Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАНТАН ХУТГАГЧИД

Хүн мэддэг, чаддаг ажлаа хийх шиг сайхан юм гэж алга. Үхрийн бөөр шиг эрээвэр хураавар бүрэлдэхүүнтэй парламентад элдэв жүжиг, шоу тасралтгүй үзэгдэх боллоо. Тэртээ тэргүй улс төр тэр аяараа шоу болоод хувирчихаад удлаа. Гэхдээ л Төрийн ордонд төөрч будилсан хэдэн хүн хууль тогтоох эрх гэгчээр бамбай хийж, парламентын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эхлээд байгаа нь хамгийн гунигтай.
Өчигдөр л гэхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан гэж муухан хошин шогийн үзүүлбэрээс ч илүү үйл явдал болов. Хурал ч гэж дээ. Хэн нь хурлаа даргалаад байгаа нь ч мэдэгдэхгүй, гишүүд нь уралдаж зэрэгцэн цэцэрхсэн мэтгэлцээний талбар болж хувирав.  
Хуралдаанаар барилгын салбарт болж буй үйл явдалд ажлын хэсэг гаргаж ажилласан дүгнэлтээ үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоол гаргах уу, хуулийн төсөл болгож өргөн барих уу гэж нэлээд маргалдлаа. Энэ үеэр парламентын шинэхэн хэрнээ аль хэдийнэ шоучин гэх тодотголтой болсон зарим гишүүн гол дүрд тоглосон юм. Тэдний тэргүүн эгнээнд жагсдаг О.Баасанхүү УИХ-ын бүтцийн хамгийн том, чухал нь болох Байнгын хороог энэ мэт асуудал шийдэх тогтоол гаргахад шийдвэр нь жулдана гэж хээв нэг хэлж орхив. Эрхэм гишүүн хэлье гээд хэлчихэв үү, хэл нь хальтирчихав уу. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас гарах шийдвэрийг жижигдэнэ гэсэн Монгол Улсын Их Хурлын гишүүнийг анх удаа л харлаа. Байнгын хорооны тогтоол гаргах нь асуудлыг жижиг болгож, хуулийн төсөл санаачилж батлуулахаараа том болчихдог гэнэ.
Үүнд нь эгдүүцсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дөрвөн жил парламентад суусны хувьд туршлага зааж хэдэн үг хэлэв. “Парламентын хамгийн том бүтэцтэй Байнгын хороод шинэ орж ирсэн гишүүд учраа олохгүй байна. УИХ, Байнгын хороодын бүтцийг ч ойлгохгүй байна. Байнгын хорооны тогтоол гэдэг УИХ-аас гарч байгаа шийдвэр мөн. Гэтэл Байнгын хорооны шийдвэрийг жижиг, жул гэж болохгүй“ гэж шинэковуудад хууль тайлбарласан юм. Харин түүний өөдөөс Ж.Батзандан гишүүн “Би танд нэг зөвлөгөө өгье” гэлээ. Яаж ч бодсон өөрөөс нь илүү туршлагатай гишүүнд шинэковууд заавар, зөвлөгөө өгнө гэх нь тэр. Ингэж гишүүд зэрэг, зэрэг ярьж байх үед НББСШУ-ы байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ  гишүүдийнхээ маргааныг цэгцэлж чадахгүй хэсэгтээ сандрав. Ээрч муурч, энэ яах билээ гээд түгдчин цаанаа л өөртөө итгэлгүй харагдана. Байнгын хорооны хуралдаанаас хэрхэн шийдвэр гаргахаа мэдэхгүй будилж, маргасаар учраа олохгүй хэсэгтээ дор бүрнээ цэцэрхэж суув.
Харин энэ бүх маргааныг чимээгүйхэн сонсч суусан Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Байнгын хороо тогтоол гаргаж, хэрэгжүүлэх боломжийг нь хуульд заасан. Хуулийн төсөл өргөн барихаар цаг хугацаа алдана. Наанадаж Засгийн газраас санал авна. Хуулийн төсөлд санал авдаг хуулийн хугацаа 30 хоног байгаа. Дараа нь УИХ-ын бүтцээр хэлэлцэнэ гэхээр цаг нэлээн орно.
Тэгэхээр УИХ-ын дэгийн тухай хуульд заасан Байнгын хороо тогтоолоо гаргаад явах нь илүү хурдан гарах шийдвэр” гэж саналаа хэлсэн юм. Гэвч хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй О.Баасанхүү гишүүн “Хуулийн төслийг хурдан, удаан хугацаанд шийдүүлнэ гэдэг бидний хүсэл зоригоос хамаарч байгаа. Хурдан шийдчихье гэвэл болдог хуулийн төслүүд байна. Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэх мэт. Хуулийн төслийг 30 минутын дотор өргөн барьчих боломж бий” хэмээн зөрүүдлэв. Энэ мэтээр маргаж, зөрүүдэлсээр эцэстээ Байнгын хорооны хуралдаан болж байгааг ч мартах шахав. Хууль тогтоох дээд байгууллага өөрсдөө дэгээ мөрдөн хуралдах учиртайсан. Байнгын хорооны тогтоол шийдвэрийг дорд үзэж, заавал хуулийн төсөл санаачилж, өргөн барьж хэрэгжүүлнэ гэж зүтгэх нэг учир байсан бололтой.    
Хуралдааныг даргалагч НББСШУ-ы байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ч ажлаа бүрэн гүйцэд хийж чадсангүй. О.Баасанхүү гишүүн нь Байнгын хорооны даргадаа ингэ тэг гэж зааж, зааварлаж ч байх шиг. Юу ч болов сүүлдээ. Жагсаал цуглаанаар мэргэших шахуу болж байсан нэгэн намын жагсаалтаар гэнэт УИХ-д орж ирээд Байнгын хороо толгойлно гэдэг парламентын утга учир, үнэ цэнийг угаасаа алдуулсан зүйл байсан. Гэтэл одоо бүр хуралдаанаа даргалж, гишүүдээ хуралдуулж чадахгүй байна. Цаашдаа энэ Байнгын хороо хууль, дэгийнхээ дагуу хуралддаг байна гэдэгт эргэлзэж эхлэв.
Өндөр дуугаар зандчиж ярьдаг О.Баасанхүү гишүүн ч хуулиа сайтар судалж, хэлэх ярих зүйлээ ойлгож хуралд оролцдог болмоор. Эсвэл хэл яриагаа цэгцтэй болгох дасгал хийж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авмаар харагдана. Хэлэлцэж байгаагаас огт хамаагүй асуудал ярьж, хадуурдаг нь түүний гэм биш зан бололтой. Хэдийгээр УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхтэй боловч ах настай, туршлагатай парламентчдынхаа үгийг сонсч, зөвлөгөөг дагах нь буруудахгүй. Ямартай л, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Шинэ гишүүдэд Улсын төсвийн талаар мэдээлэл, мэдлэг олгодог баймаар юм. Юу ч хамаагүй ярьж, оруулж ирээд байна” гэж хатуухан боловч үнэн үг хэлсэн.
Тэгэхээр бүрэн эрхийнхээ дагуу юу ч хийж болно, яаж ч аашилж, аяглаж болно гэж ойлгодог зарим гишүүнд эрхээс илүүтэй үүргийг нь сайтар ойлгуулах болжээ. Өчигдөр юу ярихаа мэдэхгүй түгдчиж байсан бол өнөөдөр Байнгын хорооны хуралдааныг үймүүлж, дур зоргоороо аашилж байна. Маргааш тэд ямар бантан хутгах бол гэхээс айх юм.

Б.Энхболор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан