Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаар тогтнолоо хуульчлан баталгаажуулсан өдөр

Өнөөдөр улсыг тунхагласан баярын өдөр. 1924 оны энэ өдөр  Улсын анхдугаар хурлаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан юм. Үндсэн хууль боловсруулах комиссын боловсруулсан төслийг Улсын Анхдугаар Их хуралд оролцсон Халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Үндсэн хуультай болох гэсэн оролдлогууд

Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Үндсэн хуультай болох оролдлого хийж эхэлсэн байдаг. Анхны үндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий. Хожим нь 1923 онд түүнийг цаазалсан тогтоолд “Үндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг. Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шүүх яамны сайд Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Үндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны үндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг.
Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдүгээр сарын 23-нд дахиад Үндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ. Энэ хуулийг боловсруулахдаа Зөвлөлийн засагт орос улсын Үндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч Зөвлөлтийн Үндсэн хууль зургаан бүлэгтэй байхад манай Үндсэн хууль мөн л зургаан бүлэгтэй, тэгэхдээ бүлгүүдийн нэр нь хүртэл яг ижил байдаг.
Гэхдээ л харийн дайсныг эх нутгаасаа хөөн зайлуулж, туурга тусгаар улсаа байгуулснаа хуульчлан баталж, дэлхий дахинаа заран тунхагласан нь Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол байлаа.

Бүгд найрамдах улсаа тунхагласан нь

Нэгдүгээр бүлгийнхээ нэгдүгээр зүйлд “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан Анхдугаар Үндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дүгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ний өдрийн үдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав” гэсэн нь бий.
Хэдийгээр 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялаад байсан ч манай хувьсгалд туслалцаа үзүүлсэн зөвлөлт орос манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Дотоодын үймээн самуундаа идэгдээд байсан Хятад улс бүр зөвшөөрөхгүй байлаа. Улсын анхдугаар их хурал хуралдахын өмнөхөн 1924 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, Дундад иргэн улс гэрээ байгуулж “ЗСБНХОУ нь гадаад монголыг Дундад иргэн улсын салшгүй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, хятадын сувернитетийг хүндэтгэн үзэх болно” гэсэн заалт оруулж байсан юм. Энэ гэрээг тэр үеийн зөвлөлтийн гадаад хэргийн сайдын нэрээр Караханы гэрээ гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.  Ийм нөхцөлд Үндсэн хуульт Бүгд Найрамдах улсаа тунхаглан Монгол улс туурга тусгаар оршин тогтнож байгааг зарлан тунхагласан нь түүхэн ач холбогдолтой явдал болсон юм.

Төрийн байгуулал ба хоёр шатны парламент

Анхдугаар Үндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дүрэм” дэрэг баримт бичгээр төрийн байгууллаа зохицуулж ирсэн ч ингэж хуульчилсан нь цоо шинэ зүйл байсан юм.  Анхдугаар Үндсэн хуулийн “Улсын дээд эрхийг барих газрын тухай” гэсэн хоёрдугаар бүлэгт УИХ-ын тухай, Улсын Бага хурлын тухай, Улсын Бага хурлын тэргүүлэгчдйин тухай, Засгийн газрын тухай” хэмээн зааж өгснөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг анх удаа хуульчилсан байдаг. Тухайлбал Улсын Бага хурлын тухай гэсэн хэсгийн 25 дугаар зүйлд “Улсын Бага Хурал нь шийтгэсэн хэрэг ба явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаавал зохино” гэсэн бол 27 дугаар зүйлд :  Засгийн Газар бол тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд гишүүд нь ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн ба эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчид, бүх цэргийн жанжин улсын хянан байцаагч, дотоод гадаад цэрэг, санхүү, аж үйлдвэр, шүүх, ардыг гэгээрүүлэх яамны сайдууд болно” хэмээн Засгийн газрын бүтцийг зааж өгсөн байх жишээтэй.
Монгол Улс хэдийгээр Богд хаант засгийн үед улсын дээд ба доод хурал гэсэн хоёр шатны парламентын хэлбэртэй байсан ч Анхдугаар Үндсэн хуулиар хоёр шатны парламентыг хуулиар баталгаажуулж, эрх мэдлийг нь ялгавартайгаар зааж өгсөн нь манай улсын хууль тогтоох байгууллагын түүхнээ нэгэн содон хуудас болж үлдсэн юм.

Анхдугаар Үндсэн хууль ба хүний эрх

Өдгөө 88 дахь жилтэйгээ золгож байгаа Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол нь Хүний эрх эрх чөлөөг анх удаа хуульчилж, эрхийг хангаж өгсөн явдал. Энэ хуулийн “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэсэн нэгдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлд “Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” гэсэн бол 6, 7, 8, 9, 10 дугаар зүйлүүдэд шашин шүтэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх, хуралдах, баяр ёслол үйлдэх, эвлэл хоршоо байгуулах, үнэ төлбөргүй суралцах зэргийг тунхаглажээ. Долдугаар зүйлд гэхэд л “Элдэв хэргийн жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бүрэн гүйцэтгүүлбэл зохино” гэж заасан нь өнөөгийн ардчилсан зарчмын том илэрхийлэл байжээ.
Гэсэн ч анхдугаар үндсэн хуулиар хүний  эрхийг зөрчсөн зарим заалтууд орсныг дурдах ёстой.
Хуулийн  дөрөвдүгээр бүлгийн 35 дугаар зүйлд  “Сонгох, сонгогдох эрхийн тухай” заахдаа “Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас  хүрэгсэд нь /нэг/ өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид /хоёр/ ардын хувьсгалт цэрэг болно” гэсэн атлаа энэ бүлгийн 35 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д “Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны бас мөнгө хүүлэгчид, урьдын ван гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар”-ыг “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба  төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс” хэмээн заасан байдаг.
Чухамдаа энэ нь Зөвлөлт орос болон коминтернийн нөлөөгөөр оруулсан байж болох ч энэ үзэл даамжирсаар 1920-иод он, улмаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үндэс болсон юм.
Үүнээс үүдээд анхдугаар Үндсэн хуулийг хүний эрх эрх чөлөөг тунхагласан гэж үзэх үү үгүй юу хэмээн түүхчид, ялангуяа хүний эрхийн хуульчид янз янзаар үздэг.
Ер нь, ийнхүү Үндсэн хуулиараа тухайн үед дэлхий дээр ганцаараа оршин тогтнож байсан Зөвлөлт Оросын жишгээр хүн ардаа хөрөнгө чинээ, язгуур угсаа, гарлаар нь ялгаварлан үзэж “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ” гэсэн нь манай улсад 70 жил үргэлжилсэн коммунист их туршилтын эхлэл болсон гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаар социализм коммунизм байгуулж байх үед “Монгол улсад хууль хэрэгждэггүй” гэдгийг бас харуулсан гэж болно. Өмнө өгүүлсэнчлэн “Элдэв хэргийн жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бүрэн гүйцэтгүүлбэл зохино” гээсн атлаа сонин хэвлэл гаргах, шүүмжлэх эрхээ эдэлсэн олон хүнийг МАХН, өнөгийн МАН  хэлмэгдүүлж байсан жишээг бид нийтээрээ мэдэх билээ.
Юутай ч харийн гүрнүүдийн хараат байдлаас гараад хэдхэн жил болж байсан, дэлхий дахинаа ихээхэн хоцрогдож, тун удахгүй мөхөж устана гэгдэж байсан  Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгээр, Улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, Төрийн эрх мэдлийн хуваарилалт, Сонгуулийн тогтолцоо, Шүүхийн хараат бус байдал , Үндсэн хуулийн хяналт зэргийг бүгдийг нь биш ч гэсэн тодорхой хэмжээгээр хуульчилсан нь Улсын анхдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийн гол ололт байсан юм.
Энэ Үндсэн хууль 1940, 1960 оны Үндсэн хуулиар агуулга нь улам баяжсаар 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдах хөрс суурь нь болсон гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан