Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

32 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ОРОСУУДЫН УРХИ

Нефтийн экспортоороо дэлхийд дөрөвдүгээрт орж буй Кувейт орны нөөцийг 1930-аад онд америк, англичууд нээсэн гэдэг. Харин манай улсад нефть байна гэдгийг 1920 оны дундуур Америкийн нэгэн геологич тогтоосон. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын Ондой сайр гэдэг газрын хөрснөөс газрын тос гарах бололцоотой гэж дүгнэжээ. Манай улсын газар нутаг 1.6 тэрбум тонн газрын тосны нөөцтэй. Газрын тос олборлогч 100 гаруй орноос нөөцөөрөө 33-34 дүгээр байрт жагсч байгаа хэмээн гайхуулаад л суух юм. Хачирхалтай нь, олборлогч орон атлаа шатахуунаа 100 хувь импортоор хангаж байгаа улс Монголоос өөр дэлхий дахинаа бий болов уу. Урд хөрш нь хэдэн зуун тонноор нь газрын тос олборлоод ганц дуслыг ч нутгийнх нь хөрсөнд шингээлгүй тээвэрлэж байх юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай дараахь долоон компани хайгуулын 10 талбайд Газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 26 нөөц талбайн 25-д нь бүтээгдэхүүн байгуулах гэрээ хийгдчихсэн гэдэг яриа гараад буй.  Юутай ч, газрын тосны салбар аль хэдийнэ гадаадынхны хоол болоод дуусч буй. Гэтэл эсрэгээрээ нийт импортолж буй нефтийн 98 хувийг хойд хөршөөс авч байгаа. Хятад, 2011 оноос хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар гуравдагч эх үүсвэрээс шатахуун авах талаар яриа хэлэлцээр хийсний дүнд БНСУ-ын “SK Energy”, “Hyundai oilbank”, “S-oil”, “GS Caltex” зэрэг компанитай хамтран ажиллахаар болсон гээд л байсан. Эдгээрээс “SK Energy” компанитай хийсэн хэлэлцээр амжилттай болж, “М-Oil” групп 1800 тонн евро стандартын шатахуун оруулж ирснээс өөр дорвитой авсан арга хэмжээ юу ч алга. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг салбараар нь ангилбал дээрх дүр зураглал гарч байна. Эдгээр хэрэглэгчид Кремлийн эздийн араншин, нефть импортлогчдын шантаажинд хэдий хүртэл хавчуулагдах юм бэ.

ЗҮҮНБАЯНГИЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУРШЛАГА БИЙ

Манай нефть боловсруулах үйлдвэр улиг болтлоо яригдаад байгаа болохоос үндэс суурь нь бий юу гэвэл бий. Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр тэртээ 1950 онд байгуулагдаж, дотоодынхоо шатахууны хэрэглээг 50 хувиас дээш хувиар хангаж байсан туршлага байсан уу гэвэл байсан. 900 гаруй ажилтантай үйлдвэр тосоо боловсруулж шатахуун, дизелийн түлш, мазот, кокс гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргаж болоод л байсан. 1970 он хүртэл 20 гаруй жил тасралтгүй ажиллаж техник төхөөрөмж нь ч хуучирч Зүүнбаянгийн Хонхорын нефтийн нөөц ч дуусч. 1965 оны үед ЗХУ-ын сайд Брежнев манайд айлчилж тухайн үед үйлдвэрийн удирдлагууд нефтийн хайгуул хийх эсвэл шинэчлэн нүүлгэж өгөх хүсэлт гаргажээ. “Сибирьт маш том газрын тосны үйлдвэр нээлээ. Тэндээс танай хэрэгцээг хангаж байя. Ангарскийн завод 2-3 хоног ажиллаад л танай нэг жилийн хэрэгцээг хангаж чадна” гэсэн хариу өгч.  Үйлдвэрээ хаах эсвэл шинэчлэн нүүлгэх хоёр зам тулгараад байсан үед Брежневийн энэхүү үг хожим хойдохын урхи байсан гэж тухайн үед хэн санах билээ. Ямар ч гэсэн түүний хэлсэн хэдхэн өгүүлбэр үйлдвэрийг хаалгаж, хэдэн зуун хүнийг ажилгүй болгож орхисон. Үйлдвэр хаалгаа барьсны дараа шатахууны хэрэгцээ эрс нэмэгдсэн учраас тухайн үед ажиллуулах нь зөв гээд хөөцөлдсөн ч нэгэнт оройтсон байж. Дарханд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-г хийж Зөвлөлтийн талд санал тавьсан ч шийдэж өгөөгүй нь мэдээж. Арга мухардсангүй дахиад л 1979 онд Зөвлөлтөөс дөрвөн мэргэжилтэн урьж, хайгуул хийлгэхэд Монголд жижиг хэмжээний орд байгаа учир томоохон үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж өгөөд буцсан гэдэг. Монголын ёс гурав юм болохоор ингээд л арга мухардсан. 32 жилийн тэртээх тавьсан Оросуудын урхинаас салах цаг хэзээ ирэх бол.

ҮНИЙН ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ, нэмэгдэхгүй дээрээ тулж сүүлдээ нефть импортлогчдод 120 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр зээлүүлэхээр болсон. Гэхдээ нефть импортлогчдоо түр аргалж байгаа арга болохоос Кремлийн эздийг аргацаана ч гэж юу байхав. Засгийн газраас нефть импортлогч ганц, хоёр компаниудад арга хэмжээ авч шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, хадгалах савыг нь томсгоно гэснээс өөрөөр дорвитой юм сэдсэнгүй. Өнөөдөр хувийн хэвшлийн салбар төрөөс илүүтэй ажиллаж байгаа хэн хүнгүй мэдэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар ч гэсэн хувийн хэвшлийн хэрэгжүүлээд явж буй юм болгоныг төр өөрийн мэдэлд авна гэж зүтгэхгүй гэдэг амлалтаа өгсөн. Гэхдээ бусад улс орны жишгийн дагуу нефтийн импортыг төр өөрийн мэдэлдээ авах цаг аль хэдийнэ болчихсон. Уул уурхайн яам, Сангийн яам, ШӨХТГ, МҮЭ, нефть импортлогч компаниудын төлөөлөл өнгөрсөн баасан гарагт шатахууны үнийн талаар хуралдах ёстой байсан. Нефть импортлогчдод валютын зөрүүг нь шийдэж өгснөөр тогтвортой байлгахаас бус үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа гаргаагүй. Үнийн зөвлөл шатахууны үнийн талаар анх удаа хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж өнөөдөр санал бодлоо солилцохоор тов гарсан. Юутай ч, үнэ нэмэгдэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Дарга нарын арчаагүй аймхай доройгиих соц үед барих бсан. Сүүлд Багабанди,Энхбаяр 2-ын монголоо гэх сэтгэл дутсан.
9911-тэй дугаар зарна. Утас:93133784
Хамгийн их уншсан