Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ГАН-ОЧИР: ШҮЛЭГ ЗОХИОЛЫН ЦААД УТГЫГ ОДОО Л ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙНА

Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очиртой ярилцлаа.
-Хамгийн сүүлд хий­сэн уран бүтээлээс тань яриагаа эхэлье. Оросын агуу яруу найрагч С.Есенинг Монголтой дахин мэнд­чи­лэхэд та тусаллаа?

-1991 оноос эхлээд Есенин гэдэг хүнийг олон хүний амнаас сонсч, түүний бичсэн шүлэг зохиолыг уншсан. Уг нь, эхлээд сонирхож уншиж байсан. Дараа нь цуглуулсан. Тэгээд л Есенинийн талаар гарсан ном, сонин гээд цуглуулж байсан чинь Пүрэвхүүгийн Батхуяг гэдэг найз маань “Чи энэ цуглуулгаа эмхэтгээд ном болгооч” гэснээр “Есенин Монголд” номоо хэвлүүлээд удаагүй байна.
-Мэдээж, яруу найрагт үнэхээр хайртай хүний хийх ажил байх л даа энэ?
-Яруу найрагч гэж хэлүүлэхэд авьяас билэг минь дутдаг ч гэсэн яруу найрагт хайртай байх сайхан шүү дээ. Би яруу найргийн төлөө өөрийгөө зориулаад явж байгаа нь л чухал. Түүнээс миний үлдэх үү, эс үлдэх үү гэдэг хэнд хамаатай юм бэ. Үүнд би шаналаад яваад байдаггүй.
-Номонд ороогүй зүйл их л үлдсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Сүүлд зарим цуглуулгаа эргүүлж байгаад энийг л хийдэг байж хэмээн харамссан зүйл байсан. Америкийн агуу балетчин Айседора Дункан гэж бүсгүйд Есенин дурлаад англи хэл мэдэхгүй ч хамтдаа амьдарсан гэдэг. Дунканы Орост байхдаа бичсэн тэмдэглэл байсан юм. Тэрийг ядаж оруулж амжаагүй байна билээ. Одоо өнгөрсөн л дөө.
-Таныг анх хэн яруу найрагт ингэж хайртай болгов оо. Өнгөрснийг дурсах сайхан байдаг?
-Би чинь Дорнодынх. Гуравдугаар ангид байхад багш маань намайг гайгүй юм бичдэг гээд яруу найргийн дугуйланд оруулсан. Тэгээд л шүлгийг яаж бичих талаар заагаад л... Удалгүй Дорнод аймгийн Баяндун сумын пионерийн зусланд амарсан. Тэгсэн шүлгийн наадам болоод “Гацуурхан” бүлгийн Ган-Очир гарч ирж шүлгээ уншина гээд зарлачихдаг юм байна. Гараад нэг инээдтэй шүлэг уншсан юм даг. “Гацуурхан бүлэгт элсч ороод, дуу шүлэг олныг сурлаа. Онцын хөөрхөн охидуудтай танилцлаа” гээд уншсанаа их сайн санадаг юм. Тэр зуслангийнхаа дэвтрийг хадгалчихсан байсан чинь нүүдэл суудал дунд алга болчихсон. Уг нь, тухайн үедээ багшийнхаа улаан балыг гуйж байгаад биччихсэн шүлэгтэй хөөрхөн тэмдэглэлийн дэвтэр байсан л даа. Үр хүүхэддээ үлдээх зүйл мань мэтэд тэрнээс өөр алга шүү дээ. Ямар архины үйлдвэр, алтны уурхай байх биш. Бүх хийж бүтээснээ патенттай болгоод л үлдээнэ гэж боддог.
-Тэр цагаас хойш л найрагт дурлах болсон уу?
-Зусланд болсон яруу найргийн наадамд түрүүлээд шугам, улаан бүчээр шагнуулаад их урам авсан. Тэрнээс хойш “Зуслангийн найрагч” гэж нэртэй болоод, хүмүүс тэгж дуудаад байхаар бүр дүрдээ ороод хэдэн ч 12 мөнгөний дэвтэр дуусгасан юм бүү мэд. Бичээд л байсан.
-Яруу найрагчдад зааж чиглүүлэх, үгийг нь сонсох хүн заавал хэрэгтэй байдаг юм шиг. Танд ч бас чиглүүлэгч байсан байх?
-Уран зохиолын маань багш Батдэлгэр гэж хүн байсан. Намайг жинхэнэ уран зохиолд уруу татаж оруулсан даа. Төөрчихсөн байсныг маань чиглүүлсэн. Агуу их яруу найрагч “Эрээнцав”-ын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэн, Жамъяангийн Болд-Эрдэнэ, Тогоонтөмөрийн Содномнамжил гээд том том яруу найрагчтай уулзуулж, танилцуулж өгсөн. Тэднийг дагаад ГУНУ гал руу орсон.
-ГУНУ урсгал гэж...?
-Яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны “Гол ус намуухан урсана” гээд алдарт бүтээлийнх нь эхний үсгүүдээр нэрлэсэн юм л даа. Түүнийг судлаач Соргодогийн Энхбаяр “1990-ээд оны яруу найрагт ГУНУ урсгал бий болчихсон байна” гэж зарласан. Энэ нь намуун тунгалаг яруу найраг.
-Тухайн үед та оюутан байсан. 1994 онд “Болор цом”-д орж байсан зургийг тань харж байлаа. Тэгэхэд дан мундгууд л “Болор цом”-д ордог байсан биз дээ?
-Зохиолчдын хорооноос анх удаа хүний шүлгүүдийг нууц нэрээр эхний шатанд авсан юм. Д.Цоодол, Г.Нямсүрэн гээд тавьчихаар шууд л нэрээр нь оруулчихдаг байсан учраас “Болор цом”-ыг шударга болгох гэсэн л санаа. Тэгээд гурван шүлгээ Баянтүмэн гэсэн нууц нэрээр өгсөн. Тухайн үед Дорнод аймгийн төвийг Баянтүмэн гэж нэрлэдэг байлаа. Удалгүй “Ардын эрх” сонины нэгдүгээр нүүрт шалгарчихсан хэрнээ эзэн нь олдохгүй байгаа шүлгийн эзэд ирж уулзаач гээд тав, зургаан хүний нэртэй зар гарсан. Багшийн дээдэд сурдаг байсан Эрдэнэсолонго бид хоёр нэрээ олж хараад Зохиолчдын хороон дээр очсон чинь Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа гуай хоёр “Залуучууд архи уудаг уу, костьюм пиджак байгаа юу. Зурагтаар гарна. Ерөнхийлөгч үзнэ. Хариуцлагатай ирээрэй” гэсэн. “Болор цом”-д үлдчихсэндээ итгэхгүй л байлаа шүү дээ.
Нэг, хоёр, гурав уншлаа давчихлаа. Сүүлдээ юу болоод байгааг нь мэдэхгүй чих шуугиад л байсан. Нэг мэдсэн сүүлийн тавд үлдчихсэн байдаг байгаа. Тэгсэн хамгийн инээдтэй нь Пунцагийн Бадарч ах өөрөө халамцуу тайзан дээр гарч ирээд Мөнхцэцэгийн шагналд ирсэн эмэгтэй хүний цүнхийг надад андуурч өгөөд, үзэгчид инээлдээд. Мөнхцэцэг тавд, би дөрөвт орж уг нь нийслэл хотын нэрэмжит шагнал авах байж л дээ. 15 мянган төгрөг дугтуйнд хийгээд л авсан. Сургалтын төлбөр 50 мянган төгрөг байлаа. Амьдралдаа анх удаа ийм их мөнгө аваад их сандарсан.
-Оюутны ширээний араас “Болор цом”-ын тайзан дээр агуу яруу найрагчидтай уралдаад дөрөвдүгээр байрт орж байж шүү дээ?
-Аз л байхгүй юу даа. Тэр жилийн “Болор цом”-д Нямсүрэн ах, Отгонсүрэн гээд бүх томчууд орсон хамгийн сүүлийн том наадам байсан. Нямсүрэн ах маань Эрээнцаваас ирж оролцсон. Харамсалтай нь, Нэргүй ахынд дэвтрээ мартчихсан байж таараад тайзан дээр гараад, цээжиндээ байсан дөрвөн мөрөө л хэлчихээд буучихсан. Түүнээс би багшийгаа давна гэж юу байх вэ дээ.
“Модон тэрэгний дугуй
Чахран чухран эргэнэ
Монголын их амар амгалан
Гадаа минь ирнэ”
гэж уншиж байсан. Миний хувьд “Болор цом” наадмын тайзан дээрээс үзэгчдэд хүрсэн хамгийн богино, агуу мөр л энэ байсан.
-Яруу найраг, шүлэг бичдэг сэтгүүлчид л илүү хөгтэй бичдэг шүү дээ. Их сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв?
-Хувийн чөлөөт хэвлэлүүдийн нэг “Толь” сонины анхны сурвалжлагчаар нь орж ажиллаж байлаа. Чөлөөт сэтгүүлч мэргэжлээр дагнаж байгаад 2004 оноос “Өдрийн сонин”-нд хэсэг ажилласан.
-Одоо уран бүтээлдээ цаг заваа зарцуулж байгаа юу. Таны зохиосон дуунуудыг хартал дандаа л хит болж байжээ?
-Оюутан байхдаа бичсэн “Цамцаа тайл” гээд шүлэг маань анх дуу болсон доо. Хэрлэн маань тэр шүлгийг авч яваад “Никитон”-ы Баачкад үзүүлсэн юм билээ. Сүүлд дуу болчихсон байсан. Тэгээд л тэрнээс хойш дууны шүлгүүд бичих болсон доо.
-Ер нь, яруу найргийн төрлүүдээс дууны шүлэг бичих хамгийн хэцүү гэх юм билээ?
-Тийм ээ. Манайхан чинь хааяа над руу “Чи нэр төр хөөсөн”, “Чиний дууны үг бичих гэж юу байдаг юм”, “Үгээ зараад баяжиж байна уу” гээд үг шиднэ л дээ. “Цамцаа тайл”, “Хуучраагүй жинс” хоёрыг биччихсэн чинь дандаа өмд гутлын тухай бичдэг гээд хэсэг шүүмжлүүлсэн. Гэхдээ шүүмжилж байсан хүмүүс дараа нь “дууны шүлэг ч ёстой хатуу самар юм аа” гээд хэлдэг л юм.
-Дууны аав нь үг зохиогч, ээж нь хөгжмийн зохиолч гэж би ойлгодог. Тэгэхээр хамтран ажиллах дуртай хөгжмийн зохиолч гэж байх уу?
-Байлгүй яахав. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбосүрэнгийн Энхбаяртай ихэвчлэн хамтран ажилладаг. Хамгийн сүүлд бид хоёр “Монголын нууц товчоо мину” гээд ах дүү гурав дуулдаг дуу хийсэн. 800 жилийн түүхэн ойг тэр дуугаар минь нээж байсан. Б.Энхбаяр, Аранзаа, Гантөр, О.Хүрэлбаатар нартаа ёстой туйлгүй хайртай. Хамтран ажиллах дуртай.
-Та дууны шүлэг захиалгаар бичих үү?
-Би ямар ая дууны мэндчилгээ биш. Хэн нэгэн дуудаад шүлэг бич гэснийх нь зоргоор гүйж очоод бичээд сууж байдаг ч биш. Ийм юманд л ёстой дургүй.
-Өөрийн зохиосон дуунуудаар тоглолт хийх бодол бий болов уу?
-Уг нь, боддог л юм.
-Гэхдээ та “Камертон”, “Номин талст”-ын бараг бүх дууг зохиосон болохоор тэдний бие даасан тоглолтыг таных гэж болох юм?
-Уг нь тийм. Гэхдээ тэр их ажилтай хүмүүс юу гэж надад зориулж тоглолт зохион байгуулах билээ дээ.
-“Камертон” хамтлагийн “Харууслын аяз” дууг яруу найрагч Л.Өлзийтөгстэй хамтран бичсэн гэсэн. Танд өөр яруу найрагчтай хамтран бичсэн шүлэг бий юү?
-Өлзийтөгс яруу найрагчийн “Зөн” гээд цувралд гарсан шүлгээс дуучин Болд нэг шүлгийн эхний бадаг аваад ая хийчихсэн. Тэгээд намайг үргэлжлүүлээд бичээд өгөөч гэсэн. Тэгээд би тэрийг нь мэдэлгүй биччихсэн чинь дараа нь Өлзийтөгс жаахан буруу ойлголттой байх шиг санагдсан. Ингэж нэг нэгнийхээ уран бүтээл рүү халдаж болохгүй л дээ. Жишээ нь, “Миний хоёр эрдэнэ”-ийг би зохиосон байхад клипэнд нь би ээжтэйгээ орж болно шүү дээ. Тэгэхэд хаа хамаагүй хүмүүс ороод тоглочихсон л явж байдаг. Энэ мэтээр манайхан нэг нэгнийхээ уран бүтээлийг хүндлэхгүй байгаа зүйл ажиглагддаг шүү.
-Бичих гэж нэлээн удаж, дуншсан шүлэг бий болов уу?
-Би удаан бичдэггүй. Гэхдээ аянд тохируулж шүлэг бичих хэцүү. Халшраад байдаг юм.
-Дууны үг бичдэг хүн хөгжмийн сонсголтой л байхгүй бол болохгүй. Та хэр сайн дуулдаг вэ?
-Сонсгол бол бий. Гэхдээ намайг дуулвал хүн айна. Бурхан ер нь, хүнд бүх юмыг тэнцүүхэн өгчихдөггүй юм байна. Намайг “чи шүлэг л бич” гээд анхнаасаа заагаад өгсөн.
-Таны уран бүтээлээс төрсөн нутаг усаа магтсан өнгө аяс их ажиглагдсан. “Баянтүмэнгийн бүсгүйчүүд” гээд л...?
-Нутаг усаа уран бүтээлдээ мөнхлөхөөр уул ус нь баярладаг гэдэг. Тэгээд ч дуу, шүлгээрээ дамжуулан эрт дээр үеэс хойч үедээ нутаг усаа таниулж ирсэн. Д.Банзрагч агсны “Жилээс жилд жижгэрсэн Жирмийн цагаан нуур...” гэдэг дууны үг бий. Төв аймгийн Жирмийн цагаан нуурыг устах аюулд ороод байгааг л хэлээд байж. Одоо тэр нуур алга болчихсон. Хамгийн олон дуутай гол гэхэд Хэрлэн мөрөн. Хамгийн урт урсдаг болоод л тэр байхгүй юу. Дуу шүлгээр дамжуулж юу хэлэх гээд байгааг одоо л нэг ойлгож байна. Бүхэл бүтэн 20 гаруй жил оролдож байж шүү.
-Судлаач, яруу найрагчид шүлэг сонсоод л тэрний шүлэг байна гээд байдаг. Өөр өөрийн гэсэн өнгө аяс үнэртдэг байх?
-Байгаа. Гэхдээ миний уран бүтээлийг мэддэг хүмүүс л мэдэх байх.
-Гэхдээ анхнаасаа бичихдээ өөрийн гэсэн өнгө аясаа шингээдэггүй гэж үү?
-Санаанд бууснаа хэрхэн цаасан дээр буулгаж байна вэ гэдэгт л тухайн зохиолчийн онцлог агуулагддаг болов уу. Яг бодсон чинь их хүнд асуулт байна.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан