Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦААСАН ДЭЭРХ ЖУРМЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЬЕ

Шинээр хэрэгжүүлж буй дүрэм журмууд хэрэгждэг үү. Тухайлбал, саяхан олон нийтэд мэдээлсэн гурилын үнийг 550 төгрөгт барих, “Нонг шим” үйлдвэрийн гоймонгийн худалдааг зогсоох, шуудайны стандартыг мөрдөх. Цаашлаад сүү, шүүсний хайрцаг дээрх хаягийг өөрчлөх тухай шаардлага хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжилсан юм. Эдгээрээс иргэдийн амьдралд хамгийн чухал шийдвэр нь нэгдүгээр гурилын үнийг 550 төгрөгт  барих талаар үйлдвэрлэгчид, ҮХААЯ-ныхантай санамж бичигт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ мэдээг сонссон иргэд гурилаа авах гэж байснаа түр азнаад  “За ер нь маргаашнаас гурилын үнэ буурах юм байна. Тэр үеэр нь авъя” хэмээн түр хүлээх болсон.
Гэтэл өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд “Улаанбаатар гурил” ХХК-ийн нэгдүгээр гурил килограмм нь 750, “Алтан тариа” үйлдвэрийнх кг нь мөн л 750 төгрөгөөр борлуулагдаж байна. Үүнээс харахад  үйлдвэрлэгчид хэлсэндээ хүрсэнгүй. Харин энэ талаар үйлдвэрлэгчдээс тодруулахад “Бид ҮХХЯ-тай нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг 550 төгрөгт барина хэмээсэн. Зах худалдааны төвүүдэд үнэ нэмэгдэж очих нь тодорхой. Үйлдвэрийн бөөний цэгүүдээр 550 төгрөгөөр худалдаалж байгаа” хэмээн ярьсан юм. Тэгвэл үйлдвэрээсээ 550 төгрөгөөр гарч байгаа гурилыг хэн хэрэглэгчдийн гар дээр 750 төгрөгөөр хүргээд байна вэ. ШӨХТГ-ын дарга О.Магнай таны ажил дахин нэгээр нэмэгдэж байна шүү.

Нүүрсний шуудайны стандарт хэзээ мөрдөгдөж эхлэх вэ

Нүүрсний шуудай жил ирэх тутам жижгэрсээр. Тэгсэн атлаа үнэ нь өдөр хоногоор өсч байна. Иймд нүүрсний шуудайны стандартыг гаргаж, өнгөрсөн баасан гарагаас эхлэн мөрдөхөөр болсон. Гадуур худалдаалж буй нүүрс ямар шуудайнд савлагдан иргэдийн гарт очиж байгаа талаар Зурагтын хуучин эцсийн мод, нүүрс зарж буй газар очсон юм. Гэвч нүүрсээ өнөөх л жижиг шуудайндаа савлаад ярайтал өржээ. Шуудайны стандартыг яагаад мөрдөхгүй байгааг худалдагч  н.Хүрлээгээс тодруулахад “Бид шуудайны стандарт гарахаас өмнө нүүрсээ савлаад өрчихсөн байсан юм. Стандарттай шуудайг нь хаанаас олж авахыг ч мэдэхгүй. Ер нь төрийн байгууллагууд  хэрэгтэй, хэрэггүй олон шийдвэр гаргаж байхаар амьдралд наалдацтай хэрэгжүүлж болохоор журам гаргаасай. Биднийг хэтэрхий жижигхэн шуудайнд нүүрсээ савлаж зардаг гэдэг. Гэтэл портероор нүүрс зарж байгаа наймаачдыг яах вэ. Тэд чинь портерынхоо тэвшинд тал нүүрс хийгээд л дүүрэн гээд 170 мянгаас дуудаж зардаг. Харин бид энэ мөнгөө олж авах гэж нүүрсээ хуваагаад л зардаг. Шуудайнд ч гэсэн стандарт тогтоосон юм чинь машин нүүрсэндээ ч тогтоомоор юм” хэмээн ярив. Уг нь, Стандартчиллын үндэсний зөвлөлийн аравдугаар сарын 29-ны  хуралдаанаар “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай”-г баталсан. Нүүрсний шуудай 15, 25, 40 кг-ийн хэмжээтэй байх ба нүүрсний ширхэглэлийн хэмжээг таван см-ээс багагүй байхаар тогтсон. Уг стандарт батлагдсанаар нүүрсний үнийн хөөрөгдлийг багасгаж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзсэн. Гэсэн ч өнөөдөр дээрх баталсан стандартын шуудайнд нүүрсээ савлан зарж буй наймаачин алга.

Мөнгө шүтсэн борлуулагч нарт ч хариуцлага тооцъё

Иргэдийн амьдралд тэр дундаа эрүүл мэндэд нь хэрэгтэй дараагийн  шийдвэр нь “Нонг шим” үйлдвэрийн бэлэн гоймонгийн худалдааг зогсоох явдал байлаа. Оюутан, сурагчид бараг  өдөр бүр хямдыг нь бодон бэлэн гоймонгоор хооллож ходоодоо хордуулах болсон.  Холбогдох байгууллагуудаас бэлэн гоймонг эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэгч нян агуулдаг гэдгийг нь тогтоож хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд  мэдээлж буй. Гэсэн ч манайд  бэлэн гоймонгийн хэрэглээ буурахгүй байсаар. Тэгвэл захын худалдааны төвөөр ороход л бэлэн гоймонг төрөл бүрээр нь өрөөстэй байлгасаар. Тэр дундаа аль хэдийнэ хориглосон дээрх  үйлдвэрийн гоймон захын дэлгүүрийн лангуун дээр өрөөс­тэй угтах нь тэр. Дэлгүүрийн худал­дагчаас хориглосон гоймонг яагаад худалдаалж байгааг лавлахад  “Би худалдан авсан бараагаа зарж мөнгөө олохгүй юм бол хэн надад үнийг нь өгөх юм” хэмээн хэнэг ч үгүй хариулна. Ингээд бодохоор эрдэнэт хүний эрүүл мэндийг умартан мөнгө шүтэж буй худалдан борлуулагч нарт ч хариуцлага тооцох тогтолцоо үгүйлэгдэж байна. Дээрхээс харахад, өнөөдөр холбогдох байгууллагуудаас гаргаад өгсөн дүрэм, журмыг хэрэгжүүлэх дэмжих нэгэн нь даанч хуруу дарам цөөн. Уг нь, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Нэгэн сэтгэлээр он удаан жил нийгэмд бугшсан дээрх  мэт муу муухай бүхнийг арилгахсан. Үүнд, иргэн таны хүсэл ч чухал.  ШӨХТГ-ын мэдээлж буйгаар “Нонг шим” үйлдвэрийн 2,8 сая ширхэг гоймонг импортоор оруулж ирсэн гэх мэдээ бий. Гэвч одоогоор яг хэдийг нь хураан авсан тухай мэдээ алга.

ШӨХТГ-т эрх мэдэл  атгуулъя

ШӨХТГ гэж ажлаа хийдэггүй гэсэн муу нэр луу данстай байгууллага байсан. Харин тус газрын шинэ дарга томилогдсоноор сүү, шүүсний үйлдвэрүүд хэрэглэгчдийг хуурдаг гэдгийг  батлаад өгсөн. Иймд тэр даруй арга хэмжээ авахыг урьтал болгосонгүй үйлдвэрүүдэд алдаагаа засах хугацаа олгов.  Энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ хаяг шошгон дээр дахин сэргээсэн сүү, шүүсэн дээр сэргээсэн шүүс хэмээн бичихийг даалгасан. Гэсэн ч өнөөдөр үйлдвэрүүд дээрх шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлсэнгүй. Харин ч үндэсний үйлдвэрүүдийг дарамталж боомиллоо хэмээн зөрүүдлэн суу­на. Уг нь, шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш иргэдийн амьдралд хэрэгтэй дүрэм, журмуудыг шат дараатай гаргасаар байна. Гэсэн ч холбогдох байгууллагуудад хэрэгжүүлэх  эрхзүйн орчин нь алга. Иймд  ШӨХТГ-т эрх мэдлийг нь атгуулъя.  Энэ мэтчилэн дээрх дүрэм журмууд амьдралд хэрэгжихгүй цаасан дээр байсаар байна. Тэгвэл энэ цаасан дээрх дүрэм журмыг амьдралд хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг нь холбогдох байгууллагуудад бүрдүүлж өгөхсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан