Хэдхэн хоногийн өмнө би У.Хүрэлсүхийг эр зориг гаргалаа гэж бичиж байлаа. Тэгвэл үүнийгээ дахин бичих гэсэн юм. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үед ч гэсэн У.Хүрэлсүхийг энэ парламентад жинхэнэ эр зориг гаргалаа гэдгийг дахин хэлмээр санагдлаа. Хэдийгээр парламентын түүхэнд УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан түүх байгаа хэдийг өмнөх бүхэн ямар нэгэн хүчин зүйлээс, одоогийн хэлээр бол ашиг сонирхлын зөрчлөөс болж татгалзаж байсан аж, гишүүдийн хэлснээр. Харин У.Хүрэлсүхийн хувьд жинхэнэ өөрийн эр зоригоороо татгалзлаа. Яагаад гэвэл түүнд УИХ-аас чөлөө аваад гэр бүлийнхээ хүнийг асарч, тойглоод явах боломж байсан байна. Байна гэдгийн учир өмнөх парламентад спикерээсээ чөлөө авалгүйгээр хэдэн сараар ажлаа таслаад өөрийнхөө биеийг эмчлүүлэх гээд явж байсан тохиолдол байсан гэж гишүүд хэлсэн болохоор ингэж хэлэв. /С.Баяр, Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүс энэ хүмүүсийн тоонд багтана/Хүн болгон гишүүн болохоор улайрдаг энэ байдлыг У.Хүрэлсүх гэр бүлээрээ бүр мөсөн солив. Энэ бол хүн, чанар, нинжин сэтгэл, эр зориг гэж дахин дахин хэлмээр байна.
Тэгвэл бас нэгэн эр зоригтон дахин гарч ирлээ. Энэ бол Улсын арслан Х.Мөнхбаатар. Тэрээр монгол бөхөд үүрлээд байгаа идээ бээрийг задаллаа. Цолны найраа зөвхөн бөхчүүдийн дунд байдаг юм байна гэсэн мухар ойлголтыг үгүйсгэж цол худалдаж авдаг байдал Монгол бөхийн холбоо төдийгүй, аав хүү, хамаатан садны дунд үүрлэсэн гэдгийг илчилж орхилоо.
2007 оны наадмын долоогийн даваа эхлэхийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Х.Мөнхбаатарыг хүү Ганбаатартаа буугаад өгчих. 70 сая төгрөг өгье гэж хэлсэн тухай баримтгүй, нууц яриаг дэлгэлээ. Мэдээж энэ яриа баримтгүй. Тухайн үед Х.Мөнхбаатар арслан дуу хураагч юм уу, дүрс бичлэгийн камер бариад Р.Нямдорж тэргүүний яриа, үйл хөдлөлийг нь бичиж аваагүй нь тодорхой. Тиймдээ ч Х.Мөнхбаатар арслан Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн нэр хүндэд халдаж, худал гүтгэлэг тараасан гэж шүүхээр дэнслүүлэх нь тодорхой боллоо. Магадгүй хэдэн арван сая төгрөгийн “өрөнд” орох нь ч дамжиггүй болов. Ийн 2007 онд зааны даваа 70 сая төгрөгийн ханштай байсан бол өнөө цагт хэдэн сая хүрээд байгааг таахын аргагүй. Ноднин жилийн наадмаар улсын начин цолны ханш 180 сая төгрөг хүрсэн гэдгийг бөх сонирхогчид ярьдаг. Тухайлбал, бөхийн ханшийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, хурдан морины ханшийг “Мон-Уран”-ны Б.Наранхүү тогтоосон гэдэг яриа байдаг.
Тэгвэл ингэж өндөрөө авсан цолны найрааны идээ бээрийг задалж ил болгосон Х.Мөнхбаатар мөн л эр зориг гаргалаа. Түүнээс өөр хүн ингэж Бөхийн холбооны дунд үүрлэсэн зүйлийг илчилсэн хүн алга. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байгаа бодит үнэнийг хэлсэнд нь талархъя.
Ер нь, Монголын үндэсний бөхийн холбоог жил бүр тайлангаа тавьдаг баймаар юм. Учир нь хамгийн нууцлаг байгууллага бол Гандантэгчинлэн хийд, Монголын үндэсний бөхийн холбоо хоёр. Ганданд хэдэн төгрөгийн өргөл барьж ирж байгааг тогтоох боломжгүй байдаг бол бөхийн холбоо хэдэн төгрөгийн орлого олж байгаа нь бас л нууц. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбоо жилдээ тайлангаа гаргадаг болмоор юм.“Тэр тэдэн төгрөгөөр начин болсон ивээн тэтгэгч нь тэр байгууллага гэж. Хамгийн сайн спонсор гэж бөхчүүдийн ивээн тэтгэгчийг өргөмжлөөд л. Эх оронч түшээ гэдэг шиг, бөхчин бизнесмэн гэдэг ч юм уу” ийм байдлаар тайлангаа тавьдаг баймаар ч юм шиг.
Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход эр зоригтнуудын шийдвэр нэг нь зөв, нөгөө нь буруу цаг үе байлаа. У.Хүрэлсүхийн хувьд зөв цаг үед ийм шийдвэр гаргасан. Харин Х.Мөнхбаатар арай л яарчихлаа. Нэгэнт өөрөө очиж шинжилгээ өгчихсөн юм бол хариу ирэхийг хүлээх л байж.