Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СҮХБААТАР АЙМГИЙН 200 АЙЛЫН ДЭД БҮТЦИЙГ ХАГАС САРД ШИЙДЖЭЭ

Ерөнхий сайдын хөдөө орон нутагт хийж буй томилолт Сүхбаатар аймгийн Баруун-Уртад өчигдөр очсоноор үргэлжилж байна. Хамгийн эхэнд аймгийн бүтээн байгуулалт, тэр дундаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлын явцтай танилцаж, “Шарга” жишиг хороололд зочиллоо.

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил Баруун-Уртаас эхэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд жишиг байдлаар баригдсан 700 айлын гэр хорооллоос эхний ээлжинд 200 өрхийг халаалт дулаан, халуун хүйтэн ус бүхий дэд бүтэцтэй холбох ажил одоо ид өрнөж байна. Гүйцэтгэлийг гардан хийж буй “Атмор” ХХК-ийнхан 60 гаруй хүний бүрэл­дэхүүнтэйгээр хагас са­рын өмнөөс “Шарга” жишиг хо­рооллын 200 айлын хашаанд дэд бүтэц оруулж эхлэв. Дэд бүтцэд холбох ажлаа энэ сарын сүүлчээр бүрэн дуусгах аж. Аймгийн удирдлагын зүгээс 8-10 га газарт байгуулсан 200 орчим өрх бүхий ийм жишиг хорооллыг нэг нэгж болгон авч үзэж дэд бүтцийн холболт хийгээд, дунд нь бүрэн шаталт бүхий утааны шүүлтүүртэй халаалтын зуух тавьж байна. Үүн шиг 200 өрхийн утаатай янданг нэг болгосноор хотын агаарын бохирдлыг чамгүй хэмжээгээр багасгана гэж тэд ярьж байв.

Халаалтын системийн хувьд Европ стандартын “Coftline” хэмээх орчин үеийн технологийг суурилуулж байна. Энэ нь Монгол орны цаг агаарын нөхцөлд нэн тохиромжтой, хөлдсөн ч эвдрэл гэмтэлгүйгээр эргэж гэсдэг уян зөөлөн хуванцар хоолой ба газарт ердөө хагас метрийн гүнд булж байгаа тул засварлаж шинэчлэхэд төвөггүй, иргэд өөрсдөө ч хийх боломжтой гэнэ.

“Шинэчлэлийн Засгийн газрын өмнөө тавьсан нэн тэргүүний нэг зорилт бол хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн ая тухтай орчин бүрдүүлэх явдал. “Үүнийг уг нь бид нийслэлд анх туршихаар төлөвлөсөн ч Улаанбаатарын төлөвлөлт ихээхэн бэрхшээл учруулж, цаг хугацаа алдахаар байсан. Энэ үед Сүхбаатар аймгийн удирдлагууд бүтээн байгуулалтын ийм том төслийг өөрийн аймагтаа хэрэгжүүлэх санал тавьсан юм. Хүч шаардсан аливаа ажлыг зоригтой хийхэд мөнгө төгрөгөөс илүү нэг хүчин зүйл түлхэж өгдөг гэдгийг эндээс харлаа. Энэ бол нэгдмэл хүсэл зориг юм шүү” гэж Н.Алтанхуяг сайд хэллээ.  Орон нутгийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12000 ам.метр талбайтай битүү зах, авто вокзалын барилга байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулжээ. Энэ худалдааны төв ашиглалтад орсноор 100 орчим ажлын байр шинээр бий болж, иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ая тухтай дулаан орчинд үйлчлүүлэх таатай нөхцөл боломж бүрдсэн байна.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт бүх аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх зорилт тавьж, энэ зорилтынхоо хүрээнд 10 аймгийн төвийн инженерийн дэд бүтцийг шинээр болон шинэчлэхээр төлөвлөж, санхүүжилт болох 20 тэрбум төгрөгийг 2013 оны улсын төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас 1000 айлын орон сууц төслийг бүх аймгийн төвд хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Энэ онд 10 аймгийн төвд орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, таван аймгийн төвд орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийг шинээр боловсруулж эхэлжээ.

Баруун-Уртад 2012 онд хэд хэдэн томоохон бүтээлч ажил өрнөж байна. Тухайлбал, аймгийн төвд дөрвөн чиглэлд 5.4 км зам шинээр тавьж, хоёр чиглэлд явган хүний 3172 ам.метр зам, зургаан км замын дагуу иж бүрэн гэрэлтүүлэг тавьж байгаа аж. Хоёр жилийн өмнө асфальтын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан нь зам барих гол бүтээгдэхүүнийг орон нутагтаа хямд төсөр үйлдвэрлэх боломж бүрдэж, богино хугацаанд ажлаа дуусгахад дэмжлэг болжээ. Баруун-Урт суманд 640 хүүхдийн сургууль, 150 ортой цэцэрлэг, Түмэнцогт суманд 320 хүүхдийн сургууль, 200 ортой дотуур байрны барилга шинээр барьж эхэлсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан