Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтлэг гаргадаг алдаа

•    Ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.
•    Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.
•    ий үсгийг ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийг, багшийн, айргийг, харь-харийн, анги-ангийн гэх мэт.
•    Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, гоёыг, биеийг гэх мэт.
•    Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, онгоц, торни гэх мэт.
•    Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, хурга, гоожих, хорго, агуу, даргын, агаар гэх мэт.
•    Үгэнд дагавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.Үүнд:
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.
2. И-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт. Гажилт:
1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.
3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн гэх мэт.
•    Нэг үгэнд хэд хэдэн дагавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.
•    Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.
•    М, н, г, л, б, в, р энэ долоон гийгүүлэгч үсэг үгэнд орохдоо өмнөө буюу хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Үүнийг эгшигт гийгүүлэгч гэнэ. Жишээлбэл: газар, тохом, цацрал, модон, хөдөлмөр, гарав, үзэл, тасархай гэх мэт. Үүнийг цээжлэхдээ “Монгол баавар” гэнэ.
Гажилт:

1. Хэлний угийн н-ийн дараа заахын тийн ялгалын г нөхцөл эгшиггүй бичигдэж болно. Жишээлбэл: байшинг, дүнг, Галсанг, хөвөнг гэх мэт.
•    Д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.
Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт.
Гажилт:
Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.
•    Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.
Гажилт:
Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.
•    1. Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдэх г үсгийг хоолойн г гэнэ. Хоолойн г-ийн ард а, о, у, ы дөрвөн эгшгийн нэгийг бичнэ. Жишээлбэл: арга, аргын, бага, ботго, гудамж гэх мэт.
2. Хэлний угаар хэлэгдэх г үсгийг хэлний г гэнэ. Хэлний г ардаа эгшиггүй буюу а, о, у, ы дөрвөөс өөр эгшигтэй байна. Жишээлбэл: аймаг, нутаг, хөрөнгө, цэнгэл, цэцэг, гүйцэтгэх гэх мэт.
Хэлний г үсгийн ард дагавар залгахад а, о, у эгшиг орох боловч хэлний г хэвээр байна. Жишээлбэл: хамаг-хамгаас, тоорцог-тоорцгоор, туг-тугууд, аймаг-аймгархуу, омог-омгорхуу гэх мэт.
•    1. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрч хэлэгдэх н авиаг хэлний үзүүрийн н гэнэ. Хэлний үзүүрийн н хойноо эгшиг буюу ь-тэй байна. Жишээлбэл: чанар, үнэг, чоно, явна, нум, нөмөр, оньс, тань гэх мэт.
2. Хэлний үзүүр хатуу тагнайд хүрэхгүй хэлэгдэх н үсгийг хэлний угийн н гэнэ. Хэлний угийн н ардаа эгшиггүй байна. Жишээлбэл: ганган, онгоц, сан, байшин, Лувсан, Сүрэн гэх мэт.
Зарим үгийн эсийн хэлний үзүүрийн н авиа халх аялгуунд хэлний угийн н болж хэлэгддэг бөгөөд залгавар залгахад хэлний үзүүрийн н болох нь тодорхой болно. Жишээлбэл: мэргэн-мэргэнээр, он-оны, үнэн-үнэний гэх мэт.
•    Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл: Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
•    Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн –на, -нэ, -но, -нө нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, урс-на-урсана, орш-но-оршино гэх мэт.
Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.
•    Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнө и-ээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.
•    Хэлний үзүүрийн н буюу хоолойн г-ийн өмнө хэлний үзүүрийн н буюу хоолойн г тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл: унана, дагана, унага, шанага, багана гэх мэт.
•    1. Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг а, о, у, и орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.
2. Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч в, г, л, м, н, р орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.
3. Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн –х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.
4. Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.
•    1. Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг я, ё орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.
2. Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, амьтан, хальсан гэх мэт.
3. Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.
•    1. Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, угтъя
гэх мэт.
2. Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.
Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг ъ, ь бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан