Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний амь насаар өргөл барьж байж сэрсэн дүлий төр буюу аюулгүй орчин

Иргэд төрийг байнга шүүмжилдэг ч иргэдийн хүсээд тэмцээд байгаа зүйлийг хэзээ ч биелүүлдэггүй. Биелүүлэхийг ч хүсдэггүй. Харин энэ дүлий төрийн нүдийг нээж, чихийг нь 12-хон настай Есүгэн охин амиа солив. Монголын төр, төр баригчид, хууль тогтоогчид зөвхөн шаргал ордондоо л нам гүм суухыг боддог байсан бол харин одоо иргэдийнхээ амьдрал руу өнгийж эхэллээ. Мөн хууль, тогтоомжийг ягштал биелүүлэх, хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагынхан ч мөн адил нойрноосоо сэрлээ. Ийн нойрноосоо сэрсэн төрийн түшээд, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагынхан монгол хүний аюулгүй байдал хаана, хэрхэн, ямар байдлаар алдагдаад байгаа талаар хэлэлцэв.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар болсон “Есүгэний өдөр буюу аюулгүй орчин” хэлэлцүүлэгт Зам тээврийн яам, ЦЕГ, НМХГ, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн оролцов. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн этгээдүүдийн буруугаас охиноо алдсан Б.Батсайхан оролцсон юм.  
Иргэд аюулгүй орчинд амьдарч байгаа ч амь насаа ямар салбарт илүү их алдаад байна вэ гэдэг асуулт төрөх нь дамжиггүй. Тэгвэл энэ асуултын хариултыг монголд нас баралтын шалтгааны эхний хэдэн байрт орох өвчнийг эс тооцвол зам тээврийн осол, барилгын салбарт гарч байгаа осол аваараас үүдэлтэй нас баралт шил даран орж ирж байгаа юм. Тухайлбал, 2012 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослоор 306 хүн, барилгын ослоор 26 хүн гэмт хэргийг улмаас 750 гаруй хүн нас барсан байна. Үүнээс гадна мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын статистик тоог гэнэтийн, өвчний улмаас гэдэг тоо “хачирладаг” байна.
Эрүүл мэнд хөгжлийн төвөөс өгч байгаа мэдээллээр нас барсан хүмүүсийн шалтгааныг жагсаавал барилгын салбарт гарсан осол аваар эхний тавд жагсч байгаа юм. Гэхдээ дээр дурьдсан тоо бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгсэн нь. Үүнээс гадна бүртгэгдээгүй хэдэн хэрэг, осол аваар гарсан нь бас л эргэлзээтэй. Учир нь, осол аваар гаргасан компани, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлага, эрх зүйн орчин нь хэтэрхий сул байдагтай холбоотой гэдгийг холбогдох байгууллагынхан хэлэв. Тухайлбал, барилга дээр гарсан осол аваарыг нуун дарагдуулсан аж ахуйн нэгжийг ердөө жирийн иргэдийн дундаж цалингаас бага мөнгө буюу 250 мянган төгрөгөөр л торгоод өнгөрдөг байна. Нэг ёсондоо осол аваар гаргаад сайн нууж чадсангүй гэж толгойг нь илж байгаа хэрэгтэй дүйцэх хэмжээний хариуцлага тооцдог нь энэ салбарынхныг өхөөрдсөн болж байгаа юм.
Мөн иргэдийн амь насаа алдаж байгаа зүйл нь зам тээврийн осол аваар. Зам тээврийн асуудал эрхэлсэн яам, агентлаг нь хот хоорондын тээврийг хариуцдаг бол нийтийн тээврийг нийтийн тээвэр нь хариуцдаг. Гэтэл газ ачсан машин хотын төвд түгээлт хийж яваад дэлбэрлээ гэхэд хариуцлага тооцох холбогдох байгууллага байдаггүй аж. Тиймээс Авто тээврийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, шинээр стандарт тогтоох шаардлага тулгарч байгааг албаныхан өгүүлсэн. Мөн нийслэлд гарч байгаа зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтыг багасгахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд бага багтаамжийн бус их багтаамжийн автобусыг түлхүү явуулах хэрэгтэй гэнэ. Учир нь, зам тээврийн осол аваар гарлаа гэхэд том оврын автобусны зорчигчийн суудал газраас 1-1.5 метрийн өндөрт байдаг болохоор зорчигч эрсдэх магадлал тун бага байдаг аж. Харин бидний түргэн шуурхай гэж үйлчлүүлдэг микро автобус осол аваар гаргалаа гэж тооцоход нэлээд хэдэн хүн эрүүл мэнд хийгээд амь насаараа хохирох эрсдэл өндөр байдгийг Зам тээврийн яамныхан өгүүлсэн. Микроныхон бидний ажлын байрыг үгүй хийлээ гэж гоншигнодог ч нэг хүний эрх ашгийг биш нийтийн эрх ашгийг бодох цаг болсон гэдгийг онцолсон юм.
Энэ мэтээр иргэдийн амь насанд халтай салбарын талаар ярилцаж энэ бүхнээс гарах гарцын талаар ярилцсан. Нийслэлийн цагдаагийн газрын зүгээс “Орчны эрсдэлт байдлаас иргэдийг урдчилсан сэргийлэх” ажлыг Засгийн газрын хөтөлбөр болгон хэрэгжүүлэх санал гаргав. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс аюулгүй орчин бий болгоход багц хууль гаргах хэрэгтэй гэсэн юм. Мөн энэ талын асуудал эрхэлсэн УИХ-ын түр хороо байгуулах саналыг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гаргасан юм.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан