Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зовлон тоочихгүй, зорилготой болчихжээ тэд


Шинэчлэлийн Засгийн газар ажилдаа ханцуй шамлан ороод 100 хоногийн нүүр үзээгүй байгаа хэдий ч нүдэнд харагдахаар олон өөрчлөлт хийсэнд орон нутгийн иргэд ам сайтай байна. Нийслэлийнхний тулгамдсан асуудлыг хурдан хугацаанд хэрхэн шийдвэрлэж болдгийг харуулж буй Э.Бат-Үүл баатрын багт Баянхонгорчууд баяр хүргэж байна лээ. Аймаг, орон нутгийн хөгжлийн түүчээг хурдасгаж, жишиг аймгийн хэмжээнд очсон Сүхбаатар аймгийнханд атаархах болсон гэдгээ Говь-Алтайн иргэд дахин, дахин хэлцгээв. Өнгөрсөн он жилүүдэд халамжинд хавтгайрч, гар хумхин суусаар аж амьдрал нь өдрөөс өдөрт дордож байгаад харамсч буйгаа Төв аймгийн Лүн сумынхан уламжлав. Орон нутгийн сонгууль дахиад л булхай луйвар дүүрэн байхаар хэрхэн бэлтгэгдэж байгаа талаар Өвөрхангайн иргэд хов хүргэв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар Төв, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн сум, багаар орж ард иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хөндөгдсөн зүйлүүд товчхондоо гэвэл энэ.


Цөөхүүлээ

Төв аймгийн Лүн сумын жиндүүхэн соёлын төвд цугласан хүмүүс гэвэл гуч хүрэхгүй. “Орон нутгийн удирдлагадаа итгэл нь алдарсны тод жишээ энэ. Нутгаас сонгогдсон түшээд ч төр, сумын удирдлагууд иргэдээ сонсдоггүй. Нийслэлтэй хамгийн ойрхон сум атлаа багаас дор болчихсон. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, сум орон нутагт ямар төсөл хэрэгжих талаархи мэдээлэл нь нууц. Зөвхөн хамаатан садангууд нь төслийг хэрэгжүүлж, хувьдаа худаг хүртэл гаргаад авчихдаг. Манай нутгаас сонгогдоогүй атлаа иргэдтэй уулзахаар зорьж ирсэнд баярлалаа” хэмээн иргэн Х.Баатарням хэлсэн юм. Х.Баттулга сайд “Төв аймгийнхан ардчилал талдаа их хойрго ханддаг. Өнөөдөр шинэчлэлийн Засгийн газар, УИХ, нийслэлийн Засаг дарга ажиллаж байгаа билээ. Одоо төр засгийн баримталж буй чиглэл бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Орон нутагт одоо олуулаа болгох хэрэгтэй байна. Миний хувьд Баянхонгор аймгаас гурван удаа УИХ-д сонгогдсон ч аймгийн Засаг дарга нь МАН-ынх байсаар ирсэн. Хийж бүтээсэн бүхнийг минь үгүйсгэдэг, дэмждэггүй. Хамгийн гол нь, энэ бүхэнд хэн хохирох вэ гэвэл мэдээж ард иргэд. Иймээс орон нутгийн сонгуульд бүр олуулаа болж хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэв. Нийслэлтэй ойрхон учраас сүү, махны чиглэлээр үйлдвэрүүд Лүн суманд байгуулах талаар сайдад хүсэлт тавилаа. Сумын сонгуулийн хороонд амаар асуулга тавиад хариулт өгдөггүй. Орон нутагт ямар төсөл хөтөлбөр хэрэгжих нь нууц гэнэ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа  “Сумын сонгуулийн хороо гурав хоногийн дотор хариулт өгөх ёстой. Аль болох амаар биш бичгээр өргөдөл, санал хүсэлтээ гаргаж байгаарай. Бичгээр гаргаж баталгаажуулах хэрэгтэй. Орон нутгийн удирдлагуудаасаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн зарцуулж байгаа талаар бичгээр гаргуулан авах хэрэгтэй. Ерөнхийлөгч иргэдэд нээлттэй байхаар Иргэний танхим байгуулсан бол Засгийн газар төрийн ордныг нээлттэй болгосон. Засгийн газрын лавлах утаснууд ч орон нутгийн иргэдэд нээлттэй гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм.


Олуулаа

Баянхонгор аймгаас гурвантаа сонгогдсон Х.Баттулга гишүүн сонгуулиас хойш хоёр дахь удаагаа нутагтаа ирж байгаа нь энэ. “УИХ-ын сонгуульд бидэнд итгэл хүлээлгэж, нутаг орондоо төдийгүй улс эх орондоо юм хийх боломж олгосонд та бүхэнд баярлалаа. Миний бие ҮХАА-н сайд, Д.Ганбат хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Малчдад чиглэсэн бодлого явуулахаар төлөвлөж байна. Тун удахгүй баг бүрээс ажил хөдөлмөрөөрөө тэргүүлдэг малчдыг шалгаруулж зөвлөгөөн хийнэ. Малаас гарч буй түүхий эдийг ченжүүдээр бус хөдөө аж ахуйн биржээр дамжуулан авдаг болно. Төрөөс баримталж буй бодлогод хамруулахын тулд малчид хоршоолол болох шаардлагатай” гэв.  Бусад аймгуудад үлгэр дуурайл болохуйц дэд бүтэц, бүтээн байгуулалттай болохоор аймгийн иргэд Лүн сумынхан шиг зовлон бэрхшээл тоочихгүй эсрэгээрээ. Халамжийн хавтгай бодлогыг цэгцэлж томоохон бүтээн байгуулалтыг яаралтай шамдаж байгаа нь тун зөв гэдэг саналыг олонтаа хэлэв.  Сүхбаатар аймгийн Баруун-Уртын гэр хорооллын дэд бүтцийг аймагтаа хэрэгжүүлэх боломж байгаа юу, иргэдийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар Х.Баттулга гишүүнтэй зөвлөлдөв. Тэрээр “Иргэдийг орон сууцжуулах хоёр арга бий. Газрыг нь худалдаж аваад байртай болгох, нөгөөх нь гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох. Сүхбаатарын жишгээр Баянхонгорын гэр хорооллыг халуун, хүйтэн усанд холбох боломжтой. Хамгийн гол нь гэр хороолол нь эмх цэгцтэй, дэд бүтэц, шугаманд холбоход ямар нэгэн саад байх ёсгүй” гэв. Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийг жилд хоёр удаа хуралддаг бус байнга ажилладаг болгоё. Сумын иргэний танхимд сууж иргэдийг санал хүсэлтийг авдаг ресепшн маягаар суулгая. Ингэж олон удаа хуралдаж хүмүүсийн санал хүсэлтийг хүлээн авснаар иргэдийн төлөөлөгч гэдэг бүрэн утгаар ажиллах болов уу гэсэн саналыг иргэд гаргаж аймгийнхаа бүх намын удирдлагуудад хүсэлт хүргүүлжээ.


Шинэчлэлийг олуулаа, хөгжлийг Алтайдаа

Ийм уриатайгаар Говь-Алтай аймгийн иргэд биднийг угтлаа. АН-ын ерөнхий нарийн  бичгийн дарга Ц.Оюундарь “Өнөөдөр та бүхэн өнгөрсөн 22 жил явсан энэхүү замдаа хэр сэтгэл хангалуун байна вэ. Үүнд өөрчлөлт хийх ёстой юу” гэдэг асуултыг дор бүрнээ бодож үзээч. Улаан өнгийг цэнхэр өнгөөр өөрчлөхөд эрс шийдвэр хэрэгтэй. Засгийн газар байгуулагдаад 100 хоноогүй атлаа нүдэнд харагдахуйц олон ажил хийсэн. Өмнөх аймаг, сумын Засаг даргын хийсэн бүтээсэн зүйлүүдийг харьцуулаад үзээрэй. Яагаад өнөөдөр Сүхбаатар шиг бусад аймаг нь хөгжиж болохгүй гэж. Э.Бат-Үүл баатар шиг ажиллуулахын тулд та бүхэн шат, шатанд нь иргэдээ сонсдог хүчнийг сонгооч ээ” хэмээн ярилаа. Танхим дүүрэн цугласан иргэдээс арав хүрэхгүй хүн босч санал бодлоо хэлцгээв. Харин 20, 30 орчим асуултыг  төрийн түшээдэд цаасаар илгээв. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэхдээ хүртэл хэн нэгнээс эмээдэг нь үүнээс  илэрхий. Сүхбаатар аймаг шиг орон нутгаа хөгжүүлэхийн тулд бид яах вэ. Манай аймаг ухрах араандаа орж улсад сүүлээсээ хоёрдугаарт бичигддэг болсон гээд гомдоллох нь тэр. Баянхонгор аймгийн баруун бүсийн худалдааны төв байгуулсан туршлагаасаа хэлж өгөөч. Яавал Алтайчууд эрүүл хүнс хэрэглэж болох вэ гэдэг асуудлууд ч хөндөгдөв.


Дахиад л сонгуулийн луйвар.....

Өнөөг хүртэл УИХ-д сонгогдох хоёр гишүүнээ чуулганы танхимд суулгаж чадаагүй Өвөрхангайчуудад ийм айдас байна билээ. Иргэдтэй уулзахад төрийн түшээдэд энэ талаар баримт нотолгоотой олон ч зүйл ярилаа. Улаан буланг халааж чадахгүй тул багийн Засаг даргын өрөөнд санал авахаар болсон. Ихэнх сумдад урьдчилсан байдлаар санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалт 70-100 хүрчихсэн байна. Таван багийн цахим үнэмлэх тулгахад нэг баг дээр дор хаяж 28 хүн үнэмлэхээ аваагүй байна. Хачирхалтай нь цахим үнэмлэхээ аваагүй хүмүүс голдуу ардчилсан намынх. Я.Содбаатар гишүүн санал тоолох автомашины хувьд АНУ-ын хувийн компанийн гологдол тул ардчилсан нам шахсан гэдгийг иргэдтэй уулзахдаа хэлсэн энэ үнэн үү гэх зэрэг асуултууд ундарсан юм. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Орон нутгийн сонгуулийн хуульд санал авах байрын талаар тодорхой зааж өгсөн. Хайрцгаар урьдчилан нэр өгөх хүмүүсийн жагсаалт ийм их хүн байгаад гайхаж байна. Ажиглагч нэрсийн жагсаалт, эмнэлгийн магадлагаатай нь тулгаж үзэх эрхтэй. 240 сая хүн амтай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан автомат машины гуравны нэг нь манайд хэрэглэсэн санал тоолох машин байсан. Өдөртөө дүн нь гарч байгааг та бүхэн харсан байх. Гар аргаар тоолдог луйвар хийдэг аргаа санагалзаад ингэж хэлж байгаа байх. Орон нутгийн сонгуулийн үеэр нэг тойрогт сугалаа явуулж гар аргаар давхар тоолох юм. УИХ-ын сонгуулийн үеэр ч ингэж тоолоод зөрүү гараагүй шүү дээ” гэсэн тайлбарыг өгсөн юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан