Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУДЫГ ХУУЛЬ БУСААР БАРЬЖ, ХОРЬСОН УУ

БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан оюутнуудыг хуурамч диплом ашигласан гэж Сөүлийн цагаачлалын албаныхан баривчлаад байгаа. Өнгөрсөн пүрэв гарагт тэднийг сургуулиас нь шууд авч явсан билээ. Энэ талаар мэдээллийг БНСУ-д суралцаж, ажиллаж байгаа монголчууд болон оюутнуудаас авлаа.
Сөүл хотод байх “Гэшин” их сургуульд 230 гаруй монгол оюутан суралцдаг юм байна.  БНСУ-ын Цагаачлалын албанаас энэ сургуульд суралцдаг монгол оюутнуудыг шалгажээ. Арваннэгдүгээр сарын 8-нд бүх гадаад оюутныг сургууль дээр цугла, Цагаачлалын албанаас сургалт зохион байгуулна гэж зар түгээж, монгол оюутнуудыг дууджээ. Харин энэ уулзалтад ирсэн оюутнуудаас нэр цохон дуудаж, 11-ийг нь Цагаачлалын албаны төв байранд очиж тодруулах зүйл байна гээд автобусанд суулгаад авч явсан гэнэ. Тэднээс төрөх хугацаа нь дөхсөн байсан нэг жирэмсэн оюутныг явуулж. Харин нэг оюутны бичиг баримтыг шалгаж диплом нь хуурамч биш байсан болохоор сулласан байна. Ингээд үлдсэн есөн оюутныг шалгана гэж үлдээжээ. Энэ тухай мэдээлэл авсан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Н.Батзориг болон Солонгос дахь монгол доктрантуруудын албаны төлөөлөгч болон баригдсан оюутнуудын ар гэрийнхэн нь Цагаачлалын албанд очиж. Цагаачлалын албаны байцаагчтай уулзахад “Эдгээр оюутан хэлний бэлтгэлд сурч байгаад магистр руу шилжихэд бакалаврын диплом байгаагүй. Бакалаврын хуурамч диплом Монголоос авч ирээд Солонгосын дээд сургуульд магистрт элссэн байна. Хуурамч дипломтой гэдэг үндэслэлээр тэднийг шалгаж байна” гэдэг хариу өгсөн аж. Дараа нь баригдсан оюутнуудтай уулзахад “Биднийг хуурамч дипломтой гэдгээ хурдан хэл. Хэлэхгүй бол маш том хэрэгт холбогдоно, аюулд орно гэсэн байдлаар дарамт үзүүлсэн” гэжээ. Уг нь ямар нэг байдлаар тэднээс мэдүүлэг авахаар болбол хуулийн дагуу өмгөөлөгч авах ёстой байтал шууд байцааж, дарамт үзүүлсэн гэнэ.
Энэ асуудлыг сургуулийн удирдлагаас нь лавлахад урьдчилж ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт бариад аваад явсан гэсэн мэдээлэл өгчээ. Сургуулийн зүгээс оюутнуудыг батлан даалтад гаргах боломжгүй гэсэн байна. Гэвч “Гэшин” их сургуульд суралцдаг монгол оюутнуудын өгч буй мэдээллээр Цагаачлалын алба сургуультай хамтарч зохион байгуулсан байх магадлалтай гэж байлаа.
Цагаачлалын албанд баригдаад байсан есөн оюутнаас тавыг нь дөрөв хоног тэнд байлгаж байгаад Хвасан хотын гадаадын иргэдийн түр саатуулах газарт хүргэсэн аж. Өчигдөр тэдний нэг нь Монголд иржээ. Хвасан хотын гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулагдаж байгаа найман монгол оюутан плитан шал дээр ямар ч нөмрөх, дэвсэх зүйлгүй, нимгэн хувцастай хүнд хэцүү нөхцөлд байна гэдгээ хэлжээ. Заримынх нь бие өвдөж байгаа учир дулаан хувцас, эм оруулъя гэхэд зөвшөөрөөгүй гэнэ. Албан ёсны визтэй, албан ёсоор сургуульд сурч байгаа 3-4 жил төлбөрөө төлж суралцаад төгсөх гэж байсан оюутнууд ч байгаа аж.
Монгол Солонгосын нийгэмлэгийнхэн өмгөөлөгч авч, Монгол Улсын ЭСЯ-ныхнаас унаа тэрэг гаргаж, оюутнуудын эрүүл мэндийн байдал, хаана саатуулагдаж байгаа гэдгийг тодруулахаар болжээ.
Харин Монголын оюутны холбооны ажилтан Батжаргал гэдэг хүнээс оюутнуудын эрхийг хамгаалах талаар ямар ажил хий гэж лавлалаа. Тэрээр “Бид хамгийн түрүүнд холбогдох газруудад хандсан. Солонгост байгаа Монголын ЭСЯ руу хандсан. ГХЯ-ны Консулын газар өчигдөр /уржигдар/ хариу өгсөн. Консулын газар өчигдөр /уржигдар/-ийн байдлаар бүгд гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Оюутнуудыг гадуур шалгаж байгаа. Хоригдсон оюутан байхгүй гэж Солонгос дахь Монголын ЭСЯ-наас мэдээлэл өгсөн” гэлээ.
Өчигдөр 15:00 цагийн байдлаар ЭСЯ-ны ажилтан, Монгол Солонгосын нийгэмлэгийн ажилтан, mglradio.com сайтын сэтгүүлч нар түр саатуулах газарт очиж монгол оюутнуудтай уулзжээ. Тэд оюутнуудад хуулийн зөвлөгөө өгсөн байна. Энэхүү түр саатуулах газарт саяхан Монголын иргэн амиа алдсан харамсалтай хэрэгч гарчээ. Тиймээс эндээс ар гэрийнхнээ гаргаж авахыг хүсч байгаа гэж байлаа.
 “Гэшин” их сургуульд суралцаж буй зарим монгол оюутнаас авсан мэдээллээ хүргэе. Зөвхөн энэ сургууль гэлтгүй өөр бусад сургуульд олон монгол оюутан хуурамч дипломтой байгаа аж. “Гэшин” гэдэг сургууль нь Христийн сүмийн сургууль. Хувийн сургуулийн сүмийн пастер нь н.Тулга гэдэг монгол хүн байдаг гэнэ. Тэрээр бакалаврын диплом хуурамчаар үйлдэж, оюутнуудад худалддаг юм байна. 1-2 сая воноор хуурамч диплом худалддаг аж. Хуурамч диплом авсан оюутнуудаа энэ “Гэшин” сургуульдаа бүртгэж оруулахыг н.Тулга гэгч бас зохицуулж өгдөг байна. Хууль бус зуучлалаар нэг хүнээс 300-500 мянган вон авдаг аж. Тулгын эхнэр нь хуурамч дипломтой байсан гэж гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулагдаж байгаа. Сүмийн пастер н.Тулга гэгч нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаад эхнэрийнхээ мастерийн сургалтын дагалдах визээр гэр бүлээрээ БНСУ-д очжээ. Олон оюутнаас их хэмжээний мөнгө авч, “Гэшин” сургуульд хуурамч дипломтойгоор элсүүлсэн түүнийг Монгол руу буцааж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг Солонгост байгаа монголчууд тавиад байна.
Саатуулагдсан оюутнуудын нэг нь л эрэгтэй бусад нь эмэгтэй гэнэ. Оюутнуудад ийм зөрчилтэй байна гээд албадан нутаг буцаана гэдгийг ойлгуулж, мэдээлэх ёстой. Гэтэл хууль бусаар амьдраагүй, визтэй, албан ёсны зөвшөөрөлтэй сурч байгаа учраас сургуулиасаа ядаж дипломоо авмаар байна гэх оюутан байгаа юм. Тэднийг энэ улсаас албадан гаргалаа гэхэд зургаан сар юм уу нэг жилийн дараа эргэж ирээд сургуулиа төгсөх эрхийг маань нээж өгөөч гэж хүсчээ. Уг нь хуулийн дагуу Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдээд нэг сарын дотор гарга гэсэн бол тэд өөрдсөө сайн дураараа явах боломж байсан. Гэтэл шууд барьж хориод байгаад гомдолтой байгаа гэв. Тэднийг БНСУ-аас албадан гаргалаа гэхэд 5-10 жилийн дараа дахин виз хүсэх эрхийг нь сэргээдэг байна. Ингэхээр олон сар жилээр төлбөр төлж суралцсан оюутнуудад хүнд тусна гэлээ. Монголоос өөр орны оютунууд хуурамч дипломтой суралцаж байгаа тохиолд олон бий. Гэтэл зөвхөн ингэж монголчуудыг олноор нь барьж, хорьж байгаа нь Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам тодорхой хэмжээнд буруутай гэж үзэж байна. БНСУ дахь Элчин сайдын яаманд хандах байтал зөвхөн Цагаачлалын албандаа мэдэгдэж барьж, хорьжээ. Хуурамч дипломтой оюутан байвал яаралтай буц гэсэн заавар, зөвлөмж өгч анхааруулах боломжууд байдаг. Өөрсдөө шийдээд шийдвэр гаргаад байна. Консулын газрын дарга Монгол дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан гэжээ.
Хувь хүний мэдээллийг ЭСЯ-нд яагаад өгөв. “Гэшин” их сургууль шиг шашны санхүүжилттэй хувийн сургуулиудад монголчууд олноор суралцдаг байна. Төлбөр хямд, хичээлийн хөтөлбөрийн цаг богино, суралцахын хажуугаар цагийн ажил хийх боломж байдаг учир ийм сургууль сонгодог аж. Гэтэл тус сургуулийн удирдлагууд оюутнуудыг ингэж барихыг мэдэж байсан гэж хардаж буй оюутнууд ч бий гэнэ. Ямар ч байсан Солонгос дахь монголчууд Монгол Улсын иргэдээ хамгаалж ямар нэг арга хэмжээ авч, үг дуугарч, ажиллах байх гэж найдаж, хүлээж сууна

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан