Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчин үед боолын үнэ хямдарсаар, нэг ямааны үнэд хүрчээ

Соёлжсон өнөөгийн нийгэмд зарим оронд ердөө 100 хүрэхгүй доллараар боол худалдан авна гэвэл та итгэх үү. Эрт үед боолыг бараа таваар мэт эгнүүлэн зогсоож байгаад дуудлагаар худалдаж байсан тухай бид кино, ном зохиолоос мэддэг бол орчин үеийн хүний наймаа нь улам боловсронгуй болжээ. Хүний наймааны гол золиос нь эмэгтэйчүүд байдаг.  Орчин үеийн боолын наймааны яс тооцоо гаргахад хэцүү. Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд манай гариг дээр жил бүр 700-900 мянган хүнийг худалддаг гэсэн тоо байна. Хүний аюулгүй байдлын төвийн дүгнэлтээр бол бүр аймшигтай, жил бүр дөрвөн сая хүнийг худалдаалдаг гэсэн тоо бий.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага аль 2006 онд гаргасан илтгэлдээ боол маягаар хөдөлмөрөө мөлжүүлж байгаа хүний тоог 12,3 сая гэж гаргасан байдаг. Гэтэл бүр аймшигтай тоог “Anti-Slavery” байгууллагын шинжээчид гаргаж. Тэднийхээр бол өнөөгийн ертөнцөд боолын хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо 200 сая хүрнэ гэнэ. НҮБ-ын гаргасан судалгаагаар дэлхийн 127 оронд хүн хулгайлж боолын хөдөлмөр эрхлүүлэхээр худалдаалдаг гэсэн бол 137 оронд хүмүүс ямар нэг байдлаар хүний наймаачдын золиос болдог гэжээ. Эдгээрээс Орос, Украйн, Беларусь, Молдав, Литва, Армян, Гүрж, Казахстан, Узбек  зэрэг оронд ийм явдал бүр өндөр түвшинд хүрсэн гэнэ. Харин АНУ, Израиль, Турк, Итали, Япон, Герман, Грек зэрэг орон бол орчин үеийн боол хамгийн их гүйлгээтэй улс болжээ.
Олон улсын цагаачлалын байгууллагын үнэлгээгээр 5,7 сая хүүхэд боолын хүнд хөдөлмөрийн золиос болж байгаа бол 1,2 сая нь хүүхэд худалдаалах гэмт хэргийн золиос болдог байна. Жил бүр нэг сая хүүхэд, үүн дотор дийлэнх нь охид янханчлалын золиос болдог байна. Тэднийг бэлгийн боол болгодог бол нэг хэсгийг нь  садар самуун кино хийхэд ашигладаг. Бас хүүхдийг хууль бус мэс засал хийж эд эрхтнийг нь худалдаалах зорилгоор хулгайлдаг нь түгээмэл болсон асуудал. Өнөөгийн ертөнцөд ойролцоогоор 300 мянган хүүхдийг манай дэлхийн дайн тулаан мөргөлдөөн болж байгаа 30 орчим бүс нутагт цэргүүдийн амийг аврахад, эсвэл зугаа гаргахад  зориулан худалдаалж байгаа гэнэ. Хулгайлагдаж байгаа охидын олонх нь бэлгийн боолчлолын зориулалтаар цэргүүдийн мэдэлд очдог байна.

 НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын судалгаагаар улаанаар тэмдэглэгдсэн үндэстнүүд боолын наймаанд хамгийн их өртдөг гэсэн үг. Ягаан нь их, саарал нь дунд зэрэг, цэнхэр  нь бага, хөх нь маш бага. Цагаан нь харин тохиолдлын чанартай байдаг байна.

НҮБ-ын дүгнэлтээр жил бүр хүний наймаа эрхлэгчид энэ бүхнээс долоо орчим тэрбум доллар олдог байна. Гэхдээ энэ бол зөвхөн худалдаалсан, дамжуулсан, зуучилснаас олж байгаа орлого болохоос биш ”боолын эзэн”-ий ашиг хамаагүй. Орчин үеийн боолын нууц наймаа нь өнөөгийн ертөнцөд ашиг орлогоороо эрүүгийн шинжтэй гэмт хэрэг болох зэвсэг, хар тамхины наймааны дараа гуравдугаарт ордог гэж АНУ-ын Төрийн департамент баталж байна. Тэдний судалгаагаар хүний наймааны орлого жилд 32 тэрбум долларт хүрдэг байна.
Хүний наймаа, шинэ хэлбэрийн боолчлол нь дэлхийн бүх оронд хориотой болохоор ямар ч хууль эрхзүйн зохицуулалтгүй ганц бизнес. Зарим оронд боолыг 100 хүрэхгүй доллар, бүр нэг ямаагаар ч худалдаад авч болно. “Free the Slaves” байгууллагын гаргасан судалгаагаар 1850 онд Америкийн өмнөд нутагт нэг боолыг 40 мянган доллараар худалдаж авдаг байсан бол өнөөдөр 120 доллараар худалдахад л зарж байгаа хүн нь ашигтай байдаг болж. Хүний наймаа эрхлэгчид ерөнхийдөө нэг л зарчмаар энэ ажлаа эрхэлнэ. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өндөр цалинтай, сайхан ажил амлана. Гэр бүл зуучлал, амралт аяллын товчооны нэр барина. Тосгодод бол найз нөхдийн холбоо, том хотуудад байх хамаатан садны нэр барих, охидыг бол төв газар нөхөрт гаргахаар амлана. Цөөхөн тохиолдолд хулгайлна.
“Хүүхэд эмэгтэйчүүдийн наймаа. 21 дүгээр зууны шинэ боолчлол” номын зохиогч Гилберт Кинг “10 минут тутамд нэг эмэгтэй юм уу хүүхдийг боолын хөдөлмөр эрхлүүлэхээр,  садар самуунд ашиглахаар АНУ-д нууцаар нэвтрүүлж байна” гэжээ. “Секс, хүний наймаа. Эмэгтэйчүүд, хүүхдийн дэлхийн зах зээл” номын зохиогч Кэтрин Фарр бэлгийн боолчлолын зорилгоор жил бүр нэг сая хүнийг худалдаалдаг гэсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Монгол хуухдуудыг гадны хумууст урчилуулж болохгуй ягаад гэвэл гаж донтонгууд эхнэр нохор хоер урчилж аваад биеийг нь унлуулдэг юм гэж бсан орсын нэг сайт дээр оорсдоо ч хучирхийлдэг дараа нь зардаг энэ тэр гээд бхаан л юм ба даа
Хамгийн их уншсан