Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэр дэвшигчид нь хар шил зүүхгүй, сонгогчид нь хэнийг ч дугуйлахгүй байж болох Америкийн сонгуулийн тухай хачирхалтай 8 баримт

Сонгуулийг яагаад дандаа мягмар гаригт товлодог вэ?

АНУ Ерөнхийлөгчийн сонгуулиа арваннэгдүгээр сарын эхний мягмар гаригт хийж байхаар 1845 оноос тогтсоноос хойш өдгөө хүртэл мөрдөгдөж байна.  Мягмар гаригийг сонгосон учир нь XIX зууны Америк хөдөө аж ахуй, газар тариалангийн орон байсан учир фермерүүдийнхээ хамгийн зав чөлөөтэй өдөрт тааруулсан нь энэ юм. Тэр үед фермерүүд санал хураах цэг рүү явах гэж нэлээн цаг хугацаа авдаг байж. Фермерүүд бямба гаригт аж ахуй дээрээ бүтэн ажиллаад, ням гаригт гадагш гардаг байжээ. Лхагва гаригт зах ажилладаг байсан учир мягмар гаригийг сонгосон аж. Ардчилал өндөр хөгжсөн орнууд дундаа сонгогчдын идэвх, ирцээр хамгийн доогуурт тооцогддог АНУ-ын хүн амын дөрөвний нэг хувь нь хэтэрхий завгүй учраас саналаа өгч амждаггүй хэмээн хэлдэг. Гэвч санал хураах өдрийг тэдний амралтын өдөр тааруулаад ч сонгуулийн ирц нэмэгдээгүй гашуун туршлага бий.

Нарны шил ба сонгууль


Энэ зургийг хараад танд ямар нэг сонин сэтгэгдэл төрж байна уу. Тийм ээ, Жое Байден сонгуулийн цуглааны үеэр хар нүдний шил зүүж гангарчээ. Гэвч тэрээр гоёх гэсэн биш тактикийн нэг алдаа гаргасан юм. Ер нь, сонгуульд өрсөлдөж байгаа улстөрчид нарны шил зүүдэггүй. Ялангуяа сонгуулийн кампанит ажлын үеэр.  Тэр бүү хэл амарч явахдаа ч аль болох нарны шилнээс татгалздаг. Энэ удаагийн кампанит ажлаар гэхэд Б.Обама хурц нартай өдөр гольф тоглосон ч нарны шил зүүгээгүй, Митт Ромни далайд зугаалахдаа ч хар шилнээс татгалзсан байв. Учир нь, тэд нарны шил бол нэр дэвшигчийн талаар “нүдээ нуусан, итгэж үл болох нөхөр” гэсэн ойлголт төрүүлдэг гэдгийг сайн мэддэг аж. Улс төрийн имижмэйкерүүд ч нэр дэвшигчдийг хар шил зүүхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ нэр дэвшигч сонгогчидтой нүдээрээ харилцаа тогтоож чадахгүй бол яаж тэдний хооронд итгэлцэл үүсэх билээ дээ.

Тэдний хэнийг нь ч сонгомооргүй байна

Хэрэв та дэлгүүрт ороод сэтгэлд нийцсэн бараа бүтээгдэхүүн байхгүй бол зүгээр л юу ч худалдан авахгүйгээр гарч болдог шүү дээ. Гэтэл санал хураах байранд ирж, сонгуульд оролцсон л бол таалагдахгүй байсан ч аль нэгийг нь дугуйлах хэрэг гардаг. Тэгвэл АНУ-ын Невада муж сонгогчдын энэ сэтгэл дундуур байдлыг маш сайн ойлгож,  1976 оны сонгуулиас хойш саналын хуудас дээрээ “Дээрх нэр дэвшигчдийн аль нь ч биш” гэж тэмдэглэхийг зөвшөөрдөг болсон байна.

Насан туршийн нэр


Митт Ромни Массачусеттсийн амбан захирагчийн суудлаас буугаад аль хэдийнэ зургаан жил өнгөрсөн байхад одоо хэр нь хүмүүс түүнийг захирагч Ромни гэж дуудсаар л.  Тэгвэл өнөөдөр Барак Обама АНУ-ын албан ёсны цорын ганц төрийн тэргүүн боловч хүмүүс Билл Клинтоныг юм уу, Жорж Бушийг Ерөнхийлөгч Клинтон, Ерөнхийлөгч Буш хэмээн нэрлэсэн хэвээр. Тэгвэл Бүгд найрамдах намын нөлөө бүхий улстөрч Ньют Гингрич Конгрессын даргаар ажиллахаа болиод 14 жил өнгөрсөн атал одоо хүртэл “Ноён Спикер” хэмээн дуудуулдаг. Энэ бол улстөрч хүний насан туршдаа дуудуулдаг албан тушаалын нэр юм. Яг л багш хүн тэтгэвэртээ гарсан ч “багш аа” хэмээн дуудуулдаг шиг. Тэгэхээр улстөрчдийн хувьд ийм нэртэй болох нь олонд хэр танигдсан бэ гэдгийг илтгэх маш чухал шинж.

Ард түмэн хэмээх үгний хүч

Б.Обама, М.Ромни хоёулаа л “folks” буюу “ард түмэн”, “ардууд” хэмээх үгийг энэ удаагийн кампанит ажлынхаа үеэр цөөнгүй дурдлаа.  Орчин үеийн англи хэлний үгсийн санд бол хуучирсан үгсийн тоонд орж, “people” буюу хүмүүс хэмээх үгэнд байраа тавьж өгсөн энэ үгийг улстөрчид сонгуулийн үеэр хэлэх их дуртай болдог.  Хэлж байгаа үгнийхээ завсар ганц нэгхэн удаа “ардууд та бүхэн минь” гээд хавчуулчихсан байхад тун чамин сонсогдоно. Ард түмэн гэсэн үгэнд улстөрчид яагаад ийм хайртай байдаг вэ гэдгийг “Америкийн улс төрийн өвөрмөц хэлцийн Оксфордын толь” бичгийн редактор Грант Баррет тун сонирхолтой тайлбарласан байдаг. Түүнийхээр бол “Ард түмэн хэмээх үг нь хүмүүс гэдэг үгийг бодвол харьцангуй эерүү дулаан, бүхий л анги давхаргын хүмүүсийг хамруулж болдог. Америкийн улс төр тэр чигтээ өмнөдийнхний тоглоомын дүрмээр явдаг. Өмнөдийнхөн бол ярихдаа гарамгай хүмүүс. Тийм ч учраас АНУ-ын улс төрд өмнөдийнхөн буюу гаргуун илтгэгч нар ноёлдог” ажээ.

АНУ-ын хүн амын гуравны нэг нь л сонгуулийн дүнг шийддэг


АНУ-ын сонгуулийн дүн бүхэлдээ сонгогчдын ердөө гуравны нэгийн саналаар шийдэгддэг.  Америкийн мужуудын ихэнх нь тэр дундаа хүн ам хамгийн ихтэй дөрөв, таван мужийн сонгогчид Бүгд найрамдах юм уу Ардчилсан намын үнэнч дэмжигчид байдаг. Өөрөөр хэлбэл тэд сонголтоо хийсэн хүмүүс. Ийм хүмүүс АНУ-ын хүн амын 70 хувийг эзэлж байдаг. Тэгвэл үеийн үед сонголт нь хэзээд тодорхойгүй байж ирсэн, нэр дэвшигчдийн хамгийн их санааг зовоодог савлагаатай мужууд гэж бас бий. Тэдгээр мужид хүн амын үлдсэн 30 хувь нь хамаардаг бөгөөд тэдний сонголтоос сонгуулийн дүн хамаардаг юм. Тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүн амынх нь гуравны нэг шийддэг гэсэн үг.

Хойд Дакотад бүртгүүлэхгүйгээр саналаа өгч болно

Аль ч оронд сонгуульд санал өгөхийн тулд заавал сонгогчдын нэрсийн жагсаалтад урьдчилан бүртгүүлэх ёстой байдаг. Тэгвэл Хойд Дакотад тийм биш. Хэдийгээр тус муж бүр 19 дүгээр зууны үед сонгуулийн бүртгэлийн тухай хуулинд тусгаж өгсөн анхны мужуудын нэг боловч 1951 онд түүнийгээ хүчингүй болгожээ. Учир нь, Хойд Дакотагийн бүртгэлийн систем тийм ч сайн биш, дээр нь энэ мужийн хүмүүс хоорондоо элэгсэг нөхөрсөг болохоор хэн нь сонгуульд оролцох ёстой, хэн нь оролцох ёсгүй гэдгийг сайн мэддэг  болохоор заавал бүртгэл хийх шаардлагагүй гэж үзжээ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан