Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Опра Уинфри: Өдөрт 15 цаг ажиллаж байж өөрийгөө жаргалтайд тооцно

Телевизийн салбараас тэрбумтан болж хөлжсөн анхны сэтгүүлч  Опра Уинфри өөрийн ажил амжилтын талаар “Parade” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
    
-Та сэтгүүлзүйн салбарт яаж хөл тавьсан юм бэ. Энэ таны багын мөрөөдөл  байсан уу?
-Телевизтэй холбогдоход хүүхэд насны маань олон үйл явдал нөлөөлсөн. Би 17 настайдаа бяцхан мисс маягийн тэмцээнд орсон юм. Гоёлын даашинз өмсөөд, хэдэн асуултад хариулаад л болдог тэмцээн л дээ. Гэхдээ би түрүүлэхгүй гэдгээ мэдэж байсан учраас шүүгчдийн асуултуудад их хэнэггүй хариулж байв. Над шиг өнгөт арьс охин шаргал үстнүүдийг ардаа орхино гэж байхгүй гэж бодоод. Гэтэл надад “Хэрвээ чи сая доллартай бол юу хийх вэ” гэсэн асуулт ирэхээр нь угаасаа түрүүлэхгүй гэж бодсон болохоороо “Хүссэнээрээ үрж, юунд ч хамаагүй зарцуулна” гээд хэлчихлээ.  Хоёр дахь асуулт нь  ямар мэргэжилтэй болохыг хүсч байна гэсэн байв. Бусад охид болохоор багш, эмч, сувилагч гэж хариулаад л. Харин би “Барбара Уолтерс шиг телевизийн сэтгүүлч болно. Яагаад гэвэл би үнэнийг эрхэмлэдэг” гэж хэлсэн юм. Гэтэл маш хачирхалтай явдал болж, негр охин Опра миссийн тэмцээнд түрүүлсэн юм даа. Тэр тэмцээний үеэр радиогийн нэг хүн намайг хараад хэллэг хурц тод, хоолойны өнгө ч радиод тохирсон гэж үзээд ажилд орох санал тавьсан юм. Ингэж би 17 настайдаа сэтгүүлзүйд хөл тавьж байлаа.
-Тэгвэл хэзээ телевизийн хүн болсон бэ?
-Коллежийн хоёрдугаар курст байхад минь нэг телевизийн ажилтан санал тавьсан юм. Тэр хүн миний радиогийн нэвтрүүлгийг сонсч л дээ. Би гурван удаа тэр хүний саналаас татгалзсан. Эцэст нь коллежийнхоо профессроос яавал дээр гэж зөвлөгөө хүслээ. “Хэрвээ телевизэд орчихвол сургуулиа төгсч чадахгүй болно” гэж намайг хэлэхэд профессор  “Опра, хүмүүс яах гэж коллежид сурдаг юм бэ. Ажилд орохын тулд биш үү” гэж хэлээд намайг сэнхрүүлсэн юм даа. Тэр үед би 19 настай байлаа.
-Таныг залуу байх үед арьс өнгөний үзэл арилаагүй байсан шүү дээ. Ялангуяа телевизийн эфир бүр хатуу цензуртэй байсан. Гэтэл та түүнийг яаж давсан юм бэ?
-Үнэндээ намайг  ажилд ордог жил буюу 1970-аад оны үед телевизүүд өөрийн эфирээр үндэсний цөөнхийн нүүр царайг гаргахыг эрхэмлэдэг болоод байсан юм. Надаас өмнө хар арьст нэвтрүүлэгч төдийлэн байдаггүй байлаа. Тиймээс би телевизийн нэг шинэ өнгө төрх болох шаардлагад нь яг нийцсэн юм.
-Залуу оюутан, телевизийн шинэхэн ажилтан байсан тэр үеэ эргээд дурсаач?
-Хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан учраас амжуулах гэж шөнө нь бараг унтаж чаддаггүй, үүрийн гурван цагт босдог байлаа. Учир нь, өглөө наймаас өдөр нэг цаг хүртэл хичээлтэй, орой нь зургаан цагийн мэдээ унших ёстой болохоор чөлөө завгүй ажилладаг байв. Ангийнхан маань надад их атаархана аа. Одоо бол өчүүхэн бага санагдах 115 ам.долларын цалин маань тэр үед хэмжээгүй их юм шиг бодогдож, ангийнхандаа 10, 20 доллараар нь их зээлүүлдэг байлаа. Бас ангийнхаа оюутнуудыг бүгдийг нь пиццагаар дайлаад л. Тэдэнд таалагдаж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж л тэгж сайхан загнадаг байсан. Гэтэл тэд намайг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй.
-Таны бага нас нэлээд адармаатай өнгөрсөн гэдэг. Эцэг тань таныг хатуу гараар хүмүүжүүлсэн гэж ярьдаг.
-Тийм ээ, манай аав их хатуу хүн байсан. Гэхдээ одоо эргээд харахад би аавыгаа надад тэгж хатуу хандаж байсных нь төлөө баярлаж байна. Хүн гэдэг амьдрахын тулд ямар хатуу чанга байх ёстойг мэддэггүй бага балчир байхдаа би аавдаа гомддог байсан. Харин одоо бодоход хатуу гараар хүмүүжүүлсэн нь миний амьдралд дандаа хэрэг болж байжээ.  Аав намайг хичээлдээ С дүн авах юм бол гэртээ ирээд ч хэрэггүй гэдэг байсан шүү. Тэгж шаардсаны ачаар л би муу сурах эрхгүй гэсэн өндөр босгыг өөртөө тогтоосон юм.
-Телевизээс гадна таны хамгийн дуртай зүйл юу вэ?
- Хүмүүс надаас чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэж асуудаг. Би тэдэнд “Ном уншдаг” гэсэн ганцхан хариулт хэлдэг. Би хүүхэд байхаасаа номонд дурлагч байлаа. Би гурван настайдаа ном уншиж сурсан юм шүү дээ. Түүнийхээ ч ачаар хэл ярианы маань чадвар бусдаас илүү хөгжиж, телевизид ажилд ороход нөлөөлсөн. Миний багад Луйс Ленскигийн зохиолууд ид гарч байсан юм. Би түүний зохиол бүрийг уншихдаа өөрийгөө аль нэг гол дүрийнх нь баатар хэмээн төсөөлж, уран зохиолын ертөнцөд амьдардаг байлаа.  
-Та бол ярилцлагын их мастеруудын нэг. Супер оддоос эхлээд гэмт хэрэгтэн хүртэл олон мянган хүнтэй ярилцаж байсан. Тэр бүхнээс хүний талаар юуг хамгийн ихээр ойлгож авсан бэ?
-Хүн бүр бусдад үгээ хэлэхийг, тэр хэлсэн үгийг нь бусад хүн сонсоосой гэж хүсдэг. Миний ярилцлага амжилттай болдог нэг шалтгаан бол би тэднийг сонсч, ойлгож чаддагт байгаа юм.
-Таны ярилцлагууд амжилттай болдог гол шалтгааныг нэрлээч?
-Хамгийн гол шалтгаан гэвэл дээр хэлж байсан багаасаа ном уншиж, хэл ярианы чадвараа хөгжүүлсний ач. Мөн би багаасаа олны өмнө ярьж сурч, нүүр хагарсан нь телевизийн камерын өмнө биеэ барихгүй байхад их тус болсон. Бага насны минь хичээл зүтгэл хожим нь телевизийн камерын өмнө чөлөөтэй ярилцаж, өөрийнхөөрөө байх туршлага болсон. Энэ л миний амжилтын үндэс.
-Телевизийн шууд эфирийн үеэр эвгүй байдалд орсон үе танд бий юу?
-Азаар тийм эвгүй, ичмээр байдалд орж байсан удаагүй. Гэхдээ тийм байдал гарлаа ч гэсэн би тэвдэж сандрахгүй байх. Харин нэг удаа, залуухан нэвтрүүлэгч байхдаа гадаадын улс орнуудын нэрийг уншиж байхдаа Канадыг яаж уншихаа мэдэхгүй сандарсан. Ка-нада эсвэл Кан-ада гэх үү гээд хаана өргөлт авахаа мэдэхгүй эфирт олон дахин уншаад, өөрөө түүндээ инээгээд хөгийн юм болж байж билээ.
-Таныг ажил төрлийнхөө бүх чекэнд өөрөө гарын үсгээ зурдаг гэдэг. Энэ их ажлын хажуугаар арын албыг давхар хариуцах хэцүү биш үү?
-Би өдөрт 14-15 цаг ажилладаг. Хэрэв өдөрт 12 цаг ажиллавал хөнгөн ажилтайд тооцоно. Үнэндээ өдөрт 12 цаг ажиллаад гэртээ ирэхэд хийх зүйл олдохгүй, юу хийх вэ гэж үглэхэд хүрдэг. Тиймээс өдөрт 14-16 цаг ажиллах нь миний хувьд хамгийн тохирсон хэмжээ.
-Таны хувьд аз жаргалтай амьдралыг юу гэж тодорхойлох вэ?
-Хоногт 15 цаг ажиллаж, өдрийг завгүй өнгөрүүлчихээд гэртээ ирж, хөөстэй ваннанд орж, дараа нь орондоо ном уншихыг хэлнэ.
-Таны ярианаас Опра бол ажлын төлөө төрсөн хүн юм гэж ойлголоо?
-Би ажлаа дарамт гэж ердөө боддоггүй. Ажилдаа дур сонирхолтой учраас өөрийн дуртай зүйлээ л хийж байна гэж ойлгодог.
-Та одоогийн хүрсэн энэ амжилтаа хараад өөрөөрөө бахархаж дуу алдмаар үе гардаг уу?
-Үгүй дээ. Хүмүүс миний нэвтрүүлгийг брэнд болсон гэж тодорхойлдог. Харин би тэр брэнд гэдэг үгэнд ёстой дургүй.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан