгэж уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга хийж, “Уран үгсийн чуулган” эмхтгэл эрхлэн гаргаж, “Уран зохиолыг хэрхэн зохиох сэдэв” гэдэг ном хэвлүүлжээ. Монголд шинэ соёл түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд 1935 онд “Улсын гавьяат алдарт уран зохиолч” цол олгосон байна.
 
“Гайхамшиг учрал”-ыг бичсэн сэтгүүлч
 
Содномбалжирын Буян¬нэ¬мэх сэтгүүлзүйн их хөдөл¬мөрөө Монголын анхны хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чанадад гаргахад оролцсоноор эхэлж, Б.Шумяцкийн хамт Эрхүү хотноо энэхүү сонины зургаан  дугаарыг гаргажээ.
Улмаар хувьсгал ялсны дараа  “Ардын үндэсний эрх”, “Үнэн” сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, “Монгол ардын үндэсний соёлын зам”, “Шинэ толь”, “Улаан туяа” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцсан байна. Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг бүтээж, “Ленин” (1927), “Биеэр Ленин багш лүгээ учирсан байдлаас” (1930), “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найруулал бичин нийтлүүлжээ. 1930-аад оны үед Монголын тогтмол хэвлэлд нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл бичиж байсан нь манай сэтгүүлзүйд  бичлэгийн төрөл, зүйл үүсч төлөвшихөд томоохон хувь нэмэр оруулсан юм.

С.Буяннэмэх Өвөрмонголд ажиллаж байхдаа “Дотоод монголын ардын сэтгүүл” гэдгийг эрхлэн гаргаж байсан нь нэг талаас улс төрийн зорилготой боловч нөгөө талаас шинэ Монгол Улсаа гадаадад сурталчлах чухал хэрэгсэл байжээ. Тус сэтгүүл нь 1925 оны аравдугаар сарын 16-нд, Дотоод монголын ардын хувьсгалт нам байгуулагдсан үеэс эхлэн хэвлэгдэж, 1926 оны дөрөвдүгээр сар болтол нийт есөн удаа хэвлэгдсэн байдаг. Тэрээр сонин хэвлэлд өөрөө үлгэрлэн бичихийн зэрэгцээ идэвхтэн бичигчдэд захиалга, зөвлөгөө өгч, материал бичүүлэн, тэдэнд гарын авлага болох зөвлөмж бичиж нийтлүүлдэг байж.
 
Хэлмэгдлийн хар сүүдэр дайрсан нь
 
Монголын эрх баригчид харийнхны заавар чиглэлээр эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй, төр нийгмийн зүтгэлт¬нүүддээ хилс хэрэг тулган хэл¬мэгдүүлж шоронд хорьж, буудан алж байсан тэр цагийн хар сүүдэр С.Буян¬нэмэхийг ч бас тойроогүй.
Хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь оролцож суртлын ажлын гол цэг дээр нь ажил¬ласан, Коминтернтэй МАН-ыг холбох ажлыг гүй¬цэтгэж, МХЗЭ-ийг байгуулалцаж удирдсан, хувьсгалт уран зохиол, соёл урлагийг хөг¬жүүлэхийн төлөө бүхий л хүч мэдлэг авьяасаа дайчлан зүтгэж явсан түүнийг гурван удаа хэлмэгдүүлсэн байдаг. Анх 1924 онд МАХН-ын III их хурлын үеэр Данзан, Баваасантны хамт баривчлан хорьсон, 1930 онд МАХН-аас хөөж, 1932 оны хавар баруун дөрвөн аймагт бослого гарч, хилийн аймгуудын айлууд дүрвэж эхэлсэн үед тайж язгууртан, улс төрийн талаар найдваргүй этгээд хэмээн барьж дөрвөн сар хорьсон, хамгийн сүүлд  1937 оны есдүгээр сарын 11-нд  Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн гэж барьж цаазлах ял оноосон. Харин С.Буяннэмэхийг буудаагүй, хоригдож байхдаа юм уу, эсгийнд боосноор бүтэж үхсэн гэсэн яриа бий. Түүнийг 1962 онд улс төрийн хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан байна.
 
Төгсгөл
 
Содномбалжирын Буян¬нэмэх хэдийгээр нийгмийн ээдрээтэй цаг үед ахархан, ердөө 35 насалсан ч улс төр, олон нийт, нийгэм, урлаг соёл, уран зохиол, сэтгүүлзүй гээд нийгмийн бараг бүхий л салбарт хүчин зүтгэж, улс орондоо ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байсан монголын шилдэг сэхээтний нэг байжээ.
Түүний уран бүтээл гэхэд л олон талтай, баялаг агуулгатай байж яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг бичихээс гадна, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэм¬дэглэл зэрэг олон төрөл, зүй¬лийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байсан аж. 
С.Буяннэмэхийн уран бүтээл, нэр алдрыг мөнхөлж, түүний төрсөн нутаг Дундговь аймгийн номын санг нэрэмжит болгож,  Мандалговь хотод 2005 онд хөшөөг нь босгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан