Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сталины хойноос хүмүүсийн амиар өргөл өргөсөн нь

1953 онд “зөвлөлтийн их удирдагч, Лениний залгамжлагч” Иосиф Вассерианович Сталин нас нөгцлөө. Нэг хүнийг тахин шүтэхийн дээд хэлбэрийг үзүүлж байсан тэр тогтолцоонд түүнийг оршуулах ёслол жинхэнэ гай гамшиг болсон байдаг. Улс орон даяараа ёстой л өнчирч “улс орон эзэнгүй боллоо, одоо түүнийг хэн залгамжлах бол” гэсэн түгшүүрт автаад байлаа. Зөвлөлтийн төр засаг дөрвөн өдрийн гашуудал зарлаж энэ хугацаанд улс орон үндсэндээ ажил хийсэнгүй. Орон даяараа аугаа их удирдагчийг оршуулах гуравдугаар сарын 9-нийг л хүлээж байлаа. Мэдээж тэр үеийн жишгээр дөрөв хоног радиогоор гашуудлын хөгжим эгшиглэв.

Гуравдугаар сарын 9-ний өглөө орон даяараа л их удирдагчийн “алтан” шарилыг байрлуулсан Зөвлөлүүдийн ордны ёслолын танхимын зүг анхаарлаа хандуулах нь тэр. Хүн бүр л тэр танхимд орж амьдаараа мөнхөрсөн тэр их удирдагчийг нэг удаа ч болов харахыг эрмэлзэж байлаа. Хэдэн сая хүнтэй Москва хот үндсэндээ хүнгүй болж Зөвлөлүүдийн ордон руу ордог гол гудам тэр үеийн Пушкины гудамжинд л бөөгнөрөх нь тэр. Хэдийгээр журам сахиулахаар машинтай цэргүүд байсан ч түүнд хүчрэгдсэнгүй. Хүн бүр л Пушкины гудамжаар яваад Зөвлөлүүдийн ордон руу орохоор зүтгэж энэ нь ар араасаа түлхэгдсээр дийлдэлгүй урагшаа цөм түрэх нь тэр. Ямар нэг мэдээлэл огт байсангүй, зөвхан цуу яриа л амнаас ам дамжиж байлаа. Ингээд л өчнөөн олон хүн дарагдаж үхсэн хэрэг. Яг хэдэн хүн амь алдсаныг өнөө хүртэл тоолж гаргаагүй гэдэг. Нүдээр үзсэн хүн, хүмүүсийг зөөж оршуулсан хүмүүсийн яриагаар  Ходынын гамшгаас ч олон хүн амь үрэгдсэн гэж л тэмдэглэгдэж үлдэж. Ходынын гамшиг гэдэг нь 1896 оны тавдугаар сарын 18-нд Хоёрдугаар Николайг хаан ширээнд суусан ёслолын үеэр Москвагийн баруун талд  500 гаруй мянган хүн цугларч түлхэлцээнээр 1360 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн бэртэж гэмтсэнийг хэлж байна.  Зөвлөлтийнхний муу хэлээд байдаг хаант засаг болохоор нас барсан хүмүүсийнхээ тоог гаргасан байдаг, харин социализм байгуулж байгаа ЗХУ тоолох нь байтугай, ар гэрийнхэнд нь ч өгөлгүй булсан.

Хүмүүс ихэнх нь олны хөлд дарагдах, барилгын хананд шахагдах зэргээр нас барсан байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь зөвлөлт засаг эдгээр хүмүүсийн тоог гаргаагүйгээр барахгүй зүгээр л ачааны машин дээр ачиж аваачаад хотын захад нийтийн шарилын нүх ухаж байгаад бөөнөөр нь ямар ч нэр хаяггүйгээр булчихсан гэдэг. Бэртэж гэмтсэн, шархадсан хүн хэдэн зуу, мянгаараа. Тэдэнд ч бас ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй байна. Эмнэлгийн машин ч яваха аргагүй, бүх замууд хаалттай. Хамгийн гол нь аугаа их удирдагчийг оршуулах үеэр ийм явдал гарсан гэж социализм байгуулж байгаа оронд асуудал гаргаж болохгүй байсан хэрэг.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан