Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.УЯНГА: СТАТИСТИК ГАРГАВАЛ ХАМГИЙН ОЛОН УДАА ШҮҮХЭД ДУУДАГДСАН НЬ БОЛОХ БАЙХ


“Шударга ёс” эвслээс нэр дэвшигч, Чингэлтэй дүүргээс сонгогдсон мэргэжилт нэгт УИХ-ын гишүүн Г.Уянгатай улс төргүй энгийн сэдвээр ярилцлаа.
 
-Танаар сонин сайхан юу байна вэ. Ойрын үед эмэгтэй гишүүд маань хаагуур, юу хийгээд явна вэ?
-Хуваарьтай  хуралдаанууддаа оролцоод явж л байна. Хэлэлцэж байгаа асуудал бүрт бүрэн төвлөрч ажиллана гэдэг бас хэцүү юм байна. Хууль тогтоох ажиллагаа хэтэрхий үйлдвэр шиг байдалтай болчихсон юм шиг санагдлаа.

-Парламентыг гаднаас нь харж төсөөлж байсан бол дотор нь ороод ажиллахад ямар санагдав?
-Шүүмжлэх зүйлээ хэлж л байгаа. Зарчимч, шударга байх ёстой шаардлагынхаа үүднээс хэлж, ярьж байгаа л даа. Парламент миний төсөөлж байснаас илүү хаалттай юм шиг санагдлаа. Хэдийгээр хэлэлцүүлгүүд олон нийтийн өмнө ил болж байгаа юм шиг боловч яг нарийндаа хаалттай зүйлүүд байна. Хаалттай зүйлүүд байгааг яаж өөрчлөх вэ гэж харж байна.

-УИХ-ын гишүүн болсноор завгүй, маш их ажилтай болчихдог гэдэг. Таны хувьд?
-Үнэхээр завгүй ажиллаж байгаа. 24 цаг багаддаг юм байна. Хуулийн төсөлд ажиллах, ажлын хэсэгт орох, чуулган, Байнгын хорооны хуралдаанд суух зэрэгт өөрийгөө яаж бүрэн зориулах вэ гэдгийг сүүлийн үед анхаарч байгаа. Ажлын дэглэм хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж гэж бодогдсон. Бага насны хоёр хүүхэдтэй болохоороо ар гэртээ зарцуулах цаг их байдаг.
Миний сонирхож, өөрчилье гэж бодож буй асуудал бүрээр ямар нэг бүлэг, ажлын хэсэг байгуулахад оролцох шаардлагатай болдог. Тэгээд энэ бүхнээ яаж зохицуулах вэ гэж бусдаас туршлага судлах хэрэгтэй болоод байна.

-Ажил ихтэй эмэгтэйчүүдийн хувьд ар гэр, үр хүүхэддээ цаг зав гаргана гэдэг том асуудал болдог. Хүүхдүүд тань ээж бидэнд цаг гаргахгүй, анхаарахгүй байна гэж гомдоллохгүй байна уу?
-Нэг их тэгж гомдоллодоггүй юм. Гэхдээ бага хүү маань ой есөн сартай. Ээжтэйгээ л байвал өөр юу ч хэрэггүй гэсэн тийм насан дээр нь хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаадаа жаахан харамсч байгаа. Ямар сайндаа л чуулганы хуралдаанд суухдаа хүүгийнхээ зургийг нь авч ороод хааяадаа харж суудаг /инээв/. Мэдээж,  амралтын өдрүүдэд хамт байхыг хичээдэг. Орой ажлаа эрт дуусгаад хүүхдүүддээ очих юмсан гэж хичээж л байна.

-УИХ-ын гишүүн С.Оюун хүүхдээ бас л ийм бага байхад нь ажилдаа орсон болохоор цаг зав гаргах гэж гэр рүүгээ их яардаг гэсэн. Та Оюун гишүүнээс ч юм уу, бусад эмэгтэй гишүүнээс цагаа хэрхэн зохицуулах талаар асууж, туршлагаас нь судалж үзэв үү?
-Одоогоор тийм зөвлөгөө аваагүй байна. Төрийн ордны энэ албан өрөөндөө сууж, төвлөрч ажиллах бололцоогүй юм билээ. Иргэд байнга орж ирж уулзаж байна. Манай холбооныхон, намынхан гэх мэт уулзалт ихтэй өнждөг. Бас захидал олон ирдэг. Ажилдаа төвлөрөх гэж оройн цагаар өрөөндөө суудаг байсан юм. Гэтэл Төрийн ордныг цэвэрлэдэг хүмүүс маань намайг явсны дараа ажлаа хийх гээд хүлээдэг. Тэд ч гэсэн ар гэртэй, үр хүүхэдтэй. Тэрийг олж мэдсэнээс хойш оройн цагаар өрөөндөө суухаа больсон.

-Улстөрч эмэгтэйчүүдийг ар гэртээ цаг зав гаргах нь бага гэдэг. Арын албыг тань хэр сайн авч явж байгаа бол?
-Манай нөхөр бид хоёрын амьдралын хэмнэлд том өөрчлөлт ороогүй л дээ. Нөхөр маань урьдын л адил намайг дэмждэг, тусалдаг, халамжилдаг хэвээрээ. Харин ч намайг сайн амарч бай, зарим нэг асуудлыг ор тас хая, чамгүйгээр энэ ертөнц сүйрчихгүй гэж зөвлөдөг юм. Надгүй бол нээрээ болохгүй юм шиг боддог том дутагдалтай хүн л дээ. Энэ бол өөртөө цаг гаргаж чаддаггүйгээрээ гайхуулах сайхан чанарууд биш. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрчлөгдье гэж бодсон.

-Эмэгтэй хүний хувьд өөртөө, гоо сайхандаа зарцуулах цаг эрх биш гардаг байлгүй дээ?
-Үнэхээр муу байгаа зүйлүүдийн маань нэг энэ. Ээж маань “Хүнээс дутуугүй охин төрүүлчихсэн. Гэтэл чи өөрийгөө ерөөсөө олигтой авч явж чадахгүй байна” гэж хэлдэг. Ядраад, нүүр чинь үрчлээтчихсэн байна, арьс чинь хуурайшсан байна, нүд чинь улайчихаж битгий нойргүй суугаад бай гэж үргэлж санаа тавьдаг. Эх хүн болохоор охиноо сайхан яваасай гэж боддог юм шиг. Надаас илүү ээж маань миний гоо сайханд анхаарал тавьж байгаа гэх үү дээ. Тэгэхээр би ээжийгээ сэтгэл дундуур байлгаж байна гэж бодсон. Эмэгтэй хүн өөртөө цаг зав заавал гаргах ёстой юм билээ. Цагаа шинээр зөв хуваарилж, зохицуулж сураад алдаагаа засна гэж бодож байгаа.

-Таныг харахад биеийн жингээ маш сайн барьж чаддаг юм шиг санагддаг. Биеийн жингээ барихад та яаж анхаардаг вэ. Ямар нэг нууц байна уу?
-Миний нууц гэхээсээ ээжийн маань ач гавьяа. Намайг нэг их таргалаад, тэгтлээ тураад байдаггүй нэгэн хэвийн байхаар төрүүлсэн. Би ерөнхийдөө жингээ ингээд бариад байдаг юм. Миний хичээл зүтгэл гэхээсээ илүү цаанаасаа ийм онцлогтой заяасан юм шиг. Мэдээж олон хүүхэд гаргасны дараа хичээл зүтгэл гаргалгүй яахав. Хааяадаа гэдэсний дасгал гэх мэтийг хийдэг л юм.
Гэхдээ тогтмол дасгал хийж чаддаггүй. Фитнесст явах цаг зав үнэндээ алга. Нэг найз маань саяхан намайг суугаа ажил хийх юм чинь гоо сайхандаа анхаар гээд балетын дугуйланд  дагуулж явсан. Балет сурна гэдэг үнэхээр гоё юм билээ. Даанч би дөрөвхөн удаа яваад дахиж явж амжаагүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, өөрийнхөө санаачилж байгаа хуулийн төсөлд ажиллаад бас улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед үнэхээр цаг зав амжихгүй байна. Ажлаа гоо сайхныхаа урд нь тавьчихаад явж байна /инээв/.

-Олны өмнө ил байдаг эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хүмүүс маш их анхаардаг. Танд зөвлөдөг хэн нэгэн бий юү. Ээж чинь ч юм уу?
-Надад тэгж онцгойлон зөвлөөд байгаа хүн алга. Парламентад байгаа эмэгтэй хүнд тэгж их хувцас хунар, бусад талаараа хүний анхаарал татахуйц, өртөхүйц байх зөв зүйл биш гэж боддог. Яагаад гэвэл, олон нийт надаас их өөр зүйл хүлээж байгаа.
Гэтэл тэнд Уянгаа тэнд загвар үзүүлээд яваад байвал сонгогчдод таатай санагдахгүй. Би ч өөрөө тийм шаардлагыг нь биелүүлэхүйц эмэгтэй биш. Загвар үзүүлдэг өөр гоё эмэгтэйчүүд зөндөө бий. Бидний зориулалт бол энэ төр засгийг эмхлэх, хууль  сайжруулах, болохгүй байгаа нийгмийг өөрчлөх шүү дээ. Гэхдээ тэглээ гээд өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй л дээ. Улстөрч эмэгтэйчүүд дандаа хар бараан уйтгартай өнгийг сонгодог болохоор аль болох түүнээс нь татгалзахыг хичээдэг.

-Таны хувцас их тод, онцгой өнгөтэй харагддаг. Чуулганы танхим доторхи бараан костьюмнуудын дунд эмэгтэй гишүүдийн улаан, ногоон өнгийн хослол содон байдаг шүү?
-Харин тийм. Тэгж л бодоод тод өнгө зүгээр юм болов уу гэж боддог. Манай эмэгтэй гишүүд ер нь тод өнгөнөөс айдаггүй. Тэдний тод улаан, ногоон, хөх өнгө чуулганы танхимд хааяа харагдаж байхад буруу зүйл биш байх гэж боддог.

-Эмэгтэй гишүүдтэйгээ энгийн сайхан яриа өрнүүлээд суух боломж гарч байна уу?
-Тэгж их яриа дэлгээд суух зав бас алгаа. Гэхдээ хааяадаа чуулганы танхимд тааралдахдаа энэ хувцас чинь их сайхан зохиж ч гэдэг юм уу. Энгэрийн зүүлтний тухай ч юм уу, ээмэг зүүлт, гоёлын тухай ч юм уу хааяадаа таван үг солиод л өнгөрнө. Тэгэхдээ л урт удаан яриа дэлгэх зав олддоггүй. Хуулийн төсөл, ажлын хэсэг гэх мэтийг л түлхүү ярина даа. Саяхан Оюунгэрэл гишүүний төрсөн өдөр болоод эмэгтэй гишүүд баяр хүргэсэн. Ер нь, манай эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч маань маш сайхан уур амьсгал бий болгож байдаг юм. Бидэнд өөрийнхөө тарьсан цэцгийг бэлэглэсэн. Тэрийг нь ширээн дээрээ компьютерийнхээ хажууд тавьчихсан. Саяхан АНУ-ын Элчин сайдтай эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд уулзсан. Энэ үеэр бас ярилцах зав бололцоо гарсангүй.

-Эмэгтэй хүний заавал хийх ёстой зүйлийн нэг цэцэг тарих гэдэг. Цэцгэнд дуртай юу?
-Манайд олон цэцэг бий. Гэвч ахуйн асуудалтай байсан болохоор тэр олон цэцэг маань байхгүй болсон. Гэхдээ миний энэ их завгүй байдаг зовлонг маань ойлгосон цэцгүүд надад хань болоод үлдсэн байгаа. Тэгээд ямар цэцэг авах ёстойгоо ойлгосон /инээв/.

-“Гамлет” жүжгийн зурагт хуудас таны өрөөнд байхыг харлаа. Ер нь, урлаг соёлд дургүй хүн гэж байхгүй. Аль төрлийг нь илүүтэй сонирхдог вэ?
-Гэрэл зураг, жүжиг, кино үзэх дуртай. Гэр бүлийн хүнтэйгээ хамт шинэ гарсан кинонууд байнга үздэг. Сайхан уран бүтээл байвал ур хийцийнх нь тухай ярилцаж суухад сайхан байдаг. Тоглолт  гэвэл сүүлийн үед үзээгүй юм байна. Тоглолтын урилга надад зөндөө ирдэг юм. Зав гарахгүй болохоор ээждээ өгчихдөг.

-Та ямар нэг цуглуулгатай юу?
-Надад тийм цуглуулга, хобби байхгүй л дээ. Чөлөөт цаг гарвал ном уншдаг. Агаарт гарч тархиа сэргээх дуртай. Ажилд дарагдаад ирэхээр хийж байсан ажлаа, хуулийн төсөл, яриа хэлэлцээрээ зүүдлээд байдаг юм. Тийм болохоор сайхан амрах л дуртай юм уу даа. Тухайн хүний төрсөн жилийнх нь бэлгэдэл гэрт нь байх сайн байдаг гэж сонссон. Тэгээд манай нөхөр туулай жилтэй болохоор надад мөнгөн туулай бэлэглэсэн. Нөхөртөө шилээр хийсэн үхэр жилийнх нь хэлбэртэй жижиг бэлэг дурсгалын зүйл бэлэглэлээ. Тэгээд үүнээс хойш янз бүрийн үхэр, туулайны дүрстэй бэлэг дурсгалын зүйлс цуглуулъя гэж ярилцсан. Хэдэн жилийн дараа гэхэд хобби болгоод цуглуулга болсон байх биз. Өчигдөр /уржигдар/ л бие биедээ туулай, үхэрний дүрстэй анхны бэлгээ авч өглөө /инээв/.  Яг цуглуулаад тавих өөрийн гэсэн орон сууц ч байгаагүй юм тэр үед.

-Таны нөхөр сэтгүүлч Баатархуяг та хоёрыг сургуульд байхдаа танилцсан гэсэн?
-Манай хүн хичээлдээ их сайн оюутан байлаа. Дуугүй, нухацтай, хүлээцтэй, оюунлаг. Заримдаа багш байхгүй үед ангийнхандаа хичээл ордог оюутан байсан. Бид хоёр үерхээд гуравдугаар курст ороход манай анхны хүү төрсөн. Сургуулиа төгсөөд бид айлын хашаа, хажуу өрөөнд амьдардаг байлаа. Хэдхэн жилийн өмнө л өөрийн гэсэн орон сууцтай болсон. Манай аав ээж хоёр нөхөрт маань их сайн. Ээж маань манай алтан хүргэн гэдэг. Миний амьдралдаа хийсэн хамгийн том оноо хань минь гэж боддог.

-Дунд сургуульд байхдаа онц сурдаг, идэвхтэй хүүхэд байсан гэж сонссон?
-Ангийнхаа ажилд идэвхтэй оролцохыг хичээдэг байсан боловч гурван дүүтэй болохоор ар гэрийн ажил ихтэй байлаа. Сурлага гайгүй ээ. Хамгийн сайн биш ч гэсэн гайгүй. Хамгийн мундаг сурлагатай ангийн маань анд одоо Япон улсад “Майкрософт” компанид ажилладаг. Тухайн үед өөрт оногдсон зүйлээ маш сайн хийдэг байсан болохоос илүү зүйлд цаг гаргаж чаддаггүй байлаа. Охидын хувьд гэр орны ажил төрөл гээд амждаггүй байсан байх. Манай хүн гэхэд айлын ганц хүү болохоор зөвхөн л хичээлээ хийж, ном их уншдаг, өөрийгөө тэлж чаддаг, янз бүрийн арга хэмжээнд их оролцдог, олон хүнтэй танилцдаг байсан.

-Дургүй байсан хичээл?
-Биеийн тамирын хичээлд орох дургүй байж билээ. Гэхдээ тамирын хичээлд орохоороо гар дээр суниахад ердөө ч түүртдэггүй байсан даа. Одоо ч гэсэн сайн суниаж чадна. Тэдэн метр гүйх, харайх, тэдэн удаа суниах гээд л норм тогтоодог байсан юм. Ер нь, биеийн тамирын хичээлд ороод хөлсөө  гарган гүйх, модон морин дээгүүр харайх дургүй байлаа. Хүүхдүүдийг гүйж, харайлгаж хөдөлгөөнтэй байлгах гэж багш маань хичээдэг байсныг бид тухайн үед сайн ойлгодоггүй байсан юм шиг.

-Та бол сэтгүүлч бидний дундаас парламентад орж чадсан хүн. Өдөр тутамдаа бид цаг наргүй ажилтай байдаг. Таны хувьд энэ мэргэжлээ үгүйлдэг үү. Тийм асуудал хөндсөн сайхан нэвтрүүлэг хийх юмсан гэж бодогддог уу?
-Мэдээлэл сайтай байгаа үедээ маш сайн судалгаатай өгүүлэл бичих юмсан гэж бодож байгаа. Намынхаа үзэл бодлыг зөв талаас нь тайлбарласан нэвтрүүлэг хийх юмсан гэж боддог. Зав гарахгүй ч гэсэн хийх хүсэл бол бий. Сонгуулийн өмнө гэхэд “Шударга ёс” эвслийнхээ мэдээг хийгээд явахад сурвалжлагч байх үеийн мэдрэмж төрөөд сайхан санагдаж байсан шүү. Намайг сэтгүүлч байхад нийслэлийн хэмжээнд дөрөвхөн телевиз ажилладаг байлаа. Парламентын сурвалжлагч байхад УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн ард суудаг байсан юм.
Тухайн үед бидний хооронд өрсөлдөөн маш их байж билээ. Одоо бол өрсөлдөнө гэхэд түвэгтэй нөхцөл үүсчихээд байгаа. Заримдаа бидэнд мэдээ олдохгүй хэцүү. Хэдийгээр одоо үйл явдал олон байгаа ч мэдээ олоход хэцүү байгаа байх гэж боддог. Сэтгүүлчдийнхээ зовлонг ер нь маш сайн ойлгодог.

-Татгалзах үе гарах юм уу?
-Зовлонг нь ойлгодог болохоор сэтгүүлчдээсээ нэг их бултаж, зугтаад байж чаддаггүй юм аа. Нэг талаар нээлттэй байх  нь хүн болгонд сайхан юм шиг боловч нөгөө талаар буруугаар ойлгох үе байна. Саяхан намайг шоучин гишүүн гэж бичсэн байна билээ /инээв/. Тэгэхээр заримдаа татгалзах шалтгаан их гарч магадгүй нь байна шүү. 

-Шоучин гишүүн гэхэд танд ямар санагдав?
-Нэг их эмзэг тусаагүй ээ. Ардын намынхан чуулганы хуралдааныг зогсоосонтой холбоотойгоор хоёр удаа тэднээр фон хийгээд ярилцлага өгснийг хэлсэн байна билээ. Энэ үйл явдалд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн болохоор тэгж бичихэд нь эмзэглээгүй.

-Сэтгүүлчид бичсэн нийт­лэл, хийсэн нэвтрүүл­гийнхээ араас  дуудагдах явдал цөөнгүй. Таныг нэг биш удаа шүүхэд дуудагдаж байсныг санаж байна?
-Шүүхэд дуудагддагаараа алдартай хүн шүү дээ. Статистик гаргаж хамгийн олон удаа шүүхэд дуудагдсан нь болох байх. Ийм тохиолдол  ховорхон л гарах байх. Дандаа сайд, дарга нар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй заргалдаж явсан. Хувьдаа тэр үед ялагдал хүлээж байгаагүй гэж боддог. Мэдээж, шүүх эрх мэдэлтний талд шийдвэр гаргаж байсан. Харин нэр хүнд, ёс суртахууны хувьд би зөвддөг байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан