Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гамлет: Орших уу, эс орших уу

Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэдэг “Гамлет” УДЭТ-ын тайзнаа 33 жилийн дараа мориллоо. “Би” гэж хэн бэ, “Би” энэ хорвоод орших уу, эс орших уу гэсэн асуултад хариулт өгөхөөр дахин морилсон нь энэ. Дэлхийн олон бүтээлээс ямар ч цаг үед тавьсан агуулга, утга чанараа алддаггүйг нь л сонгодог гэж нэрлэдэг. “Гамлет” бол сонгодгийн дээд бүтээл гэдгийг нээлтийн үеэр үзэж, мэдэрч суулаа.

Улаан хивсэн дээр алхсан “Гамлет”

Гадаа цас бударсан өвлийн жихүүн орой... УДЭТ-ыг зорьж шинэхэн улирлын нээлтэд оролцохоор ирж яваа үзэгчдийн сэтгэл будран орох цасыг ч хайлуулахаар хүчтэй догдлол, хүлээлт, баяр баяслаар шатаж байсан нь мэдээж. Гэхдээ тэднээс илүү дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн “Гамлет” жүжгийг амилуулахаар тайзны ард айдас бас догдлол, бяцхан сандрал дунд зогсох уран бүтээлчид дүрэлзэн асч байсныг жүжгээр дамжуулан мэдэрсэн билээ.
Цагаахан цасан дээр дэвссэн улаан хивс театрын үе үеийн уран бүтээлчдийг шинэхэн улиралын нээлтэд хөтлөн оруулж байлаа.

Театр мөнхийн залуугаараа байдаг


УДЭТ-ын үзвэрийн шинэ улирал, “Гамлет” жүжгийг нээж УДЭТ-ын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу “Манай театр У.Шекспирийн нийт зургаан бүтээлийг тайзнаа амилуулжээ. 1979 онд “Гамлет”-ыг үзэгчидтэйгээ уулзуулж, “Эрдмийн” гэдэг цол авч байлаа. Энэ агуу бүтээлийг дахин та бүхэндээ толилуулахад Засгийн газар маань их дэмжлэг үзүүлсэн билээ. Тэр дундаа УИХ-ын дэд дарга С.Баярцогтод  онцлон талархал илэрхийлье. Тэрээр Сангийн сайд байхдаа “Гамлет” жүжгийг тайзнаа тавих 140 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн нь өнөөдөр биднийг ийн баяртай уулзуулж байна” гэсэн юм.
Харин уран бүтээлчдээ төлөөлж төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд үзэгчидтэйгээ мэндчилсэн. Тэрээр Монголын анхны Офелия. “Яг 33 жилийн өмнө зүрх минь цээжээ дэлбэлэх шахам цохилон, догдолсоор тайзны ард зогсч байлаа. Өнөөдөр харин хөшигний урд ч гэсэн зүрх маань хүчтэй цохилж байна. “Үзэгчдийн танхим дүүрэн байхад, жүжигчид хамгийн жаргалтай, хамгийн баян байдаг” гэж агуу зохиолчийн жүжгийн үгэнд байдаг. Өнөөдөр бид тийм л байна” гэж хэлээд бурхны орноос харж суугаа алтан үеийнхэн, мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдүүд, тэдний залуу халаа болж яваа уран бүтээлчдэд баяр хүргээд “Театр мөнхийн залуугаараа байдаг юм шүү” гэлээ.

Хөшиг нээхийн өмнө хөгжим

Хөгжмийн зохиолч С.Сансар­гэрэл­тэхийн зохиосон хөгжим нүргэлэн жүжиг эхлэх нь тэр. Жүжгийг чихэнд хүргэдэг хамгийн гол чимэг бол хөгжим. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн анх удаа жүжигт зориулан бичсэн хөгжмийн зохиол нь 33 жилийн тэртээх “Гамлет”-ийг өнөөдрийнхөөс ялгах бас нэгэн хэмжүүр. Нүргэлсэн түгшүүртэй хөгжим аажим аажмаар намсан, найр наадмын хөнгөн хөгжим болон хувирч, хөшиг нээгдлээ.

Олны дунд ганцаардсан Гамлет


Данийн ван, Гамлетын аав таалал төгсөөд хоёрхон сар болжээ. Гэсэн ч ордонд Гамлетаас бусад нь найр наадам болж, хөгжин цэнгэнэ. Түүний ээж Гертруда Гамлетын авга ах Клавдитай гэрлэж буй нь энэ. Аавыгаа алдсан Гамлетад энэ бүхэн утгагүй мэт санагдана. “Тэнгэрийн салхи тэнгэрлэг царайд нь хүрчих вий гэж хайрладаг байсан аавын минь эхнэр. Цадах тусмаа өлсөх мэт аавд минь дурладаг байсан ээж минь энэ хүн мөн үү” гэдэг асуулт бас аавынх нь үхэл Гамлетийн өмнө өндрөөс өндөр хана хэрэм мэт дүнсийнэ. Үнэн мөнийн эрэлд гарахдаа солиорсон дүр эсгэх Гамлетийн дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэ ухаалаг, чадварлагаар гаргаж чаджээ. Жүжгийн дотор чадварлаг жүжиглэх түүний авьяасыг үзэгчид бишрэн магтаж байлаа.
Янаг бүсгүй, хадам ээж, халамжит эх

Зугаа цэнгэлд толгойгоо алдсан Гертруда. Нөхрөө алдсан ч дахин нөхөрт гарсан бүсгүй. Энэ дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг үзэгчдэд хүргэсэн юм. Түүний урт хөл, хурц нүд, ялдам инээд янаг бүсгүйн дүрийг гаргахад ёстой л нүдээ олжээ. Гэвч Гертруда хадам ээж, халамжит эх хэзээ ч байгаагүй. Эр нөхрийнх нь амийг хороосон хүнтэй гэрлэж, аз жаргалд умбаж буй мэт боловч тэр амьдралын үнэ цэнэ чухам юунд байдгийг хожимдож ухаарна.
Гертрудад хувирсан гавьяат жүжигчин У.Уранчимэг энэ орой цэцгэнд “даруулсан” юм. Жүжиг хөшгөө хааж, уран бүтээлчид үзэгчидтэй мэндчилэхэд түүний нөхөр ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл эхнэртээ баяр хүргэж улаан сарнайн баглааг бэлэглэсэн нь жүжигчин Урнааг дарах шахам цугласан цэцэгсийн ердөө эхлэл нь байлаа.
Тэрээр “Хүний эрхэмлэж явах  ганц зүйл нь гэр бүл. Тэгэхээр энэ дүрээр дамжуулж үзэгчдэд хүн байгаасай, хүний ёсноос гажууд юм битгий хийгээсэй гэдгийг хараасай” гэж хүсч байна хэмээн өөрийнхөө бүтээсэн дүрийг тодорхойлсон юм.

Тэр л ганцаараа золиос...

Гэнэн цагаахан сэтгэлтэй, амьдралын хар бараан, муу муухай талыг огтхон ч мэддэггүй Офелия. Хүмүүнд байдаг хамгийн эрхэм, нандин, сайн сайхан бүхий л чанарыг шингээсэн Офелия бол Гамлетын амьдарч буй бухимдал дүүрэн энэ нийгмийн золиос.
Найруулагч түүний дүрд сонгон шалгаруулалт явуулсан билээ. Най­руулагчийн хувьд Офелияг сонгохдоо ганц том шалгуур тавьсан нь солиорол гэнэ. Жүжигт Офелия ухаан санаагаа алдан самуурч, солиорч буй хэсэг бий. Харин энэ дүрийн төлөө өрсөлдсөн театрын 10 уран бүтээлчээс залуу жүжигчин А.Ганчимэг найруулагчийн дотоод сэтгэлд буусан төсөөллийг гаргаж чадсан аж. Түүнийгээ ч энэ орой тод томруун харууллаа. Хад, чулууны дундаас ургасан үзэсгэлэнт цэцгийг залуу жүжигчин маань үнэхээр чадварлаг бүтээсэн.

Тэдэнд хамгийн чангаар алга ташсан

Өөрийн ах Данийн ванг өөрийн гараар хороож, хатантай нь гэрлэж ван болсон Клавди. Зугаа цэнгэл, эрх мэдэл түүний хувьд ахаас нь илүү үнэтэй. Энэ дүрийг Монголын тайзнаа анх Ардын жүжигчин, төрийн шагналт Г.Гомбосүрэн гуай бүтээж байсан түүхтэй. Харин энэ удаа Г.Гомбосүрэн багшийн шавь Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай амилууллаа.
Тэрээр багшийнхаа бүтээсэн дүрийг амьдруулаад “Гомбосүрэн багш бол Монголын тайз дэлгэцийн урлагт монгол жүжигчний дээд сургуулийг бий болгосон хүн. Энэ хүний тоглосон дүрд тэр бүр хүн тоглоод байдаггүй. Тохиолдлоор надад хоёр дахь удаагаа таарч байна. Тиймээс бодох, санах зүйл их байсан. Би иргэний хувьд эмзэглэж буй сэтгэлээ уран бүтээлчийн аргаар илэрхийлэн таашаал авах гэж энэ дүрд тоглосон. Энэ жүжиг орших оршихгүйн тухай өгүүлж байгаа. Оршихын төлөө зүтгэдэг хүн байхад, оршиж болохгүй хүн орой дээр гарчихсан тохиолдолд сэтгэл эмзэглэдэг. Энэ жүжгийг үзсэн бол хүнд хэлж чадахгүй, эмзэглээд байгаа үгээ өөрсдөө хашгирч чаддаггүй юмаа гэхэд, таны оронд орилж буй хүнийг хараад уужрах байх гэж бодож байна” хэмээв.  Ардын жүжигчин П.Цэрэндагва театрын ахмад уран бүтээлчдийн тоонд орох ч түүний хурдан шалмаг хөдөлгөөн, жүжиглэлт залуучуудаас хол илүү гарахаар байсан юм. Үзсэн үзэгчид түүнийг “Тайзнаас буух тухай ойрын 20 жилдээ ярихгүйгээр эрч хүчтэй байна шүү” гэж хөөрөлдөн сууна. Үзэгчдийн талархалыг хүлээсэн бас нэгэн жүжигчин бол Офелиягийн аав Полонигийн дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан. “Би уг нь олон үг яриад байдаг хүн биш л дээ” хэмээн олон зүйл ярих Полонигийн дүрийг өөрийнхөө туршлага, чадвартай хамт нэгтгэн гаргаж, үзэгчдээр үзэн ядуулж чадсан юм. Жүжигчин хүний хийх ёстой зүйл бол өөрийн бүтээж буй дүрдээ үзэгчдийг үнэмшүүлэх. Б.Жаргалсайханыг үзэгчид жүжиг дуусан дуустал хорсон, үзэн ядсан нь итгэл үнэмшлийн тод жишээ.

Гамлетийн солиорол монголчуудын саруул ухаан

Нийгмийн зөрчил, бухимдал, ху­дал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэр­хийлэх Гамлетын дүрийг най­руулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэм­жээнд хүрсэн ч хүний язгуур эрх гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолсон.

Анхны Гамлет зочилсон нь

Монголын анхны Гамлет төрийн шагналт, ардын жүжигчин Л.Жамсранжав гуай аль хэдийнэ тэнгэрийн оронд одсон гэж үү. Тэрээр амьд ахуйдаа Гамлетийг бүтээж, үзэгч­дийн зүрх сэтгэлд амьдарч чадсан. Харин өнөөдөр түүний төрсөн дүү зураач Л.Аюуш ахынхаа Гамлетад тоглож байсан үеийг цааснаа буулгаж УДЭТ-т бэлэглэсэн юм. Жавхаатай, үнэнийг эрэлхийлсэн нүдээр түүний хө­рөг театрын тайзнаас үзэгчидтэй хар­цаараа мэндчилэх шиг... 33 жи­лийн тэртээ “Гамлет” жүжгийн тайзыг дүү нь зурж, ах нь гол дүрд нь тоглож байж.

Та хожимдов...

Хүн амьдрах гэж үхдэг үү, үхэх гэж амьдардаг уу. Энэ хорвоо дээр орших уу, эс орших уу гээд тайлагдаагүй олон асуултанд хариулт өгөх сонгодог бүтээл ийн хөшгөө нээлээ. Үзэгч бүр өөрийнхөөрөө ойлгох, бодох сэтгэлгээний эрх чөлөөг олгосон драмын эмгэнэлт жүжгээс би хүссэн хариултаа авсан. Та ч бас хариултаа аваарай...

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
үзэх юмсан
Хамгийн их уншсан