Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эксүүд юу хийдэг вэ


Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна гэдэг мэдээж сайхан. Ямагт олны анхаарлын төвд. Бараг хязгааргүй шахуу эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай. Бүгдэд тушаана. Хоол унднаас эхлээд хувцас, унаа хүртэл бүгдийг улс даана.
Гэвч ардчилсан тогтолцоотой улс л бол насаараа Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд хийх боломжгүй.  Хааны алба халаатай,  эзний алба ээлжтэй гэдгээр хүссэн хүсээгүй өндөр дээд сэнтийгээсээ бууж газар дээр хөл тавихаас өөр аргагүй нэг өдөр ирнэ. Ингэж буусны дараа ямагт олны анхаарлын төвд байгаад, хамгаалуулаад, тушаагаад сурчихсан хүмүүст анхандаа эвгүй байдаг биз. Юуны түрүүнд “Эрхэм Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа...” гээд долоохоос наагуур тойроод гүйгээд байдаг хүмүүсийн тоо огцом цөөрнө. Зарим нь “Хөөе, хэн ээ чи чинь хэн билээ”  гэх нь холгүй. Улсын хангамж байхгүй болохоор хоол идэх, утсаар ярих, машин унаа гээд бүгдэд өөрийн халаасаа ухахаас өөр аргагүй болно. Харин энэ бол мөнгө, санхүүгийн асуудал гарч ирнэ гэсэн үг. Албан тушаалын эрхээр бус харин өөрийн авьяасаараа нийгэмд өмнөхөөсөө дутахааргүй нэртэй, нөлөөтэй байх шаардлагатай тулгарна.

Эксүүд энэ асуудлыг яаж шийддэг нь сонин. Ихэнх сайд нар тушаалаасаа буугаад удаагүй байхдаа, хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр үедээ дурдатгалаа бичиж чамлахааргүй мөнгө хийгээд авдаг. Тэдний дурсамжийг хэвлэх гэж том хэвлэлийн компаниуд өрсөлдөн мөнгө шиднэ. Жишээлэхэд, Билл Клинтоны дурдатгалыг хэвлэх эрхийг 10 сая доллараар авч байсан. Энэ мэтээр Их Британийн  Ерөнхий сайд асан Тони Блэр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Францын Ерөнхийлөгч асан  Жак Ширак,  Германы канцлер Герхард Шредер  гээд олон эксүүд бестселлер дурдатгалуудаа бичээд авсан. Манай  анхны Ерөнхийлөгч ч энэ жишээг дагасан. Заримдаа эксийн эхнэр, экс тэргүүн хатагтай нар хүртэл дурсамж бичээд халаасаа түнтийлгээд авдаг. Тони Блэрийн эхнэр Чери Блэр дурсамж бичээд гурван сая ам.доллартай болсон.

Ихэнх эксийн хийдэг өөр нэг ажил бол их дээд сургуулиудад өндөр үнээр лекц уншдаг. Зөвхөн өөрийн улсын их дээд сургуулиудаар хязгаарлагдахгүй. Орон орны хамгийн нэртэй, том их дээд сургууль хэсэн лекц уншина. Цагтаа төрийн тэргүүн байсан хүн юу гэж ярихыг сонсох хүн мундахгүй. Тэгэхээр мөнгө нь ч чамлахааргүй. Тони Блэр хагас цаг лекц уншаад 400 мянган фунт авдаг гээд бодоорой. Манай эксүүд ч лекц уншаад явсан санагдаж байна.

Эксүүдийн хийдэг өөр нэг түгээмэл ажил бол янз бүрийн сан байгуулах. Дурсамжаа бичиж, лекц уншихын хажуугаар хийдэг зүйл гэж болно. 1976-1980 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан Жимми Картер үүний хамгийн тод жишээ.Тэрээр мөргөлдөөныг шийдэх, эрх чөлөө ба ардчиллыг хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулахын төлөө өөрийн сан байгуулаад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм. Дэлхий нийт үүнийг нь өндрөөр үнэлж 2002 онд Нобелийн энх тайвны шагнал авч байв. Эксүүдийн сангийн зорилго хоорондоо их төстэй, харганы ноос түүж эсгий хийхтэй адил гэмээр зорилготой. Жишээлэхэд, Билл Клинтон дэлхийн хэм­жээнд эрүүл мэндийн сал­барыг сайжруулах, эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах зо­рил­готой сан байгуулсан. Францын Ерөнхийлөгч асан Ширакийн байгуулсан сан дэлхийн амьд байгалийг хамгаалах, соёлуудын харил­цан ойлголцлыг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд хүн­дэтгэлтэй хандах үзлийг хөгжүүлэх зорилготой. Тони Блэрийн сан бол дэлхийн шашин хоорондын харилцан ойл­голцол, хүндлэлцлийг нэмэг­­­­дүүлэхийн төлөө. Зөв­лөлтийн анхны бөгөөд сүүл­чийн Ерөнхийлөгч Горбачев ч мөн адил сантай.
Цаашилбал, дурсамж бичих, лекц унших, сан бай­гуулахаас гадна эксүүдийн хийх дуртай нэг ажил бол том компаниуд, нам, эсвэл бүр Засгийн газарт зөвлөгөө өгдөг бүлэг байгуулдаг. Тони Блэр гэхэд л өчигдөр Казахстаны Засгийн газарт зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулаад авлаа. Тэрээр хоёр жилийн турш хууль зүйн баазыг өөрчлөх, экологийн асуудлыг шийдэх зэрэг асуудлаар казахуудад зөвлөгөө өгөөд 16 сая фунт авна.  Германы канцлер асан Герхард Шредер “Rothschild Group” банк, “Ringier” хэвлэлийн газар, “Harry Walker” агентлагт зөвлөгөө өгөх ажил хийсэн. Дээр нь Балтын тэнгисийн ёроолоор шатдаг хийн хоолой тавьж байгаа “Умард Европын шатдаг хийн компанийн” ажиглалтын зөвлөлийн тэргүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнх нь хорооны тэргүүн. Испанийн Ерөнхий сайдаар 1996-2004 онд ажиллаж байсан Хосе Мария Ар­нар тушаалаасаа буусны дараа хэвлэлийн магнат Руперт Мердокийн “News Corporation”-ы захирлуудын зөвлөлд ажилд орсон.  Их Британийн өөр нэг экс Ерөнхий сайд Жон Мейжор хөрөнгө оруулалтын “Carlyle” санд ажилд орж, 2001 оны Европ дахь төлөөлөгчийн газрын дарга нь болсон. Ингэх нь арга ч үгүй биз. Албан тушаалын эрхээр нөлөө бүхий хүмүүстэй нягт холбоотой ажилладаг байсан, төрийн тогтолцоог арван хуруу шигээ мэддэг, хууль батлагчтай нартай холбоотой хүн бизнес хийхэд гардаг элдэв саад бэрхшээлийг яаж тойрч гарах, хаашаа хөдөлбөл ашигтай байгааг мэдэхийн сайнаар мэдэж байгаа нь ойлгомжтой. Зөвлөгөөг нь авч байгаа компаниудад ч ашигтай, зөвлөгөө өгч шударга хөдөлмөрөөр хоолоо олж байгаа экс хүнд ч ашигтай.
Зарим нь Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд болохоосоо өмнө эрхэлж байсан бизнестээ буцан ордог.

Сүүлийн үед эксүүд шүүхийн хаалга татах гэсэн өвөрмөц “ажил” хийх гээд байдаг болсон. Украйны экс Ерөнхий сайд Тимощенко эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгагдаж шүүхийн хаалга татаад ял авсан, Жак Ширак авлигын хэргээр шүүхийн хаалга татаад хоёр жилийн тэнсэн авсан.  Италийн Ерөнхий сайд асан Берлускони өөрийнх нь мэдлийн ком­паниуд нь татвараас зайлсан хэргээр шүүхийн хаалга татаад дөрвөн жилээр шийтгүүллээ. Исландын экс Ерөнхий сайд Гейр Хорде улс орноо санхүүгийн хямралд орууллаа гэж шүүхийн хаалга татсан ч буруугүй болж таарсан. Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак Арабын хувьсгалын үеэр амиа алдсан жагсагчдын үхэлд буруудан шүүхийн хаалга татаад бүх насаараа хоригдохоор болов. Филлипиний Ерөнхий сайд асан Глория Арройо улсын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэргээр шүүхийн хаалга татаад байгаа. Манай Ерөнхийлөгч хэн бас шүүхийн хаалга татаад юу болсныг та мэдэж байгаа болохоор хэлэх нь илүүц биз.
Эксүүдийн хийдэг ажил энэ мэтээр их сонирхолтой учраас тэд уйдах завгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан