Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭМШЛИЙН 25:25 ХУВИАР ХУВЬЦАА ГАРГАХ САНАЛ ТАВЬЖЭЭ


Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлд­вэрийн Удирдах зөв­лө­лийн хурал уржигдар болсон билээ. Энэ хуралд Оросын талын 49 ху­вийг эзэмшигч төрийн өмчит “Рос­тех­нологи” компанийн ерөн­хий захирал Сергей Че­ме­зов оролц­жээ. ОХУ-ын “Ведомости” сай­тад бичсэнээр “Эр­дэнэт” үйлд­вэ­рийн Удир­дах зөвлөлийн  ху­ралд  Сер­гей Чемезов хоёр тал өөрс­дийн эзэмшлээсээ  25:25 ху­виа олон улсын хөрөн­гийн биржээр худалдаж стра­те­­гийн түнштэй болох са­нал албан ёсоор тавьсан аж. Тэ­гээд энэ хувьцаагаа “Рио Тинто”, “BHP Billiton”, “Нор­никел”,”Металлойнвеста” зэрэг компанид санал болгож болох юм гэжээ. Мөн оросууд өөрийн гаргах 25 хувийн хувьцааны орлогоо “Удакон” зэсийн ор­дод хөрөнгө оруулалт хийхэд ашиг­лах тухай дээрх сайтад өгүүлсэн байна.   
Үүнээс гадна  уг сайт “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн гурван жилд техник, технологийн шинэчлэлт 402.2 сая ам.доллараар хийснээс гадна бүх татвар хураамжаа төлж зардалаа хасаад нийт 140 сая ам.долларын ногдол ашигт тарааж ажилласан аж.  Тус үйлдвэр энэ жил 145.9 сая ам.долларын ашигтай ажил­лана. Тэгэхдээ 26 мянган тонн хүдэр боловсруулж 530 мянган тонн зэсийн баяжмал, 4500 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ гэж тооцжээ.

Хэрэв уг саналыг зөвшөөрч хувьцаа гаргах болбол “Эрдэнэт” үйлдвэрийн тал хувь нь гуравдагч буюу стратегийн хөрөнгө оруулагчийн мэдэлд очино. Энэ үед манай тал давуу эрхээ алдана гэсэн үг.  Дээрх хувьцааг хойд хөршийн  компани худалдаж авбал оросуудын мэдэлд  74 хувь нь шилжиж Монгол Улсын мэдэлд  36 хувь нь үлдэнэ. Тэгэхээр манай улсын эдийн засгийн нэг гол тулгуур “Эрдэнэт” үйлдвэрээ тавиад тууж мэдэх юм. Хамгийн гол нь, улсын эдийн засгийн том хөрөнгө оруулагч “Эрдэнэт”  үйлдвэрийн эзэмшлээсээ бид  зарлаа гэхэд ямар ашиг гарах, хэн худалдаж авахаас эхлээд түм буман асуудал тулгарах нь мэдээж. Тэгэхээр тус үйлдвэр хувьцаа гаргах эсэх асуудал хоёр улсын Засгийн газрын нэлээд ярилцах сэдэв болох бололтой.

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлийн энэ удаагийн хур­лаар ирэх оны бизнес төлөвлөгөө, энэ жилийн эхний есөн сарын ажлыг ярилцаж, зарим дэд захирлын томилгоо хийлээ.  Ирэх жилийн улсын тө­сөв батлагдахаас өмнө ашигт малтмалын үнийг хэт өндөрөөр тооцсон төсөл гарчээ гэсэн шүүмжлэл гарч  байсан. УИХ ирэх оны улсын  төсөв батлаад удаагүй байна. Улсын төсөвт 2013 онд нэг тонн зэс дунджаар 8150 ам.долларын үнэ хүрнэ гэж  тооцсон билээ.  Энэ үнийг “Эрдэнэт” үйлдвэр ирэх жилийн бизнес төлөвлөгөөндөө баримталсан аж. Он гарснаас хойш зэсийн үнэ өсч, уруудаж ирсэн. Гэвч “Эрдэнэт” үйлдвэр эхний есөн сарын байдлаар 200 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Иймд тус үйлдвэрийн ажлыг  Удирдах зөвлөлөөс “ОК” гэж дүгнэсэн байна. Мөн “Эрдэнэт” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нарыг  ажлаас чөлөөлжээ.  Оронд нь  Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор  Д.Даваасамбуу, Хөгж­лийн асуудал эрхэлсэн ор­логчоор Б.Намхайнямбууг  тус тус томилсон байна. Хам­тар­сан үйлдвэрийн дүрмэнд тусгаснаар боловсон хүчнээ тогт­­вортой ажиллуулах зар­чим баримталдаг. Мөн захир­луу­дыг дөрвөн жилийн ху­га­­цаатай томилдог аж. Гэх­д­ээ ажлын үзүүлэлт ур чад­вараас нь шалтгаалж дээрх хуга­цаанаас өмнө солих, хуга­цаа нь болсон ч улируулан ажил­луулах эсэхийг  Монгол, Оро­сын хамтарсан Удирдах зөв­лөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг байна. 


Урьдчилсан тооцоогоор “Эрдэнэт” нэг сая тонн нөөцтэй орд илрүүлнэ

Сүүлийн жилүүдэд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нүүрсний экспортод халаагаа өгсөн ч  манай улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг хэвээр.  Урьд нь уул уурхайн олборлох салбар хүрээгээ тэлээгүй байхад тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсвийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг байсан. Өнөөдөр  төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлж буй юм. “Эрдэнэт” ХХК жилд 550 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг юм. Ингээд үйлдвэрлэлээрээ Азидаа тэр­гүүлж  дэлхийд долдугаар байрт жагсдаг билээ. Ийм ч учраас  өдөрт гурван сая ам.дол­ларын бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг. Дэлхийн эдийн засаг сүүлийн жилүүдэд хямралтай байгаа. Хямрлын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ уналтын байдалтай байгаа ч тус үйлдвэр үүргээ гүйцэтгэж буй. Тухайлбал, 2011 онд  1.2 их наяд төгрөг олжээ. Үүнээс үйлдвэрийн цэвэр ашиг нь 300 гаруй тэрбум төгрөгт хүрсэн аж. Ингээд  34 жилийн түүхэнд анх удаа ийм өндөр ашигтай ажилласан билээ. Мөн  улс болон орон нутгийн төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм.

Жил ирэх тутам уурхайн гүн нэмэгдэж хүдэр дэх зэс, молибденийн агууламж буурч байгаа. Иймд “Эрдэнэт” үйлд­вэр ашигтай ажиллахын тулд техник, технологийн шинэч­лэлт хийх шаардлага зайлшгүй тулгарсан. Ингээд сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмжийнхөө 90 гаруй хувийг шинэчилсэн байна. Ингэснээр  тус үйлдвэр 30-40 ажиллах бололцоотой бол­жээ. Үйлдвэрийн насыг уртасгах бас нэг арга бол хүдрийн нөөц нэмэгдүүлэх явдал. “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ геологи хайгуулын ангитай. Тэгээд жилд хоёр сая орчим ам.доллараар хайгуул хийж ирж. Үүний үр дүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Шандын орчмоос  300 гаруй мянган тонн зэсийн нөөцтэй орд илрүүлж  Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлээд буй. Мөн  урьдчилсан тооцоогоор нэг сая тонн зэсийн нөөцтэй орд нээхээр хайгуул судалгаа хийж байгаа аж. -“Эрдэнэт” үйлдвэрийг нийг­­мийн хариуцлагаа бү­рэн бие­лүүлдэг гэж хэлж бол­но. Нэг жи­шээ дурдахад, Эр­дэнэт хотод олон улсын жишигт нийцсэн эм­чил­гээ оношилгооны төв нээ­хээр хэдэн жилийн өм­нөөс ажилласан.

Эдүгээ ашиг­лалтад орох дөхөж  байгаа бөгөөд одоо боловсон хүчнээ бэлтгэх асуудал чухал  болжээ. Эрүүл мэндийн энэ төв нь дэлхийн томоохон төвүүдтэй холбогдон ажиллах юм. Ингэснээр монголчууд эх орондоо хямд зардлаар эмчлүүлэх, өвчнөө оношлуулах боломж бүрдэнэ. Нөг талдаа гадаадад очиж оношлуулах, эмчлүүлэхэд зарцуулдаг сая сая ам.дол­ларын урсгал дотооддоо үлдэж  эдийн засгаа дэмжих юм. “Эрдэнэт” үйлдвэр 2007 оноос ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Ингээд дундаж цалин 1.8 сая төгрөг болжээ. Дэлхийн жишигт  уул уурхайн томоохон үйлдвэрүүд ажилчдадаа  32 төрлийн хангамж, хөнгөлөлт эдлүүлдэг аж. Үүний 28-ыг нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр хэрэгжүүлж байгаа ажээ.


Зэсийн хэрэглээ энэ онд өсчээ

Сүүлийн жилүүдэд манай эдийн засгийн гол түүчээ нь уул уурхай болсон. Өнөөдөр уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс гадна ашигт малтмалаа боловсруулах аж үйлдвэр,  хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбараа хөгжүүлж дэмжих ёстой хэмээн эдийн засагчид хэлж байгаа. Улсын төсвийн орлогын дийлэнхийг экспортын нүүрс, зэсийн баяжмалаас бүрдүүлж буй.  Дэлхийн эдийн засгийн хямрлын нөлөө, урд хөршийн гангийн үйлдвэрлэл, барилгын салбарын уналтаас болж манай коксжих нүүрсний үнэ хямдарсан. Ингээд нүүрс олборлогч компаниуд алдагдалтай ажиллах дээрээ тулж үйл ажиллагаагаа зогсоосон гэдэг.

Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр арай шалдаа буучихаагүй байгаа. Гэвч он гарснаас хойш дэлхийн эдийн засгийн байдлаас шалтгаалж өнгөрсөн оныхоос буурсан. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн жилийнхээс нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 15 орчим хувиар хямдарчээ. Өөрөөр хэлбэл дундаж үнэ нь 7967 ам.доллар байв. Харин өнгөрсөн оны мөн үед 9316 ам.долларын үнэ хүрсэн удаатай. 

Металл болон түүхий эдийн шинжээчид зэсийн үнэ хэдийгээр уруудаж байгаа ч бүр дордохгүй байх гэдэг төсөөлөл хийж буй. Учир нь, зэсийн хэрэглээ өсч байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд 12.9 сая тонн зэс ашиглажээ. Гэтэл энэ оны эхний найман сард 13.6 сая тоннд хүрэв. Ингээд зэсийн зах зээл дээр 299 мянган тонны хомсдол үүссэн байна. Харин өнгөрсөн жилийн мөн үед 253 мянган тонны илүүдэлтэй байж. Мөн Лондонгийн ме­таллын биржийн нөөц есдүгээр сард 315 мянган тонн болж буурсан нь үнэ бага зэрэг өсөхөд нөлөөлсөн гэдэг. Үүнээс гадна АНУ, Хятад, Япон улс  эдийн засгаа сэргээх талаар дорвитой арга хэмжээ авч байгаа юм. Шинжээчид зэс болон үйлдвэрлэлийн бусад металл, түүхий эдийн үнэд  Хятадын бодлого чухал нөлөө үзүүлнэ хэмээн тайлбарлаж буй.  Дэлхийн эдийн засаг ирэх онд сэргэвэл нэг тонн зэсийн үнэ дунджаар 8500 ам.долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэж байгаа. Харин шинэ он гартал 7400-7500 ам.доллар байна хэ­мээсэн. Энэ бүгдээс үзэ­хэд зэсийн үнэ доод цэгтээ хүр­тэл унахгүй бололтой. Гэхдээ өчигдрийн байдлаар Лон­дон­гийн металлын бирж дээр 7615 ам.долларын үнэтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан