ДРАМЫН ТЕАТРЫН АМЬД ТҮҮХ
2012 оны 11 сарын 16

Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Х.Нарантуяатай уулзаж, амьдрал уран бүтээлийнх нь тухай ярилцлаа. Театрын алтан тайзнаа 40 гаруй жил гол болон туслах 140 гаруй дүр бүтээсэн түүнийг театрын амьд түүх гэлтэй.
“Хүн өтлөхдөө дурсамжаа мэрж амьдардаг” гэсэн нэгэн суутны үг бий. “Алтан үеийнхэнтэй нэг тайзнаа гарч, тэднээс суралцаж байсан маань л миний гавьяа, шагнал даа” хэмээн инээмсэглэх түүний нүднээс энэ хорвоо дээр дахиад зуу бүр хоёр зуун жил амьдарсан ч дуусахааргүй дурсамжтай гэдгийг ойлгосон юм.
Театрын тайзнаа “Анхны тулаан”, “Наянчулууны найр”, “Маш нууц” зэрэг 140 орчим жүжгийн гол болон туслах дүрд тоглож, дэлгэцийн 20-иод бүтээлд дүрээ мөнхөлсөн энэ эрхэм 18 аймгийн бүх сум, багт хүрч тоглож байсан залуу насныхаа дурсамжаас хуваалцсан юм.


Багш маань уйлаад гуйж билээ

Түүний ээж тавхан настай охиноо орхиод бурхны оронд оджээ. Аав нь дуу муутай, даруухан хүн байж. “79 хүрээд ээжийн минь араас намайг орхин одсон аавыгаа амьдралдаа ганц удаа чанга дугараад уурлаж байгааг нь хараагүй” хэмээн яриад түүний нүдэнд нулимс цийлэгнэв...

1959 онд их зохиолч Ч.Лодойдамба гуай Соёлын сайд байхдаа театрын уран бүтээлчдийг дээд боловсролтой болгох үүднээс УБИС-ийн кино драмын ангийг нээжээ. Нийслэлийн сургуулиудаар явж шалгалт аван 10 эрэгтэй, 10 эмэгтэй хүүхэд кино драмын ангид элсүүлсэн байна. Түүний нэг нь гуравдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Х.Нарантуяа байв. 20 хүүхдийн дийлэнх нь дээд сургуульд сурч байсан ч Х.Наратуяа, өдгөө Ардын жүжигчин болсон Д.Мэндбаяр хоёр л наймдугаар ангийн сурагч байсан аж.

Хоёр жүжигчин хоёулаа бага насандаа ээжээсээ өнчрөн үлдсэн байсан гэдэг. Нэгэн өдөр багш нь дуудаад “Та хоёр оюутан болсон байж аавдаа хэлээд өөр хувцас авахуул. Жүжигчин болох хүмүүс шүү дээ” гээд л уйлаад хэлжээ. Тэд зөвхөн сурагч формныхоо хүрэн платен дээр урт цахилгаантай цамц өмсдөг байсан нь багшийг нь ийн нулимс дуслуулахад хүргэжээ.

1963 онд жүжигчнийг мэргэжил эзэмшсэн, онц дүнтэй төгсч Драмын театрт хуваарилагдсан таван жүжигчний нэг нь Х.Нарантуяа байв. УБИС-ийн кино драмын анхны төгсөлтийнхөн дипломын ажлынхаа хүрээнд А.Парнисын “Хоёр эх” жүжгийг тоглож, Х.Нарантуяа цагаан эхийн дүр бүтээсэн бол театрын тайзнаа тэрээр мөн жүжгийн туслах дүрийг анх бүтээж байжээ. Жүжгийн гол дүр болох Цагаан эхэд Д.Ичинхорлоо, Хар эхэд Т.Цэвээнжав гуай тоглож, тухайн үеийн үзэгчдийг бишрүүлж байсан түүхтэй.


Багшийгаа дурсахаар шууд л уйлчихдаг юм

Алтан үеийн шилдэг жүжигчдээс зөвлөгөө авч бүгдийг нь “багш аа” гэж хүндэтгэж байсан ч Х.Нарантуяагийн хамгийн дотны багш нь Т.Цэвээнжав гуай байв. “Тухайн үед бидэнд багш оноох нь оноож л байсан байх. Гэхдээ нэг л мэдэхэд би өөрийн гэсэн багштай болсон байсан. Тэр хүндтэй хүн маань Т.Цэвээнжав гуай. Амьдрал ахуй, ажлын явцад л тэгж ойртож дотноссон хэрэг.

Багшийн гэр 40 мянгатад байдаг болохоор “Нарантуяа чи гэр рүүгээ яваад яах вэ. Манайд очоод үдийн цайгаа уучих. Шинээр ажилд орсон хүн хоцрохгүй байх хэрэгтэй” гэдэг байлаа. Монголын театрын түүхэнд Т.Цэвээнжав гуайн арга барилыг авч эзэмшсэн жүжигчин ахин төрөөгүй гэхэд болно. Жүжиглэх өвөрмөц ур чадвартай, давтагдашгүй, ховор эрдэнэ шиг хүн байсан юм” хэмээн нулимсаа барьж ядах зовхио арчин “Багшийгаа дурсахаар шууд л уйлчихдаг юм. Ээжийн маань оронд ээж болсон хүн дээ” гэлээ.

Дүрийн шугам, тайзны ашигтай байрлал гээд олон аминчхан захиасаа шавьдаа хэлж, сургуулилт бүрийн дараа тусгайлан ярилцдаг байсан нь Х.Нарантуяагийн авьяасыг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлжээ. Үеийнхнээсээ бага, бас багадаа өнчирч аавтайгаа өссөн түүний сайн тоглолтыг багш нь онцлон магтаж, тааруу үзүүлсэн дүрийг нь онож шүүмжилсээр жүжигчний хөдөлмөрийн хүнд хэцүүг ухааруулж, жүжигчний амьдралын “амтыг” нь мэдрүүлсэн гэдэг.


“Больё” гэх үе зөндөө байсан

1970 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж УДЭТ С.Ермолинскийн “Анхны тулаан” жүжгийг тавихаар болжээ. Жүжгийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун орчуулж, жүжигчин Х.Нарантуяагийн ангийн анд Х.Хайнзан найруулжээ. Тухайн үед УДЭТ-ын Уран сайхны удирдаач байсан Э.Оюун багшаас залуу жүжигчид их эмээдэг байж. Багш нь баруун талаар алхвал зүүн тийшээ явж бултах жишээтэй.

Гэтэл “Оргил” рашаан сувилалд амарч байсан “айлгадаг” багш нь нэг өдөр Х.Нарантуяаг дуудуулжээ. Ямар хэрэг хийгээд ингэж дуудуулж байгаа юм бол хэмээн зүрхшээн очтол “Уран сайхны зөвлөлөөс “Чи бид хоёрт хүндхэн ачаа ногдлоо. “Анхны тулаан” жүжгийн гол дүрд Ц.Гантөмөр, та хоёрыг тоглуулахаар шийдсэн” гэж хэлжээ. Залуу хүний хувьд түүхэн бодит дүр бүтээх болсондоо айх, гайхах зэрэгцэн “Чадах болов уу даа” гэж итгэлгүй хариулахад нь “Чи театрт яах гэж ирсэн юм. Чи хэн билээ. Ийм зүйлээс зүрхшээж байгаа бол чиний тушаалыг маргааш гаргана” гэсэн багшийнх нь шулуухан үг түүнийг зоригжуулжээ.
Уран сайхны удирдагчийнхаа өмнөөс үг сөрөх зүрх зориг хэнд байх билээ. Ингээд л тэр энэ дүрээ авч багшийнхаа хэлсэн ёсоор Сталины нэрэмжит номын санг зорилоо. Хэдэн зуугаараа тоологдох В.И.Лениний тухай ботиос долоог сонгон өдөр шөнөгүй уншив. Тэгээд “Жүжигчин байх байхгүй хэнд хамаатай юм. Би больё л гэхэд болно шүү дээ” гээд дахин Э.Оюун багшийгаа зорив. Тэгсэн ч зориглож “больё” гэж хэлж чадаагүйгээр барахгүй багшаараа унших ёстой номоо заалгаж аваад, дүрийнхээ судалгааг хийж В.И.Лениний эхнэр Крупскаяын дүрийг чадварлаг бүтээжээ.


50-хан захианд “найрагдчихсан”

Жүжигчин хүний амьдралыг ойлгон амьдралаа холбон суусан түүний хань сэтгүүлч Д.Дожоодорж. Монголчууд түүнийг Ю.Цэдэнбал даргыг ОХУ-д гэрийн хорионд ороод байхад нь очиж нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн гэдгээр нь анддаггүй билээ.

“Дожоо их сонин. Гэрийн ажил огт мэдэхгүй. Ном, зохиолоо л бичнэ. Нэг удаа 45 хоног хөдөөгүүр баригадаар яваад иртэл, хөнжлийн даавуу маань цэв цэвэрхэн. Гайхаад бүхэл бүтэн 45 хоног яваад ирж байхад энэ яахаараа ийм байдаг билээ гээд л хар төрөв. Сөхөөд үзсэн чинь хэртэй талыг нь буруу харуулаад хөнжлөө хийчихсэн байсан” хэмээн ханиа дурслаа.

Харин тэдний танилцсан түүх тун сонирхолтой. Кино драмын ангийн оюутнууд кинонд дадлага хийлгүй сургууль төгсөх боломжгүй байжээ. Тиймээс ангиараа тэд кино үйлдвэрийг зорьж. Орчуулгын хятад кинонд ажиллаж байсан кино драмын ангийн 10 эмэгтэйн нэг нь л нөхөрт гараагүй байсан аж. “Манай ангийн Ш.Дэлгэржаргал “Энэ залуутай танилцаад аваач, саяхан ЗХУ-д сургуулиа төгсөөд ирсэн сайхан л хүн байна. Биднээс чи л ганцаараа гэр бүлгүй байгаа шүү дээ” гээд л намайг ятгана. Би ч тоодоггүй байсан” гээд л инээлээ...

Эрээн хүрэм, шөвгөр лакан гялгар гуталтай, сургуулиа төгсч ирээд удаагүй тэр залуу түүний хань зохиолч Д.Дожоодорж байв. Тэрээр хожим нь “Би чамтай гар барихын тулд ангийн чинь бүх хүүхэдтэй гар барьдаг байж билээ. Уг нь Москвад сураад ирчихсэн байсан болохоор чамд таалагдах гэж хэрэндээ л гангалдаг байсан. Даанч чи намайг хардаггүй байлаа” хэмээн нууцаа дэлгэсэн гэдэг. Тухайн үед сайн жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд байсан Х.Нарантуяад найз залуу, нөхрийн аль нь ч чухал биш байсан аж. Тиймээс танилцъя, ханилъя гэсэн түүний хүсэлтэд үргэлж “үгүй” гэсэн хариулт өгч байсан учраас Д.Дожоодорж гуай “Ямар их зантай бүсгүй вэ. За яах вэ, би 100 захидал л бичье. Тэгээд болохгүй бол больё” хэмээн шийджээ. Харин 50 дахь захидал эзнийхээ гарт хүрсний дараа тэд гэр бүл болсон гэдэг.


Франц хэлний ангид 40-үүлээ ороод тав нь л төгсөв

Урлагийнхныг гадаад хэлтэй болгох гэсэн шийдвэр гарч франц хэлний 3,5 жилийн курст элсэлт авчээ. Урлагийн сонгодог хэл болохоор суръя гээд Х.Нарантуяа элсчихэж. 40-өөд хүн анхлан элссэн ч дөрвөн эрэгтэйтэй хамт курсээ дүүрэгжээ. Орос хэлийг дунд сургуулиасаа сураад, жүжигчнээр ажиллаж байхдаа 2,5 жилийн курст сурч эзэмшижээ. Аав нь урд зүгийн хүн болохоор хятад хэл сурах ч түүнд хүнд байгаагүй аж.

Уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар нааш цааш яван ЗХУ-д хоёр жилийн турш Куба, Хятадын хамтарсан авиа компанид орчуулагчаар ажиллаж хэлний авьяасаа ашиглажээ. Энэ хоёр жилийнхээ ажлын хөлсөнд охиноо Хөх хотын Багшийн их сургуулийн ханз хэлний ангид сургасан аж.


“Ядуугийн зовлон” кинонд үхэж чаддаггүй…

“Ядуугийн зовлон” уран сайхны киноны нас барсан хойноо сүнс болдог эмгэний дүрийг жүжигчин Х.Нарантуяа бүтээснийг үзэгчид мэднэ. Тухайн үед тэрээр хүнсний жижиг дэлгүүр ажиллуулдаг байж. Харин кино телевизээр гарсны дараа долоо хоногийн турш дэлгүүрээр нь үйлчлүүлэгч багачууд тэднийх рүү зүглэхээ байжээ. Тэрээр учрыг эс олж байтал танил найз нь орж ирээд “Танай дэлгүүр рүү яваад талх аваад ир гэхээр хүүхдүүд тэнд чинь шулам эмээ байдаг гээд явахгүй юм” гэж хэлжээ.

Тэр киног хийсэн хашаа, байшингийн эзнийг нь олох гээд олдоогүй гэнэ. Тэгээд шууд л киноныхоо зургийг авч эхэлсэн байна. Би анх тоглохгүй гэж байсан ч ангийн маань найз жүжигчин Сэлэнгэ загнаад, “Жүжигчин хүн ийм дүрд тоглохгүй бол өөр ямар дүрд тоглох юм” гэхээр нь л зөвшөөрч. Тэр байшинд шөнөдөө эрэгтэй жүжигчдээ орхиод явчихаар нээрээ юм дугардаг гэж байсан гэдэг. Зооринд ордог хэсэгт тоглох гэж нэлээн хүнд нөхцөл байдалд арай л гэж зургаа авхуулж дуусгасан тухайгаа хуучиллаа. “Нас барж тоглох хэсэгт зураг авахуулах гэтэл үхэж чаддаггүй. Дотор муухайраад найруулагч Хүсэлбаатараас гуйж байж 10 минут завсарлаад тэр хэсгийн зургийг авахуулсан даа” хэмээн жүжигчний уран чадвараараа үзэгч бүрийг сэрт хийлгэсэн дүрээ тэрээр дурслаа.

Бид хоёрын яриа дөрвөн цагийн турш үргэлжилсэн ч түүний ярих зүйл, миний асуух асуулт дуусахгүй л байлаа. Тэрээр удахгүй хөрөг нэвтрүүлгээ хийлгэх гэж байгаа болохоор тэн­дээс жүжигчний оргилсон амьдралыг дэлгэрэнгүй үзэж болох юм. Театрын тайзнаа 40 гаруй жил амьдарсан түүний өөрийнх нь дүрийг жаахан ч гэсэн гаргахыг хичээсэн минь энэ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.