Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨНӨӨДӨР ДӨРВӨН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮҮ

Намрын чуулган УИХ-ын тухай хуулийн дагуу аравдугаар сарын 1-ний өдөр эхэлж, дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд хуралдах учиртай. Харин орон нутгийн сонгуультай холбогдуулан энэ сарын 9-нд түр завсарлахаар болсон. Намрын ээлжит чуулган хоёр хоногийн өмнөөс үргэлжлэн хуралдаж, гишүүд ажилдаа орлоо. Хэдийгээр энэ мягмар гарагт гишүүдийн ирц тааруухан байж, хэд хэдэн Байнгын хорооны хуралдаан хойшилсон ч өнөөдрөөс жигдрэх байх гэж үзэж байна. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлынхаа дарааллыг ийнхүү гаргажээ. Өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг танилцуулна. Энэ нь МАН-аас жагсаалтаар орж ирэх Д.Сарангэрэл, МАХН-ын жагсаалтаар орж ирэх Ц.Оюунбаатар, АН-аас Өвөрхангай аймагт сонгогдсон Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх тухай танилцуулах бололтой.
Харин үүний дараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэ­чилсэн найруулгыг хэлэлцэх юм байна. Мягмар гарагт болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцүүлсэн. Төсөл санаачлагч нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг юм. Тэсэрч дэлбэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрлийг нэг газар нь олгодог ч хяналт тавих үүрэг өөр байгууллагад байдаг учир хариуцлага тооцох эзэнгүй байгааг гишүүд хөндсөн байна. Шинэчилсэн найруулгын тө­сөлд тусгаснаар тусгай зөв­шөөрлийг мэргэжлийн зөв­лөл олгож, хяналтыг давхар хариуцах гэнэ. Мэргэжлийн зөвлөлийг Уул уурхайн яам толгойлж, цагдаа, тагнуулын байгууллага, мэргэжлийн хя­налт, олон нийтийн байгуул­лагын төлөөллийг багтаахаар оруулжээ. Гадаадын байгуул­лагын оролцоог энэ салбарт хумиж, маш хариуцлагатай хандаж, төслийг сайтар хэлэлцэх ёстой гэж гишүүд үзэж, АБГББХ-ны гишүүд хэ­лэл­цэхийг дэмжсэн юм. Тэгэ­хээр өнөөдрийн чуулганы хурал­даанд уг асуудлыг ярил­цаад цаашид УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх нь.
Мөн чуулганы хуралдаанаар УИХ-ын ги­шүүн Ц.Даваасүрэнгийн санаа­чилсан Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэл­цэх эсэхийг шийдэх юм байна.
Харин Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловс­рол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус тус хуралдах хуваарьтай. ЭЗБХ үдээс хойш хуралдаж, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, НББСШУБХ мөн Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр товложээ.

Т.Цэлмэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан