Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашгүй, сонгуулийн шударга бус тэмцэл дууслаа

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль маргааш болно. Хуульд заасны дагуу сурталчилгааны ажил ч зогслоо. Өөрөөр хэлбэл, өчигдөр нэр дэвшигчдийн пиараа хийх хамгийн сүүлчийн өдөр байсан юм. Зул жаргахдаа бадамладаг гэдэг шиг дуусгавар болж буй сурталчилгаа ч мөн адил тийм л байсан. Нам, эвслээс нэр дэвшигчид иргэд, сонгогчдын нүдэнд энхийн цагаан тагтаа болж харагдах гэж эцсийн хөзрөө дэлгэж байна. Тэр нь, хар пиар буюу өрсөлдөгчдийнхөө “но”-той, ноцтой, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх мэдээлэл юм. Ийм зүйлийг ардчилсан парламенттай болсон цагаас л хийж хэрэгжүүлсээр байгаа нь нууц биш. Магадгүй ийм зүйл хийх нь зохисгүй, сөрөг үр дагавартай гэсэн ч хүлээж авахгүй. Харин ч эсрэгээр нь тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөх нэгэн гарч ирэх биз. Мөн дэлхийн жишиг, сонгууль явуулдаг аль ч улс оронд хэрэглэдэг технологи гэж магадгүй. Тийм ч болохоор сонгуулийн эхэн үед намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөрөө, дунд хэсэгт нь нэр дэвшигчдийн намтар түүх, боловсрол, төгсгөлд нь өрсөлдөгчийнхөө эрт, эдүгээд хийж байсан алдааг ашиглах гэсэн гурван үе шаттайгаар сурталчилгаа явуулсаар иржээ. Ерөнхийдөө тэртээ хорин жилийн өмнө монголчууд бид ардчилсан парламенттай болсноос хойш нэг иймэрхүү маягаар л сонгуульдаж, сурталдаж, сонгогчдын тархийг угаасаар өнөөтэй золгосон байна.
Тэгэхээр яагаад ийм зүйл гарах болов, албан тушаалын төлөө “үхэлдэн, тэмцэлдэх” нь хэнд ашигтай юм бэ гэсэн асуулт хариу нэхнэ. УИХ-д олонхи болсон нам эвсэл төрийн жолоог атган, түмэн олны амьжиргааг дээшлүүлж, хөгжил тийш чиглүүлж, нуруундаа үүрч явах ёстой. Ядаж үүрээд бус юм гэхэд чирээд явах үүрэгтэй.  Гэхдээ энэ нь өмнөх он жилүүдэд огт хэрэгжиж байсангүй. Ядуурал нэмэгдэж, албан тушаал авлигын хэрэг ихэсч байлаа. Иргэд үнийн шуурга, инфляцад нам цохиулж, юун амьжиргаа нь дээшлэх, улам дордож байсан гэхэд нэг их хилсдэхгүй биз.
Хамгийн наад зах нь мах, шатахууны үнэ ямар болсноос үүнийг харж болно. Улаанбаатар хөгжиж байгаа л даа. Өндөр байшин сүндэрлэж, барууны соёл давамгайлж, сүүлийн үеийн дэлхийн жишигт нийцсэн техник, технологи ашигласаар байна. Гэвч ёстой яст мэлхийн хурдаар яваа. Аргагүй шүү дээ. Төр жолоодож байсан нам нь халаагаа өгөхдөө улсын сан хөмрөгийн авдрыг хоосолж, өр зээлтэй үлдээсэн. Ирээдүйгээсээ ч зээлчихсэн байгаа. Нэг иймэрхүү маягаар сонгуулиас сонгуулийн хооронд Монгол Улс хөгжиж байна.
Харин эрх мэдлийн төлөө тэмцэгчид буюу нэр дэвшигчид сайхан зүйл амладаг ч тэр нь санал хураалтын маргаашнаас салхинд хийсч алга болдог. Хэрхэн уран цэцнээр донгодож байснаа мартан, зөөлөн суудал, тухлаг өрөөндөө налайн сууна. Ёстой албан тасалгааныхаа цонхоор хаа нэг харахдаа “амьдрал сайхан байна” хэмээн дуу алддаг биз. 90-ээд оны эхэн үед нэг иймэрхүү үгтэй дууг хүн аялж байсан. Зөвхөн албан тушаалтай, үзэгний үзүүр, тамга хоёроор бүхнийг шийддэг дарга нарт л тийнхүү харагддаг болов уу. Тиймээс эрх мэдэлд шунан тэмүүлж, сонгууль хэмээх кампанит ажлын үеэр дайтах.
Өнөөдрийг хүртэл өмнөх сонгуулийн дуулиан тасраагүй, элэг бүтэн парламенттай болоогүй байхад дараагийн буюу орон нутгийн сонгуультай учран золгочихлоо. Өвөрхангай, Увс аймгийн тойрогт үүссэн маргааныг эцэслэн шийдээгүй яваа. Үүний араас шүүх, АТГ руу зүглэх түшээд ч эхнээсээ тодорсоор байна. Ер нь, ямар нэгэн маргаан, булхай луйваргүй, шударгаар өрсөлдөж болдоггүй юм бэ. Энэ бүхэн зайлшгүй байх ёстой зүйл хэрэг үү. Энэ асуултын хариуг хаа нэгтэйгээс бус зөвхөн улс төрийн хүчнүүдээс хаймаар. Тэд л үүнд хариу өгч, гарцыг нь нээх ёстой.
Аль ч сонгуулийн үед гарч байсан маргааныг эцэслэхээр хууль баталсан ч өнөөдөр амжилт олсонгүй. Бас л хууль зөрчигсөд, гомдогсод гарсаар. Лхагва гарагт болох санал хураалтын дараа ч ийм зүйл мэдээж гарна. Гэхдээ их үү, бага уу гэсэн таамаг л уралдах болж. Өнөөдөр санал хураах автомат машин буруу ажиллалаа. Саналын хуудсыг дутуу тоолсон тухай шүүмжлэл гарч байна. Мөн шинэ иргэний үнэмлэхээ аваагүй, аль нэг намын гишүүн, дэмжигч болохоор олгохгүй байна гэсэн ч гомдол гарах болов. Энэ бүхнээс харахад, сонгуулийн дараа багагүй маргаан үүсэх нь дамжиггүй гэдэг ойлгомжтой байна. Шударга өрсөлдөх талаар уриалаад ч, залхааж цээрлүүлнэ хэмээн айлгаад ч, хууль журам баталсан ч, булхай луйвар арилахгүй бололтой. Ер нь, сонгуулийн үед шударга өрсөлдөөн, хууль зөрчихгүй байна гэсэн ойлголт огт үгүй. Тиймээс цаашид шударга өрсөлдөөн, гэрэл гэгээтэй сайхан амьдралыг зөвхөн зүүдэлж, мөрөөдөж л болох ажээ.

Э.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Сонгуулийн сурталчилгааны хугацаа урт байсан бол зүгээр ч юм уу хүн амьтанд мөнгө төгрөг тараагаад л. Бүтээн байгуулалт хийгээд л. Хэвлэлийн хуудас заахгүй бол дээр нь хэвлэлийн компаниуд ашиг олно доо. Ер нь урт удаан хугацаагаар өрсөлдөх нь иргэдэд ашигтай юм шигээ.
Хамгийн их уншсан