Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОН НУТАГТ УЛСТӨРЖИЖ, ИРГЭД ТАЛЦСАН ХЭВЭЭР

Ардчилал гэдэг үг хэн бүхний урдаа барьж, болохгүй бүтэхгүй, санаанд нь нийцэхгүй асуудалд хариу нэхэх, өшөө авах зэвсэг нь болж. Сүүлийн үед МАН-ынхан энэхүү үгийг маш их хэрэглэж байна. Гэвч тэд чухам юуг илэрхийлсэн үг болохыг тийм ч сайн ухаж ойлгохгүй, хийсвэр сэтгэлгээгээр хандаад байх шиг. Баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн ч МАН-ын­хан эсэргүүцэж дэгээдэн унагав. Юу нь таалагдахгүй болоод эсэргүүцэн тэмцэлдэж, шүүм­жилсээр хэлэлцэх шаард­лагагүй болгочихов гэдэг со­нин байх. Тэгвэл уг хуулийн төсөлд тусгаснаар сумын засаг ноёдыг намаас бус тухайн орон нутгийн иргэд сонгодог байх тогтолцоонд шилжүүлэхээр тусгасан нь Ардын намынханд таалагдаагүй гэсэн үг. Мөн АН-ын гишүүд чуулганы хурал­даанд  хангалттай хүрэлцэн ирээгүйгээс энэхүү хуулийн төсөл бүдэрсэн гэхэд болно. Яахав, чоно борооноор гэдэг шиг л зүйл болсон гэвэл нэг их хилсдэхгүй биз. Олонхийн оруулж ирсэн төслийг цөөн байх үед татан унагах нь МАН-ынхны гол зорилго.
Уг нь, Аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед “Ах” намынхны санаа өөр байсан шиг санагдана. Гэтэл өнөөдөр яагаад ийнхүү өөрчлөгдчихөв. Пропорционалиар явуулж орон нутгийг улс төржүүлснээс ма­жоритар тогтолцоогоор явуулж, иргэд Засаг даргаа сон­гох нь зүйтэй гээд л ам урал­дуулан яриад байсан биш билүү. Ийнхүү ярьж байснаас нь хойш нэг их удаагүй л бай­на. УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ахмад улс төрийн хүчнийхэн удахгүй болох орон нутгийн сонгуульд ялчихвал сум дүүр­гээр дамжуулан АН-аас өшөө хорслоо авч болох юм гэж ойлгож байгаа. Энэ нь ч тэдний туйлын зорилго нь. Тиймээс хуулийн төслийг “баалж”, шүүмжилсээр уна­га­сан. Иргэд сумынхаа За­­саг даргыг сонгодог бол­чих­вол МАН-аас сонгогдох хүн байхгүй бол­чихно гэж айсан хэрэг. Иймд хуучин зарчмаар буюу ИТХ-д олонхи болсон намаас ноён болох хүнийг санал болгож, түүнийг ёсчилдог байх журмыг үргэлжлүүлэхээр шийдэж.
Хуулийн төслийг санаачлан боловсруулсан гишүүд ард­чилсан зарчмыг хөгжүүлэх үүд­нээс иргэд орон нутгийнхаа “толгойлогчийг” сонгодог бай­­хаар тусгасан нууц биш. Ерөнхийдөө өнөөгийн ард­чиллаа хөгжүүлж, улс төрийн хүчний оролцоог багасгаж, жалга довоороо талцан улс төржих үзэгдлийг хаах зорилготой байсан аж. Гэвч МАН үүнийг хүссэнгүй. Уг нь, Ардын намтангууд ардчиллыг туйлын их хүсээгүй бил үү. Мөхлийн ирмэгт туллаа, Ардчиллыг устгах нь гээд л уриа лоозон бариад л жагсч байсан санагдана, саяхан. Бүр тэртээх он жилүүдэд ардчилсан хувьсгалыг эхлүүлэх үед эгшиглэж байсан “Хонхны дуу”-г тавиад л төрийн ордныг тойрон гороолж байсан. Ийнхүү жагсч цуглахаас гадна төрийн үйл ажиллагааг гацааж, парламентын танхимын хаалгыг буйдангаар таглан сандайлж, “Монгол Улс ардчилсан улс биш боллоо”, “Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв” гэсэн бичиг барин суусан. Гэтэл өнөөдөр тэд өөрсдөө л булшлах алхам хийсээр байх шиг. Эрийн цээнд хүрч эх орныхоо төлөө яваа 22 настай идэр залуухан ардчиллыг нас эцэслүүлэх зорилго өвөртлөн, хуучнаа санагалзан, өшөө авахаар тэрхүү булшных нь нүхийг ухаж байгаа бололтой. Яагаад гэвэл, орон нутагт ард­­чилсан, намаас хараат бус тогтолцоо бий болгох алх­­мыг баасан гарагийн чуулганаар оруулахад нь дэ­гээдчихлээ. МАН-ынхны үзэж буйгаар одоохондоо сум­дад ардчиллыг бэхжүүлэх шаард­лагагүй гэж ойлгож болох нь.
Ёстой л хулгайчийг бариарай хэмээн орилсон хүн өөрөө хулгайч байдаг хэмээдэг шиг АН ардчиллыг устгах нь, булшиллаа, нас эцэслүүлэх нь гэж лоозон барих МАН-ынхан өөрсдөө энэхүү үйл ажиллагааг хийж байна уу даа. Хэлж байгаа шигээ хийж хэрэгжүүлэхийг зорьсон бол энэхүү хуулийн төсөл цааш үргэлжлэн хэлэлцэгдэх байлаа. Гэвч нүүдлийн шувуу мэт байр суурьтай тус улс төрийн хүчин ийм зүйл хэзээ ч хийхгүй нь бололтой. Ямартай ч, сум, орон нутгийг улс төржүүлж, талцуулсан хэвээр байлгах сонирхолтойгоо илэрхийлчихлээ, МАН-ынхан. Иймд ирэх дөрвөн жилд цөөхөн хүн амтай сумын иргэд өөр хоорондоо танай, манай нам гэж талцаж, зөрчилдсөн хэвээр байх нь.
Ер нь, мөхөж буй МАН-ын өшөөгөө авах сүүлчийн найдвар нь сумдын Засаг дарга нарыг намаас томилох юм шиг. Хэрэв дахин ялагдаж, сумдуудыг алдвал, сонгуулийн дараа ямар үг хэлэх бол.

Э.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан